“Welcome to Mongolia” хүрээнд "K-поп фестиваль"-ийг 2023 оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Энэ фестивальд Монгол Улсын рок, попын уран бүтээлчид оролцоно гэдгийг албаныхан хэлж буй. Энэ талаар уран бүтээлчдийн төлөөллийн байр суурийг сонслоо.
“Сүнс” хамтлагийн ахлагч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Монголын рок попын уран бүтээлчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзсан.Тэгээд БНСУ-ын талтай уулзаад монгол уран бүтээлчдээ фестивальд оролцуулахаар тохирсон байна лээ. Салбарын сайд Ч.Номин “Цаашдаа энэ фестивалиа тогтмолжуулж, Төв Ази дахь бүсийн аялал жуулчлалын төв цэг нь болох боломжтой “гэж ярьсан нь буруу. Эхлээд монгол хөгжим, соёлоо бүрэн ойлгож, сурах нь чухал. Орчин цагт монгол хэлээр бүрэн дуулдаг дуу байхгүй болох хэмжээнд очсон. Дуу хөгжмөөр дамжуулан монгол хэл, соёлыг олон түмэнд түгээдэг шүү дээ. Бараг 10 жилийн дараа монгол дуу гэж байхгүй болох нь ээ. Яг хаанахаар дуулаад байгаа нь мэдэгдэхгүй болчихлоо. Одоо л энэ асуудлыг төрийн бодлоор өөрчлөх цаг ирж, анхаарах хэрэгтэй байна. Ядаж “The Hu” хамтлаг шиг залуусын хамтлагийг Азийн түвшинд гаргаж, даган дуурайдаг болъё.
Тэр фестивальд нь үнэхээр дэлхийд алдартай “BTS” хамтлаг ирж байгаа бол аялал жуулчлалыг татна. Энэ хамтлагийг долдугаар сард авч ирнэ гэж дуулдсан.
Дууны урлагийн 400 гаруй уран бүтээлч нэгдэж, БОАЖ-ын сайдтай уулзаж, байр сууриа илэрхийлсэн. Урлагийн салбарынхан ямар ч цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, олны хэл амд өртөж ирсэн. Одоо бол асуудлаа ярьж, үгээ хэлдэг болъё гэдэг байр суурь дээр нэгдсэн. Тодруулбал, Нийтийн дууны холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Хип хопын холбоо нэгдсэн юм. Гадаадын жуулчдыг татахын ийм фестивалийг зохион байгуулах нь зөв. Гэхдээ зохион байгуулалт, гүйцэтгэлийн ажлыг төр бус салбарын мэргэжлийн уран бүтээлчдээр хийлгэх нь чухал. Уран бүтээлчдийн зүгээс гурван үеийн хамтлаг, дуучдынхаа төлөөллийг фестивальд оруулах саналтай байгаа.
“Нисванис” хамтлагийн ахлагч, дуучин Л.ЭНХ-АМГАЛАН:
-Хүүхэд залуусын сонсох дуртай Өмнөд Солонгосын уран бүтээлчдийг Монголдоо урьж байгаа нь сайн. Бид нэг л дэлхийтэй. Дэлхийн бусад хүмүүстэй адилхан амьдаръя. Ямар дайн дажинтай Сири, Украин, Орос биш. Энх тайван, эрх чөлөөтэй нийгэмд бусадтай адил хөгжим сонсч, дэлхийн оддыг хармаар байна. Зөв биз дээ.
Миний хувьд шинэлэг юм бүхнийг дэмжинэ. Залуус орчин үеийн хөгжмөөр сонсоно. Энэ бол дэвшил. Хуучны үзлээр бүхнийг харлуулж, буруутгаж ярьдгаа болих хэрэгтэй. Хүн бүр сонголтоо хийх эрхтэй.
Монголын маань үе үеийн уран бүтээлчид бүтээлч үйлдвэрлэлийг, бор зүрхээрээ гоншигнолгүйгээр, гомдололгүйгээр, ачаагаа үүрч, үүргээ гүйцэтгэсээр ч талбарыг хөгжүүлсээр ч ирсэн. Бүтээлч үйлчлэлээ хийсээр хөдөлмөрлөсөөр л одоо ч ажилласаар л байна.
Холбоотой мэдээ