"Уурхайчид"-ын ялагдалгүй цувралыг Металл зогсоож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

The League

"Уурхайчид"-ын ялагдалгүй цувралыг Металл зогсоож чадах уу?

"Уурхайчид"-ын ялагдалгүй цувралыг Металл зогсоож чадах уу?

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн аваргын цувралын хоёр дахь тоглолт өнгөрөгч Лхагва гаригт “UG” аренад боллоо.


ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ 74 – 82 ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД

Эхний тоглолтдоо хожигдсон Тэнүүн Өлзий Металл баг өчигдөр цувралыг тэнцүүлэхийн төлөө талбайд гарав. Тоглолтын эхнээсээ эрчтэй тоглолтыг үзүүлж, онооны давуу байдлыг авсан. О.Доржзовд, Кристофер Блэйк, Т.Ууганбаяр нарын шидэлт эхний үед магтмаар байлаа.

Харин хоёрдугаар үеэс Уурхайчидын хамгаалалт чамбайрч, бага багаар онооны зөрүүг арилгаж, улмаар өөрсдөө давуу байдалтай болсон. О.Энхбаатар болон Кендарриус Хэмилтоны будагтай талбайн тоглолтууд үүнд гол нөлөө үзүүлэв.

Хоёрдугаар хагаст Уурхайчидын хамгаалалт улам жигдэрч, Металл оноо авахад бүр төвөгтэй болж ирсэн. Энэ үед Блэйк багийнхаа оноог ахиулж, лидерийн үүргээ гүйцэтгэв. Дөрөвдүгээр үеийн эхлэлд Металлын хамгаалалт, довтолгоо илт сэргэсэн ч тоглолтыг төгсгөж чадсангүй. Н.Золжаргал, Т.Санчир, О.Энхбаатар, Пендарвис Уиллиамс гээд талбай дээр юу хийхээ дэндүү сайн мэдэх тоглогчид багтаа ялалт авчирлаа.

Уурхайчид эсрэг багийнхаа бөмбөг алдалтаас 30 оноо авсан бол Металл ердөө дөрвөн оноо авчээ. Өөрөөр хэлбэл, ашиглаж чадаагүй боломжоор нь шийтгэсэн аж.

Металлын сэлгээний тамирчид нийт 18 оноо авсан бөгөөд Б.Сүхбат тун хангалтгүй тоглолтыг үзүүллээ. Тэрбээр 24 минутыг талбайд өнгөрүүлэхдээ нэг ч довтолгоо амжилттай болгосонгүй, ердөө хоёрхон оноо авчээ. Мөн Т.Цогбадрах Металлд нэгдсэн нь алдаа байжээ гэж харагдах болов. Өнгөрсөн улирал Хүлэгүүдийг аварга авахад багагүй ажлыг нь нугалсан тэрбээр энэ улирал Металлын бүрэлдэхүүнд ер харагдсангүй.

Уурхайчид плей-оффд 10-0 гэсэн амжилттай явна.

Металл цувралын эхний хоёр тоглолтод ойрхон өрсөлдөөнийг үзүүллээ. Гурав дахь тоглолтод тэд алдаагаа засч чадах болов уу? Хэрэв цувралын харьцаа 0-3 болвол тэдэнд бараг л боломж үгүй. Тиймээс өнөөдрийн/2023.04.14/ тоглолт Металлын хувьд тун чухал байх нь гарцаагүй.

М ГАРЬД 73 – 70 УЛААНБААТАР АМАЗОНС

Эмэгтэйчүүдийн шигшээ цуврал 1-1 гэсэн харьцаатай тэнцлээ. Эхний тоглолтод хожигдсон Гарьд өчигдрийн тоглолтын эхнээс тэргүүллийг авч, дөрөвдүгээр үе хүртэл эрчээ алдаагүй. Харин дөрөвдүгээр эхлэлд Амазонсын алсын зайн шидэлтүүд ээлж дараалан байндаа тусч, онооны зөрүүг багасгаж, удалгүй өөрсдөө тэргүүллийг авсан. Гэхдээ л тэргүүллээ алдсан Гарьд хяналтаа алдсангүй. Эргэн илүү гарч, эцсийн мөчид Ө.Индра торгуулийн шидэлтээ алдалгүй гүйцэтгэснээр ялалт байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж