"PC"-нд эхэлсэн, 8 жил үргэлжилсэн аялал Парист хүрсэн нь

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

"PC"-нд эхэлсэн, 8 жил үргэлжилсэн аялал Парист хүрсэн нь

"PC"-нд эхэлсэн, 8 жил үргэлжилсэн аялал Парист хүрсэн нь

Монголын цахим спортын түүхэнд “The Mongolz” гэх баг томоохон байр суурь эзэлнэ. 2013 онд анх “The Mongolz”-ийн “dota2”-ийн баг байгуулагдаж байсан бол 2015 онд “CS:GO”-ийн баг нь бүрдэж, мөс хагалсан олон гайхалтай үйл явдлын эзэд болсон билээ. Цахим спортоор амьдарч, мөнгө олж болно гэдгийг харуулж, олон том тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй хүч үзэж, Монголын “CS:GO”-ийг газрын зураг дээр гаргаж ирсэн түүхтэй.

Харин ганц дутуу зүйл байсан нь Мэйжорын эрх, өөрсдийн гэсэн стикер л байв. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болсон Парисын Мэйжорын эрх олгох тэмцээнд бидний мэдэхээр “IHC Esports” багийнхан нэрээ сольж, “The Mongolz” гэх нэрэн дор оролцож, Мэйжорын эрхээ авсан. Бүхэл бүтэн найман жил хүлээсэн хүлээлт эцэс болж, “The Mongolz”-ийн монгол баатар, ид хав, эр зоригийг бэлгэдсэн хар сүлдтэй стикер гарахаар боллоо.

Өнөө цагийн Монголын бүхий л шилдэг “CS:GO”-ийн тамирчид “The Mongolz”-оор дамжсан гэхэд хилсдэхгүй. “Machinegun”-аас эхлээд “Senzu” хүртэл олон тамирчид орж, гарсан. “Liquidpedia” дээрх мэдээллээс харахад “The Mongolz”-ийн хамгийн анхны тэмцээн 2015 оны долдугаар сарын 18-ны өдөр “ESL One: Cologne”-ийн Азийн сонгон шалгаруулах тэмцээн байжээ. Тус тэмцээнд оролцсон “The Mongolz”-ийн бүрэлдэхүүнд “zilkenberg”, “maaRaa”, “fRost”, “nuka”, “tsogoo” нар багтаж байв. Гавьтай ч амжилт үзүүлээгүй, туршлага болсон тэмцээн болсон харагдана.

Интернет, "ping"-ний асуудлаас болж "PC" хайж, тэвдэж явж байсан "The Mongolz" өдгөө Мэйжорт орох гэж байна.

Харин анхны олон улсын тэмцээний түрүү нь “SoStronk Challenger”-ийн урьдчилсан шат байв. “otgoo”, “ncl” нараар цус сэлбэсэн тэд эхний шатандаа тухайн үедээ дэлхийн шилдгүүдийн нэгт тооцогдож байсан Өмнөд Солонгосын алдарт “MVP PK”-ийн доод баг болох “MVP Project”-ийг дараа нь Сингапурын “ExsequoR”-ийг тус тус хожиж, финалд Вьетнамын “Hanoi Vortex”-ийг ялснаар нэг мянган ам.доллараар шагнуулж, дараагийн шатны эрхээ авч байжээ.

“The Mongolz”-ийн үзүүлсэн хамгийн анхны том амжилт нь 2016 онд Тайваньд “Intel Extreme Masters X” тэмцээнд тохиосон. Ази, далайн орнуудын шилдгүүд оролцсон тэмцээнд “The Mongolz” түрүүлж, 30 мянган ам.долларын эзэд болоод зогсохгүй “IEM Masters X”-ийн ДАШТ-д болон “MLG Columbus” урьдчилсан шатны эрхийг авч байлаа.

Харамсалтай нь, “The Mongolz” визний асуудлаас болж, “MGL Columbus”-д оролцож чадаагүй. Тэдний оронд Америк тивийн өөр нэгэн төлөөлөл болох “Splyce” оролцож байв.

2016 он бүхэлдээ “The Mongolz”-ийн тодорсон жил байсан. “Zilkenberg”, “Tsogoo”, “Machinegun”, “Otgoo”, “ncl” нарыг “maaRaa” дасгалжуулагч байлаа. Удалгүй “dobu”, “kabal” нар нэгдэж, “Machinegun” буюу Л.Энхтайван АНУ-ын “Splyce” баг руу явж, бас л онцгой үйл явдлын эзэн болсон. Удалгүй “kabal” Б.Бат-Энх, “dobu” Б.Ган-Эрдэнэ хоёр Хятадын “5Power Gaming”-тай гэрээ байгуулж, “Mongolian duo” гэж алдаршсан.

“The Mongolz”-ийн 2016 оноос эхэлсэн Ази тив дэх байлдан дагуулал 2017 оны эхээр саарч, 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хятадын “Storm Rider” гэх байгууллага тус багийг өөрсдийн эгнээндээ нэгтгэсэн. Шинэ харьяалал, нэртэй болсон тус нэг их амжилт үзүүлж чадсангүй 2019 онд эргэн “The Mongolz” нэртэй болсон юм.

Ингээд л нэг хэсэг унтарсан, унтаа байсан “The Mongolz”  эргэн ирж, Мэйжорын эрх авлаа.Сонирхуулахад, “Liquidedia”-ийн мэдээлснээр “The Mongolz” нийт 111,657 ам.долларыг тэмцээн уралдааны шагналаас хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж