"ҮХНӨ-ийг хэлбэр талаас биш агуулга талаас харах ёстой"

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

"ҮХНӨ-ийг хэлбэр талаас биш агуулга талаас харах ёстой"

"ҮХНӨ-ийг хэлбэр талаас биш агуулга талаас харах ёстой"

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар ярилцлаа.


 -УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг ид хэлэлцэж байна. Та тус хуулийн үзэл баримтлал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг ар араас нь хэлэлцэх байх. Ер нь бид том зургаараа тогтолцоогоо өөрчлөх цаг нь болчихсон. Зарчмын хувьд сонгодог парламентын тогтолцоо руу шилжиж пропорциональ тогтолцоо руу шилжих нь зөв. Гэхдээ өнөөдөр аль тойрогт хэн, хэн жагсаалтаар орж, хэн тойргоор явах вэ гэдэгт ач холбогдол өгөхөөс илүү хамгийн түрүүнд хоёр зүйлийг шийдэх ёстой. Нэгдүгээрт, хэн УИХ-д нэр дэвшиж болох вэ. Өөрөөр хэлбэл, хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгох, сонгогдох, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй хэмээн заасан.

Гэтэл бодит байдал дээр сонгуулийн процесс өрнөхөд нөгөө л  хэдэн улстөрч дэвшдэг. Хэн сайн орилсон, сайхан ярьсан нь нэр дэвшдэг. Үүний үр дүнд улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж, төр нь төлөвшдөггүй, улс нь хөгждөггүй. Улстөрчид нь хэл үгээ олдоггүй. Гарч байгаа тогтоол шийдвэр, хууль журам нь тооцоо судалгаагүй, эдийн засгийн үр дагаврыг нь тооцдоггүй.

Өнөөдөр баталсан хуулиа маргааш нь үгүйсгэдэг, нөгөөдөр нь өөрчилдөг энэ байдлаар явсаар 30 гаруй жил өнгөрлөө. Үүний хор уршиг, учир шалтгаан нь юу байна гэхээр эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарынханыг хууль батлах процесстоо хангалттай хэмжээнд оролцуулдаггүйтэй холбоотой. Эмч, багш, доктор профессорууд, инженер техникийн ажилчид буюу мэргэжлийн хүмүүсээ оруулж ирж хууль батлах, төрийн бодлого, шийдвэрт оролцох боломж нөхцлийг төдийлөн сайн бүрдүүлээгүйтэй холбоотой. Тийм учраас сэтгэлийн хөөрлөөр, хэт их туйлширсан, улс төржилтийн уршигаар хөнгөн хуймгай хандаж, тухайн үедээ улс төрийн оноо авч л байвал болдог, эсвэл дөрвөн жилийн сонгуулийн циклээр асуудалд ханддаг явцуу жишиг тогтлоо.

-Хоёр том нам хоёулаа пропорциональ тогтолцоон дээр санал нэгдэж байх шиг байна. Харин тойрог томсгосон байх уу, эсвэл жижиг тойргоор явах уу гэдэг дээр гишүүд өөр өөр байр суурь илэрхийлж харагдана лээ. Таны хувьд ямар саналтай байна?

-Тойргийг томруулах ёстой. Манайх шиг хэт туйлширдаг, нутаг усаараа хуваагддаг, хэт их жалга довны асуудал ярьдаг, ахуйн чанартай асуудлуудад анхаарч ажиллах нь их байдаг ийм гажуудал ихтэй байгаа энэ үед тойргийг заавал томруулах шаардлагатай. Яагаад заавал С.Амарсайхан нэг дүүргээс байнга сонгогддог байх ёстой юм. Эсвэл хэн нэг нь  Монгол Улсын аль нэг хэсгийг өмчлөөд авчихсан мэт нэг тойрогтоо байнга нэр дэвших ёстой юм. Бид үнэхээр том зургаараа хөгжье, өөрчилье, ул суурьтай шийдвэр гаргадаг байя,  улс орныхоо тогтвортой байдлыг хангая гэвэл тойргоо томосгох ёстой. Тухайлбал, нийслэл нэг тойрог болох ёстой.

Хэрэв улс төрд оръё, УИХ-ын гишүүн болъё гэж байгаа бол нийслэлийн бүх иргэдийн саналыг авч байж сонгогдох ёстой.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн нийт иргэдийн саналыг авч байж сонгогддог 28 хүнтэй болох хэрэгтэй. Ингэвэл оролцоо ч хангагдана, төлөөллийн зарчим бүрдэж, сонгогдсон сонгосон хоёр ч асуудлыг өргөн цар хүрээтэй, хариуцлагатай хардаг болно. Аймгуудийг  говийн, зүүн, баруун, хангайн гэх мэтчилэн бүсчилээд нэг тойрог болгох хэрэгтэй. Ийм сонголт хийхгүй л бол УИХ-ын гишүүд сонгогдсон тойрог тойргийнхоо гэрэл чийдэн, зам талбай, барилга байгууламж, сургууль цэцэрлэгийн асуудлыг  хөнддөг аж ахуйн байдлаасаа салахгүй. Өнөөх стратегийн том бодлого, дотоод үйл ажиллагаагаа гадаад бодлоготойгоо уялдуулах, гадаад хүчин зүйлээ дотоод нөхцөлтэйгөө уялдуулах, эерэг болоод сул талаа тооцох, улс орны асуудлыг том агуулгаар нь олж хардаггүй. Өөрөөр хэлбэл, дараагийн удаа дахин сонгогдохын тулд л нэг тойрог, нэг дүүргийн ахуйн шинжтэй зүйлд хэт их анхаарсаар ирлээ. Тийм ч учраас том зургаараа Монгол Улсын хөгжил дэвшил шинэ шатанд гарч чадахгүй байна. Сүүлдээ хэн нь бодлого тодорхойлогч, хэн нь ултөрч, хэн нь ахуйн асуудлаа шийдэгч, хэн нь гүйцэтгэгч гэдэг нь ялгагдахаа больчихлоо. Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, аймаг, нийслэлийн төлөөлөгчид, УИХ-ын гишүүд гээд бүгд яг ижил юм ярьдаг. Сүүлдээ УИХ-ын гишүүд хог шороо, тог цахилгаан гэрэл чийдэн гэх мэт ахуйн асуудал ярьдаг, ахуйн асуудал ярих ёстой хотын төлөөлөгчид нь, хороо дүүргийнхэн нь улс төр ярьдаг боллоо. Байр байрандаа байж хийх, хийх ёстой ажилдаа эзний сэтгэлээр хандаж, хариуцдаг болмоор байна.  Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байхгүй бол иргэд ч учраа олохоо болилоо. Энэ мэтчилэн эмх замбараагүй, эрэмбэ дараагүй асуудлаас болоод сүүлдээ төр нь ямар ч үнэ цэнгүй боллоо.

"МАН ЖАГСААЛТАД ҮЛ БҮТЭХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ"

-Намын жагсаалтын ард хамгийн “но”-той хүмүүс нуугдаад ороод ирэх боломжтой гэж иргэд шүүмжилж байна. Намын жагсаалтын шалгуурыг анхнаас нь ил тод, шударга байлгах боломж байна уу?

-Намын жагсаалтаар үл бүтэх, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг оруулж ирэхгүй гэдэг зарчмыг МАН-ын удирдлагууд хатуу хэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд улс төрөөрөө тоглож ханалаа. Цаг хугацаа, хэм хэмжээ гэж байдаг бол жижиг эрх ашиг, өнөө маргаашийн сонгогдох эсэх асуудалд санаа зовж суух цаг одоо биш. Үүрдийн биш амьдралд бид өнөөдөр амьд байгаа ч маргааш нь үгүй болохыг хэн ч үгүйсгэхгүй. Харин төр мөнхөд оршин тогтноно. Тиймээс төрт ёс, түүнтэй уялдсан хууль эрх зүйн орчныг бий болгож, хүний хөгжлөө дэмждэг хүн төвтэй улс төрийн бодлого, төр засгийн бодлого шийдвэр гардаг байх ёстой. Энэ бүхнийг зөв хангахын тулд мэдлэгтэй, туршлагатай, салбар бүрийн төлөөллийг хангах боломжийг бүрдүүлэх ёстой.

Гэхдээ төрийн босго өндөр. Хэн дуртай нь орж ирээд самардаг, үймүүлдэг байж таарахгүй.

Бас чадварлаг нэг нь даваад ороод ирж чаддаггүй хана хэрэм мэт байж болохгүй. Тиймээс тэнцвэрийг хангах л ёстой.

-Тэгш эрх, тэгш боломжийн талаар ямар бодолтой байна вэ. Үнэндээ улс төрийн намууд болоод нэр дэвшигчид харилцан адилгүй гараанаас сонгуульд оролцох нь шударга ёсонд хэр нийцэх вэ?

– Тэгш эрх тэгш боломжийн талаар заавал авч үзэх хэрэгтэй. Тухайлбал,Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, дэд дарга нар эсвэл төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын ажилтан албан хаагчид сонгуульд нэр дэвшихээр бол заавал зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх хуулийн зохицуулалт одоо үйлчилж байгаа. Гэтэл улстөрчид болоод бусад хүмүүс ажлаа хийж яваад нэр дэвшчихдэг. Хуулийн дагуу зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэж өгсөн хүмүүс сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол гудамжинд “лааз” өшиглөхөөс өөр сонголтгүй болдог.  Энд тэгш эрх, тэгш оролцооны асуудал хаана байна вэ. Бидний яриад байдаг шударга ёс, хүний эрх хаана байна. Эндээс асуудлыг эхлүүлэх хэрэгтэй.

– Парламентын засаглалтай болсноос хойш Ардчилсан нам, МАН гэсэн хоёр том намын дунд хэн нь төрийн жолоо атгах вэ гэсэн уралдаан явж ирсэн. Тэгвэл Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр жижиг намууд парламентад орж ирэх боломж хэр нээгдэх вэ. Эсвэл зүгээр л шилний цаанаас чихэр долоолгож байна уу?

-Монгол Улсад бүртгэлтэй 30 гаруй улс төрийн нам бий. Тиймээс бүх намын төлөөлөл парламентад орох, эсвэл орохгүй байхад ач холбогдол өгөхөөс илүүтэй улс орны бодлого тогтвортой, төр төлөвшсөн байх гэдэг талаас нь харах ёстой. Одоогоор 3, 5, 7 гэсэн тоо яригдаж байна. Гэхдээ хэт доогуур байгаад хэн дуртай нь нам байгуулдаг болох вий. Монгол Улсад улс төрийн нам, улстөржилт, туйлширлаас их  юм алга. Энэ хүнд цаг үед хоёр том гүрний дунд цөөхүүлээ оршиж байгаа учраас үзэл санаа, үнэт зүйл, үндэсний эв нэгдлээ бүрдүүлэх тийм л тогтолцоог эрж хайж байна. Энэ хүрээнд аваад үзвэл тоглоомны төдий босго байж болохгүй. Үнэхээр чадвартай, боломжтой нам эвсэл нэр дэвшигчдийг парламентад оруулахын тулд дааж давшгүй босго давдаг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд бидэнд гашуун туршлага, алдаа, оноо их байсан. Одоо ямартай ч зөв замруугаа явж байна гэж бодож байна.

Хамгийн гол нь амьдралд ойрхон хууль батлах ёстой.

-Шат шатны сонгуулийг мөнгөнөөс, эрх мэдэлтнүүдээс  хараат бус байлгах асуудлыг олон жил ярилаа. Энэ тал дээр хуулийн гарц гаргалгаа байна уу?

-Хамгийн гол нь улс төрийн намууд яаж ил тод, нээлттэй санхүүжилттэй болохоос л эхлэх хэрэгтэй. Улс төрийн намууд санхүүжилтээ хэрхэн яаж зарцуулсан талаарх хяналтын тогтолцоо нь тодорхой болох ёстой. Нэр дэвшигч хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулах, санхүүгийн эх үүсвэр нь хаанаас юм бэ гэдэг нь ил тод болох ёстой. Нэр дэвшигчийн зарцуулж байгаа санхүүгийн эх үүсвэр нь хууль бус юм уу, хулгай дээрмийнх юм уу, хээл хахуулийнх юм уу, хандив тусламжийнх юм уу гэдгийг хянах асуудлыг цогцоор нь уялдуулж байж сонгуулийн санхүүжилтийг тодорхой болгоно. Үүнийг шийдэж чадахгүй бол хэн илүү мөнгөтэй нь, хэн илүү олон хүн сонгуульдаа ажиллуулсан нь ялдаг мөнгөний системийг нурааж чадахгүй. Бүх зүйлийг ил тод, шилэн болгочих хэрэгтэй. Энэ бол хэн нэгнийг гарал үүсэл, хөрөнгө чинээ, үзэл бодол, хийж байгаа ажил, нас хүйсээр нь ялгах тухай асуудал биш. Хэн ч шат шатны сонгуульд нэр дэвших эрхтэй. Хамгийн гол нь ямар хэм хэмжээ, ёс суртахуунтай байх юм. Санхүүгийн эх үүсвэр хаанаас гэдгээ л тодорхой болго.

-“Хэлэхэд амар хийхэд хэцүү” гэдэг дээ. Судалгаанаас харахад УИХ-ын гишүүн болохын тулд нэр дэвшигчээс дунджаар тэрбум төгрөгийн зардал гардаг гэсэн тооцоо гарсан байсан. Бодит байдал дээр мөнгөгүй хэрнээ чадалтай, мэдлэгтэй хүн парламентад орж ирнэ гэдэг үлгэр болох юм биш үү?

-Улс төрийн намууд нь нэр дэшигчийнхээ санхүүжилтийг гаргаж болно шүү дээ. Хүн бүр мөнгөтэй байх албагүй. Мөнгөгүй хэрнээ сэтгэлтэй, чадвартай, боловсролтой, мэдлэгтэй хүмүүс байна. Тэднийг улс төрд ороход хоёр зүйл маш чухал. Нэг талаас санхүүжилтийг нам даадаг байх.  Хоёрдугаарт, нэр дэвших хүмүүсийг тодорхой болгож бүх хүнд тэгш эрх олгохын тулд ажлаа хийж байгаад сонгуульд өрсөлдөх боломжоор хангагдах ёстой. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчилэн ажлаа зургаан сарын өмнө хүлээлгэж өгөөд сонгуульд нэр дэвшдэг, сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол гудамжинд гарч лааз өшиглөдөг шударга бус тогтолцоо байж болохгүй. Энэ мэтчилэн яриад байвал олон асуудал бий. Цаашилбал том эрх ашигтай холбоотой Үндсэн хуулийн асуудал ч хөндөгдөнө.

"ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР БОЛ ТОГТВОРТОЙ БАЙХ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ НУХАЦТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ"

-Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болов уу. Тухайлбал, гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна шүү дээ?

-Сонгуулийн тухай хууль болоод Улс төрийн намын тухай хуультай уялдуулаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэхдээ Үндсэн хууль байнга өөрчилж, нэмэлт, өөрчлөлт оруулж байдаг журам биш. Тийм учраас нэгэнт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол удаан хугацаанд тогтвортой байх өөрчлөлтүүдийг нухацтай хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зүгээр нэг өнгөлөн далдлалт хэлбэртэй, гишүүдийн тооны асуудал төдий өөрчлөлт хийж болохгүй.

УИХ-ын гишүүдийн тоог нэмж болно. Гэхдээ хэлбэрийн хувьд үзэмж төдий байж болохгүй.

УИХ-ын гишүүдийн тооны ард парламентын дархлаа яригдах ёстой. Парламентын дархлаа гэдэг бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. УИХ-ын гишүүдийн тоо олон болсноор ямар нэгэн байдлаар гадаад, дотоод хүчин зүйлд автдаггүй, шийдвэр гаргахдаа асуудлыг өргөн хүрээгээр хардаг, нухацтай тооцдог, олон ургальч үзэл шингэдэг, хараа хяналт сайжирдаг учраас гишүүдийн тоо олон байх нь зөв. Үүнээс ч чухал асуудал бол Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиуд зөвхөн Монгол Улсын дотоод асуудал биш болчихлоо. Дэлхий нийтийн өмнө геополитикийн асуудал, энх тайван, аюулгүй байдлын асуудал чухлаар тавигдаж хараат бус байдал эгзэгтэй, эмзэг болж, том жижиг гүрнүүдийн даяаршил, дангааршилийн өрсөлдөөн сөргөлдөөн дунд Монгол Улс хэрхэн оршин тогтнох вэ.  Яаж төр нь төр шиг, түмэн олон нь амар тайван, хөгжил дэвшилтай амьдрах вэ гэдэг хүрээнд асуудал яригдаж байна. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлт бол засаг, төрийн дотоод үйл ажиллагаа төдийгүй гадаад бодлогын нэг чухал хэсэг болоод байна. Асуудлыг өргөн агуулгаар нь, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөний талаас харж, хандах ёстой.

-Гишүүдийн тоог нэмлээ гэж бодоход хэд байвал зохилтой вэ?

-Ямар нэгэн тоо дурьдахаас илүү тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх нь чухал. Анх Үндсэн хууль батлахдаа 76 гишүүн байхаар тооцоход Монгол Улс 2.2 сая хүн амтай байсан. Тэгвэл одоо гишүүний тоо 76 байгаа мөртлөө хүн амын тоо 3.460.000 болчихлоо. Тэгвэл хүн амын хэдэн хувийг хэдэн мандаттайгаар төлөөлөх юм бэ. Төлөөллийн зарчмаараа иргэдээ төлөөлж чадаж байна уу. Төлөөлж байгаа нөхдүүд нь ажлаа хийх тогтолцоо бүрдсэн эсэх талаас буюу хэлбэр биш агуулга талаас нь, мөн чанар, ач холбогдол талаас нь ярих хэрэгтэй.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр хаа хаанаа анхаарал хандуулж байна. МАН-аас өргөн барьсан Сонгуулийн хуулийн төсөлд 50:50 гэсэн санал оруулж ирсэн. Санал оруулах бодитоор дэмжих хоёрт асар их ялгаа байгаа байх?

-Эмэгтэйчүүд өнөөдөр нэргүй их ачаа үүрч яваа. Ар гэр, аав ээж,  хань ижил, үр хүүхдээ халамжлахын хажуугаар нийгмийн хөгжилд анхаарч ажил хөдөлмөр эрхлэх гээд  тэдний ачаалал багадаагүй. Тиймээс тэгш оролцоог хангах асуудал нээлттэй, шударга явах ёстой. Гэхдээ хэт их туйлширч болохгүй.

Тиймээс МАН-аас өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуульд тусгасан 50:50 гэдэг харьцаа хамгийн зөв шийдэл.

Гэхдээ эмэгтэйчүүдэд бодитойгоор оролцох боломжийг хангаж өгөх ёстой. Дахиад эмэгтэйчүүдийн дадлага туршлага, хаана юу хийж байсан нь тодорхой байх ёстой. Дээр нь хөрөнгө санхүүгийн асуудал нь тэдэнд гацаа, хаалт болдог байж болохгүй. Үнэхээр эмэгтэйчүүдээ дэмжихээр хуульд тусгасан бол  дэмжих л хэрэгтэй. Гэтэл хуульд дэмжих заалт оруулчихаад бодит байдал дэр тэднийг хойш дарсан, суулгасан байж болохгүй. Эмэгтэйчүүдэд том боломж гарч ирж байна. Ганцхан эмэгтэйчүүдэд боломж гарсан гэхээсээ илүүтэй нийгмийн бодлого, шийдвэрт томоохон өөрчлөлт орох, тогтолцооны өөрчлөлтийг жинхэнэ утгаар нь хийх, тэгш оролцоог хангах боломж бүрдэж байна. Учир нь дэлхий нийтийн жишгийг харахад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд тэгш оролцуулдаг улс орнууд хөгжил дэвшилд бодитой ахиц дэвшил гарч байна. Монгол Улсын хувьд хүн  амын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байна. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоог бодитойр хангаж, зөв төлөөлөл оруулж ирэх, дараа дараагийн үеүүдэд бэхжүүлж явах зайлшгүй шаардлага хүссэн ч эс хүссэн ч үүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж