Байр суурь: "BTS" ирэх нь үнэн бол аялал жуулчлалыг татна

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Байр суурь: "BTS" ирэх нь үнэн бол аялал жуулчлалыг татна

Байр суурь: "BTS" ирэх нь үнэн бол аялал жуулчлалыг татна

Welcome to Mongoliaхүрээнд "K-поп фестиваль"-ийг 2023 оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Энэ фестивальд Монгол Улсын рок, попын уран бүтээлчид оролцоно гэдгийг албаныхан хэлж буй. Энэ талаар уран бүтээлчдийн төлөөллийн байр суурийг сонслоо. 


 “Сүнс” хамтлагийн ахлагч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Монголын рок попын уран бүтээлчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзсан.Тэгээд БНСУ-ын талтай уулзаад монгол уран бүтээлчдээ фестивальд оролцуулахаар тохирсон байна лээ. Салбарын сайд Ч.Номин “Цаашдаа энэ фестивалиа тогтмолжуулж, Төв Ази дахь бүсийн аялал жуулчлалын төв цэг нь болох боломжтой “гэж ярьсан нь буруу. Эхлээд монгол хөгжим, соёлоо бүрэн ойлгож, сурах нь чухал. Орчин цагт монгол хэлээр бүрэн дуулдаг дуу байхгүй болох хэмжээнд очсон. Дуу хөгжмөөр дамжуулан монгол хэл, соёлыг олон түмэнд түгээдэг шүү дээ. Бараг 10 жилийн дараа монгол дуу гэж байхгүй болох нь ээ. Яг хаанахаар дуулаад байгаа нь мэдэгдэхгүй болчихлоо. Одоо л энэ асуудлыг төрийн бодлоор өөрчлөх цаг ирж, анхаарах хэрэгтэй байна. Ядаж “The Hu” хамтлаг шиг залуусын хамтлагийг Азийн түвшинд гаргаж, даган дуурайдаг болъё.

Тэр фестивальд нь үнэхээр дэлхийд алдартай “BTS” хамтлаг ирж байгаа бол аялал жуулчлалыг татна. Энэ хамтлагийг долдугаар сард авч ирнэ гэж дуулдсан.

Дууны урлагийн 400 гаруй уран бүтээлч нэгдэж, БОАЖ-ын сайдтай уулзаж, байр сууриа илэрхийлсэн. Урлагийн салбарынхан ямар ч цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, олны хэл амд өртөж ирсэн. Одоо бол асуудлаа ярьж, үгээ хэлдэг болъё гэдэг байр суурь дээр нэгдсэн. Тодруулбал, Нийтийн дууны холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Хип хопын холбоо нэгдсэн юм. Гадаадын жуулчдыг татахын ийм фестивалийг зохион байгуулах нь зөв. Гэхдээ зохион байгуулалт, гүйцэтгэлийн ажлыг төр бус салбарын мэргэжлийн уран бүтээлчдээр хийлгэх нь чухал. Уран бүтээлчдийн зүгээс гурван үеийн хамтлаг, дуучдынхаа төлөөллийг фестивальд оруулах саналтай байгаа.

“Нисванис” хамтлагийн ахлагч, дуучин Л.ЭНХ-АМГАЛАН:

-Хүүхэд залуусын сонсох дуртай Өмнөд Солонгосын уран бүтээлчдийг Монголдоо урьж байгаа нь сайн.  Бид нэг л дэлхийтэй. Дэлхийн бусад хүмүүстэй адилхан амьдаръя. Ямар дайн дажинтай Сири, Украин, Орос биш. Энх тайван, эрх чөлөөтэй нийгэмд бусадтай адил хөгжим сонсч, дэлхийн оддыг хармаар байна. Зөв биз дээ.

Миний хувьд шинэлэг юм бүхнийг дэмжинэ. Залуус орчин үеийн хөгжмөөр сонсоно. Энэ бол дэвшил. Хуучны үзлээр бүхнийг харлуулж, буруутгаж ярьдгаа болих хэрэгтэй. Хүн бүр сонголтоо хийх эрхтэй.

Гавьяат жүжигчин, дуучин Т.АРИУНАА:
-Монгол уран бүтээлчдэдээ хөлс мөнгө өгч чаддаггүй, төсөвгүй гэдэг төр засгийн бодлогыг хэрэгжүүлэгч яамдууд маань гадны харийн уран бүтээлчдийн тоглолтыг хийж өгнө гэнэ. Энэ цагт дэлхий даяар жижиг улс үндэстэн даяаршлаас хэрхэн ондоошиж өөрсдийн өв соёлоо авч үлдэх вэ. Монгол Улсын тусгаар тогтнол болох таван тусгаар тогтнолын гол тулах хүч тулгуур нь хэл, соёлын тусгаар тогтнол юм. Залуустаа хэрхэн өвлүүлэх вэ. Хэл соёлын тусгаар тогтнолоо хэрхэн яаж хамгаалж хадгалж, өвлүүлж, үлдээх вэ гэж хичээн зүтгэж яваа.
Монголын маань үе үеийн уран бүтээлчид бүтээлч үйлдвэрлэлийг, бор зүрхээрээ гоншигнолгүйгээр, гомдололгүйгээр, ачаагаа үүрч, үүргээ гүйцэтгэсээр ч талбарыг хөгжүүлсээр ч ирсэн. Бүтээлч үйлчлэлээ хийсээр хөдөлмөрлөсөөр л одоо ч ажилласаар л байна.
Солонгос хамтлаг авчирч, Солонгос К-поп наадам хийнэ, хамтлаг дуучдыг нь авчирч тоглуулна гэнэ. Олны танил дуучин өөрөө сурталчилж, яриад дэмжээд зогсож байх юм. Монгол урлаг, монгол залуусын зүрх сэтгэлд сийлэгдэж, хадгалж хамгаалагдан тэд түүчээлэн авч явах ёстой. Өөрсдийн урлаг соёлоо, энэ томоохон талбарын хөгжүүлэлд, яам нь нэг цонхоор ажилладаг үүд хаалга нээгдэх болтугай. Эхлээд өөрсдийн урлагаа өөд нь татацгаая. Монгол аялгуу, монгол цэвэр яруу тансаг хэл бидний хэдхэн уран бүтээлчдээр, сайхан дуу, аялгуу, бүтээл туурвил нь дуусах вий. Солонгос урлагт үндэсний хоол бидэнтэй бидэнгүй дэлхийг эзлээд байгаа. Бид ч соёлын колонид ороод удаж байна. Цэрэг дайнаас гадна соёлын эзлэн түрэмгийлэл гэж байдаг юм. Гадны, соёл, хэл, хэлбэр, дүрс, шинж, чанарт, дурлахаар өөрсдийн үнэт зүйл, үнэ цэнээ мэдэж, алсын хараагаа, ул суурьтай тэнцвэртэй бодлогыг хэрэгжүүлээсэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
15
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж