Цөмийн физикч болох мөрөөдлөө найруулагчаар сольсон ЭМЭГТЭЙ

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Цөмийн физикч болох мөрөөдлөө найруулагчаар сольсон ЭМЭГТЭЙ

Цөмийн физикч болох мөрөөдлөө найруулагчаар сольсон ЭМЭГТЭЙ

Цөмийн физикч болох хүсэл мөрөөдөлтэй бяцхан охины мөрөөдөл биелэв. Гэхдээ тэс өөр мөрөөдөл нь. Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч бүсгүйн кино албан ёсоор сонгогдлоо. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол “Баавгай болохсон” уран сайхны кино. Найруулагч нь Пүрэвдашийн Золжаргал юм. Түүнийг Зорро гэдгээр нь хүмүүс илүү таних биз. Багаасаа кино шимтэн үзэх дуртай байсан тэрбээр өөрийгөө өнөөдрийн амжилтад хүрнэ гэдгээ төсөөлж байсныг ч үгүйсгэхгүй.

Нэг л мэдэхэд физикийн улсын олимпиадаас алтан медаль авах мөрөөдөл нь урлагийн хүн болох мөрөөдлөөр солигдсон байна. Тэрбээр “Шинэ Монгол” сургуультай хамтран ажилладаг Япон улсын Обириний их сургуульд кино найруулагч мэргэжлээр суралцах 100 мянган ам.долларын тэтгэлэгт тэнцэж, арлын орныг зорьсон байдаг.

Богино үс, нүдний шил түүний имиж. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, шавилхан биетэй энэ бүсгүйн уйгагүй хөдөлмөрийг дэлхий үнэлж байна.

Найруулагч бүсгүй өнгөрсөн хугацаанд дэлхий үнэлэх бүтээл хийхийн тулд томоохон кино фестивалиудаар “аялж” эхэлсэн. Түүний аяллын богц ч дүүрэн байв. “Баавгай болохсон” уран сайхны кино нь түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст мастерс супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан. Мөн “Торино кино лаб”, Азийн кино академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн кино маркет 2019, Локарно олон улсын наадмын нээлттэй хаалга хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцсон байдаг.

Түүнд “Баавгай болохсон” кино зохиолыг бичих санаа 2016 онд төржээ.

Найруулагч бүсгүй энэ тухайгаа хэвлэлд ярихдаа “Гэр хорооллынхон санаатайгаар агаар бохирдуулж, хүүхдүүд хордуулж байгаа мэт хандлага гарч, янз бүрийн пост, сэтгэгдлүүд хүмүүс бичиж эхэлсэн. Хүн ээж болохоороо нийгмийн асуудалд илүү мэдрэг болдог юм билээ. Хүмүүс дулааны шугамыг гэр хороолол руу татъя, тавдугаар цахилгаан станц барья гэж жагсдаггүй мөртлөө “Утааг устгая” гэж жагсаж байсан нь намайг бухимдуулсан. Манайхан хэлбэр дүрс, шинж тэмдэгтэй л тэмцдэг.

Асуудлын уг үндэстэй нь тэмцдэггүй ард түмэн. Хэн ч хүмүүсийг хордуулахын тулд гал түлэхгүй шүү дээ. Гэр хорооллоос гарч байгаа утаа зарим хүмүүсийн бодож байгаа шиг хорон ажиллагаа биш гэдгийг харуулахын тулд кино хийхээр болсон.

Би утааны жагсаалын үеэр гурван өдөр суугаад л кино зохиолоо биччихсэн. “Баавгай болохсон” киноны эхний зохиол тэгж л бүтсэн юм” гэжээ.

Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн Зорро “Үл заяагдагсад” (2017), “Нүцгэн гэрэл” (2020), “Шат” (2020), “Шар Автобус” (2021), “Баавгай болохсон” (2022) богино кинонуудаараа "Локарно", "Тампере", "Синэкүэст" гэх мэт олон улсын кино наадмуудад шалгарч, үзэгчдийн хүртээл болж байсан. Өнгөрсөн 2020 онд тэрбээр “Шат” богино киногоороо Чикаго олон улсын хүүхдийн кино наадамд түрүүлж, 94 дахь удаагийн Оскарын наадмын анхан шатны шалгаруулалтад өрсөлдөх эрхээ авч байсан чадварлаг залуу уран бүтээлч.

Одоо тэрбээр тавдугаар сарын дундуур болох Каннын кино наадамд жүжигчин хүүхдүүдтэйгээ алхахаар бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа. Дэлхийн данстай наадмын тайзнаа эх орныхоо нэрийг гаргах уран бүтээлчдээ дэмжин туслахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж