Цэцэгс ичээлгээгүй ч нэгэн цагт улаан хивс дээгүүр жаалж, намынхнаа нахилзуулан, бүх томилгоог шийдэж байсан гэх Жунай ирэв. Гэхдээ гартаа гавтай, нөхдөөрөө хүрээлүүлж бус хүчнийхэнд гулдчуулсаар буув.
Өөр цагт бол “Эх орон нь хүүгээ санажээ" гэх юм уу эсвэл "Элгийг нь дэвтээж ирлээ” гэж бөөлжим тайлбартайгаар фото шопдсон зургийг нь тавих байсан биз. Гэвч цаг цагаараа, цагаан захтнууд зангаараа байх биш.
Төлөв даруу, дөлгөөн, зангарагтай гэхчилэн амаа олохгүй магтдаг асан Ардын намынхан энэ удаад авлигын “уул уурхай” гэж чичлэх нь тэдэнд хүн, мөн чанар гэж ер байхгүйг илтгэнэ. Гэвч үхсэн буурны толгойноос амьд ат айж, айсан хүнд аргал хүртэл хөдөлж харагддаг хойно түүний хороор албан тушаалд суусан, суулгасан, уулзуулсан, түүнийг нь хүлээн зөвшөөрч шийдвэр гаргасан гээд бүгдээ хамсаатан болох атлаа ийн чичэлж буй нь, түүнийг авчирсан нь ханцуйнд тохирсон тохиролцоо болохоос шударга ёсны шүүлт, шувуу ажиллагааны мөн чанартаа ч биш. Шувуухайн “шулганаснаас” үзвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намнах ажиллагаа байжээ. Эрүүл ухаанаар аваад үзэхүйд Т.Бадамжунай мэдээж авлигачин. Шударга нийгэмд ийм адгийн амьтан байх ёсгүй. Харамсалтай нь манайх шударга бус нийгэмтэй улс. Үүнд Х.Баттулгын оруулсан хувь нэмэр их. Т.Бадамжунай ч дутахгүй. Т.Бадамжунайг Хүнс хөдөө аж ахуйн сайд байхад Х.Баттулгынхан тендерт ялаад орой нь авлигыг нь өгөхөөр найрлаж суугаа бичлэгээрээ дарамталж дараа дараагийн тендерээ авсан явдлыг улс төрийн хүрээнийхэн шивэр авир ярьдаг. Т.Бадамжунай ч өөрийн алдаагаа бүү давтаасай гэж дараагийн сайдад захьсан ч байдаг. Ганц энэ ч биш. Өшөө цаана нь шувуухайн жиргэсэнчлэн "бузар" олон бий бололтой.
Гэхдээ эрх баригчид биднийг загасны ой санамжтай гэж эндүүрч байх шиг. Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгчийг Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд байхад, УИХ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын гишүүн байхад Т.Бадамжунайтай хамт бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд хүргүүлсэн ч өнөөгийн нүүрсний хэрэгт холбогдсон гурваас хоёрыг нь түдгэлзүүлж, нэгийг нь хамгаалсан шигээ шийдвэрийг тухайн үеийн парламент гаргаагүй.
Тухайн үед “Хадгаламж” банкны хэрэгт холбогдуулан тэднийг шалгаж байсан бөгөөд УИХ шалтаг тоочоод хүсэлтийг буцаасныг бид мэднэ.
Тэдний бүрэн эрхийг яагаад түдгэлзүүлэх гэсэн бэ гэж үү? "Хадгаламж" банкны орлогч нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн 14,38 тэрбум төгрөгийг өөрийн болон бусдын компаниудын нэр дээр шилжүүлж хувьдаа завшиж, мөнгөөрөө казинодоход тухайн үеийн УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх хамт тоглосон талаарх баримтыг хавтаст хэрэгт авсан талаар мэдээлж л байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр АТГ-ын дарга Б.Дангаасүрэнг дуудан "авлигын хэргийг нам харгалзахгүй шалгах"-ыг үүрэгдэж байсан ч учир битүүлгээр гадаадад амиа алдаж, нүдийг нь ухсан шарил нь ирсэн. Гэхдээ У.Хүрэлсүхэд анхан шатны шүүхээс ял өгч байсан ч давж заалдах шатны шүүх дээр хэрэгсэхгүй болсон. Үүний өсийг авхуулах гэсэн мэт Н.Энхбаярыг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд намаа ялагдуулж үзээгүй С.Баяр, Т.Бадамжунай байсаар байтал У.Хүрэлсүхийг сонгуулийнх нь менежерээр тавьж нэр дэвшүүлэн зайлуулсан түүх МАН-ынх.
Энэ мэтээр олон олон зангилааны учир шалтгаан, МАН-ын сонгуулийн мөнгөнөөс эхлээд томилгоо, хувьчлал, тендер тохиролцоог хамгийн сайн мэдэх хүнийг авчирч байгаа нь хэн нэгнийг түүгээр дамжуулан намнах гэсэн жүжиг болохоос мангар мангар гэхэд МАН жоомоо устгах гээд гэрээ шатаах нь юу л бол…
Гэтэл “Уул усны үр сад” кинонд гардагчлан байгаль, ан амьтан, шувууны өндөг битгий хэл хүний үрийг ч өрөвддөггүй Монголд гай тарьсан Мангас Жунайнууд МАН-аар дүүрэн бий. Тэдэнд яаж хандаж байгаагаас харахад л авлигатай тэмцэх хүсэл сонирхол энэ намд бий эсэх нь эргэлзээтэй.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсан албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж л байсан. Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх зэрэг мэдээлэл гарч байсан.
2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлж байжээ. Ингэхдээ зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий. Ийм байдлаар их хэмжээний мөнгө идэж уусан гэгдэх хэрэгт холбогддог Г.Ганболд гэгчийг өнөөдөр Монголын Төмөр замын даргаар томилох тухай яриа чих дэлсэв.
САНУУЛГА ӨГСӨН САЛБАРАА ШАЛГАМААР…
Нүүрсний хэргийн дараагийн авлигын дэлбэрэлт УБТЗ болно гэдгийг Ерөнхий сайд мэдэгдэнгүүт л нэгэн баривчилгаа явсан нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баривчилсан. Тэдний гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан. Энэ салбарт ямар их авлига нүүрлэж, түүний төлөөсийг бид бүгд бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр төлсөөр буйн нотолгоо түүнээс хураасан мөнгө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хувийн хэвшлүүдтэйгээ түншилж, хилийн боомтуудаа нэмэгдүүлэх хэрэгтэй. “УБТЗ” ХНН-ийг бизнесийн зарчмаар хөгжүүлэх ёстой. Үгүй бол бид хэчнээн дотоод үйлдвэрлэлээ сайжруулсан ч эдийн засаг төдийлөн хөгжихгүй” гэдгийг анхааруулдаг ч өнөөдөр энэ асуудлаа цэгцэлсэнгүй.
Засгийн газраараа Замын-Үүдийн гацааг арилгахаар очсон ч гал унтраах ажил хийснээс бус асуудлыг бүрэн шийдээгүй. Тухайн үед гацааг гаргаж чадаагүй талаар нэгэн нөхөр тавлаж байсан нь Б.Цогтгэрэл. Замын-Үүдийн ачаа тээврийн үнэ өмнөхөөсөө дахин өссөн талаар наймаачид өнөөдөр ч гомдоллодог. Гэтэл Б.Цогтгэрэл сайдын асуудлаас буусныхаа дараа УБТЗ-д вагон шахсан хэрэгт холбогдсон ч өнөөг хүртэл жиргээд явж байна. Түүний нэгэн бизнес нь олон улсын транзит тээврийн компани байгуулсан явдал. Ачаагаа хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн цөхрөл дээр тоглож энэ компани ашиг хийдэг. УБТЗ ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Баяраа УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболдыг вагон зарагч гэж зарлаж хэвлэлийн хурал хийж байсан ч АТГ-аас шалгасан юм алга. Г.Ганболдыг УБТЗ-аас "шүүрдсэн" ч өнөөдөр МТЗ-ын даргад нэр нь яригдах болов. Гэтэл үүнтэй зэрэгцээд хэвлэлээр УБТЗ-д тээвэр хийх вагон хүрэлцээгүй болсон талаар мэдээлэл давхар цацагдах болов. Өөрөөр хэлбэл, дахиад вагон шахахдаа бэлдэж иргэдийн сэтгэл зүйг дасгаж байна гэсэн үг. Тээвэр хийх вагон дутагдалтай байгаа мэт боловч асуудал эргэлтийг удаашруулж, дундаас нь түрийвчээ түнтийлгэсэд олширсонд гол асуудал байгааг учир мэдэх хүмүүс хэлээд байгаа. Авлигын асуудлаа шийдэхгүй бол ачаа, тээврийн вагон нэмэгдээд ямар ч нэмэргүй. Тээврийн вагон гэдэг бидний өмд, гутлаа солихтой адилгүй. Өчнөөн хөрөнгө мөнгө орно. Түүнийг хэнээс гаргадаг билээ? Өмнө нь үеэ элээсэн, хүнээр бол өвгөрсөн вагон авсан дуулианы горыг бид одоо хэр нь амсаж л сууна. Өнөөдөр УБТЗ-д ачаа тээврийн гацааж ашиг олдог бүлэглэл байсаар байна. Гэтэл муу хэлээд байсан Л.Пүрэвбаатар ачаа эргэлтийг сайжруулахын тулд цалингийн торгууль тавьж байж санасандаа хүрсэн байдаг. Харин өнөөдөр ачаа, тээврийг гацааж ар өврийн хаалгаар авлигаа авч, ашиг олдог бизнес бий болчихлоо.
Н.Багабанди, Х.Бадамсүрэн нар шиг Монголын хамаг баялгийг захиран зарцуулах суудалд суун хөлждөгтэй нэгэн адил Г.Ганболд гэгч нөхрийг явуулдаггүй, гэм буруутайг нь тогтоодоггүй нь Говь-Алтайнх.
Тодруулбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хүн гэсэн үг. Тиймээс л дараагийн МТЗ-ын даргад яригдаад буй хэрэг. Харин тэдний хийсэн балгийг бид өдөр тутмын үнийн өсөлтөд нэрвэгдэж буй худалдан авалтаараа төлдөг. "Ирээдүйн Шагдар болохгүй гэсэн баталгаа даан ч алга" гэдэг шиг Бадамжунайнууд МАН-аар дүүрэн бий. Х.Баттулгыг Т.Бадамжунайгаар улайлгах гэж байгаа бол УБТЗ-ын үе үеийн худалдан авалт, МТЗ, тээвэрлэлтийг хариуцаж байсан удирдлагуудыг шалгах хэрэгтэй. МАН-ын зориг, зүрх, чадал тэнхээ хүрэх үү гэдэг л харин юу юм гэхээс. Намын жирийн гишүүд нь удирдлагуудаа ингэж л шахмаар байна. Дээр гарсан бүлэглэлүүдийн чинь тоглоомд танай нам муухай харагдаад байна.
Тиймээс идсэн, ууснаа нуу, далдал гэж байгаад шалгадаг эсвэл авлигчдынхаа агшааж буй мэтээр хоосон сүржигнэхээ л болиод бүгдийг нь шалгуулмаар байна. Асуудал хаана байна, тэнд авлига байна л гэсэн үг. "Мангас"-аар тодруулсан нь Т.Бадамжунай болохоос МАН-ын удирдлагууд, лидерүүд яг л юм схемээр өнөөг хүртэл явж ирсэн. Тиймээс мангастай тэмцэнэ гэвэл МАН-тай тэмцэх ёстой. Харин МАН-д атгаалжин мангас болсон намтайгаа тэмцдэг баатар байхгүй л болов. МАН өнөөдөр Жунайгаар дамжуулан санасандаа хүрч, амар сайханд жаргуулан баатрын дүрд л тоглож буй болохоос бодит байдал дээр амилсан "албингууд" билээ.
Холбоотой мэдээ