Тагнуулын мэдээлэл алдагдахад АНУ-ын эрх баригчид хаана байв?

Хуучирсан мэдээ: 2023.04.14-нд нийтлэгдсэн

Тагнуулын мэдээлэл алдагдахад АНУ-ын эрх баригчид хаана байв?

Тагнуулын мэдээлэл алдагдахад АНУ-ын эрх баригчид хаана байв?

АНУ-ын тагнуулын нууц мэдээлэл алдагдсан тухай сүүлийн өдрүүдэд шуугиж байна. Уг мэдээллийг энэ оны нэгдүгээр сард цахим сүлжээнд задруулсан гэх. Гэхдээ дөрөвдүгээр сарын эхээр хэвлэлд нийтлэгдсэнээр уг мэдээлэл олон улсын анхаарлын төвд орлоо. Хэдэн сарын турш цахим сүлжээнд бэлэн, ил байсан тус мэдээллийг АНУ-ын засгийн газар яагаад олж мэдээгүй вэ гэдэг асуудал энд үүснэ. 

“Ийм мэдээлэл цахим сүлжээнд ил байгааг АНУ-ын засгийн газрын албан тушаалтнуудаас хэн нь ч мэдээгүй. Яагаад ийм зүйл болсныг одоогоор хариулж мэдэхгүй байна. Бид яаж ийм зүйл болсныг олж мэдэхийг хүсч байна” гэж нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан хэлжээ. 

Үндэсний аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудад тагнуулын нууц мэдээлэл алдагдсаныг дөрөвдүгээр сарын 6-нд л мэджээ. “Холбооны засгийн газрын агентлагууд аюул заналхийлэл үйлдэхээр төлөвлөж буй цахим форумуудыг тийм ч идэвхтэй хянадаггүй” гэж Дотоодын аюулгүй байдлын яамны Тагнуул, дүн шинжилгээ хариуцсан орлогч даргын үүрэг гүйцэтгэгч асан Жон Коэн хэлэв. Одоогийн болон хуучин албан тушаалтнууд хэлэхдээ, агентлаг бүр өөр өөрийн хэлтэс дотроо тагнуулын мэдээллийг зөрчлийг шалгах үүрэгтэй байдаг гэжээ.

Гэхдээ олон нийтийн цахим сүлжээнд нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан эсэхийг хянах үүрэгтэй нэг ч алба байдаггүй аж. Яагаад ийм хяналт байдаггүйг АНУ-ын тагнуулын ажилтан асан хариулжээ. “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан бүх зүйлийг хянана гэж үү? Тэгвэл хариулт нь үгүй. Хэрэв ийм зүйл хийх юм бол иргэний эрх чөлөөний асуудалд автоматаар хутгалдсан хэрэг болно. Бид нэг талаас хүмүүсийн үг хэлэх эрхийг хамгаалах, нөгөө талаас юу болж байгааг хянах хоёрын тэнцвэрийг хангах арга замаа хараахан олоогүй л байна” гэж тэр хэлсэн. Жон Коэны үзэж буйгаар мэдээлэл алдагдсан нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэрэг байж болзошгүй. 

Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний тагнуулын газрын даргын алба, Пентагон энэ талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан. Үндсэндээ АНУ-ын засгийн газар, тэр дундаа Пентагон болон тагнуулын агентлагууд америкчуудыг тагнадаггүй гэсэн хариултыг өгч байна. 

Холбооны мөрдөх товчоо тодорхой хэрэг нээсэн үед л олон нийтийн мэдээллийн сүлжээ болон бусад цахим платформ руу орж, үйл ажиллагааг нь хянахыг зөвшөөрдөг. Дотоодын аюулгүй байдлын яаманд хяналтын тодорхой эрх байдаг ч энэ нь зөвхөн нийтэд нээлттэй форум дээр хүчин төгөлдөр аж. 

“Discord” нэртэй платформ дээр нууц мэдээллүүд анх гарсан. Энэ нь 2015 онд олны хүртээл болсон мессеж платформ юм. 2021 оны байдлаар 350 сая хэрэглэгч уг платформд бүртгүүлснээс 150 сая нь тогтмол ашиглаж байна. 

“Discord” дээрх нэгэн группт энэ өвөл Украины дайн гэх мэт дэлхий дахины чухал сэдвүүдийн талаарх эмзэг мэдээллүүд харагдаж эхэлжээ. Уг мэдээллүүдийг анх нийтэлсэн хүн нь сүүлд хаягаа устгасан байсан. Анхандаа хураангуй хэлбэрээр мэдээллүүдээ нийтэлж байсан боловч сүүлдээ нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг зураг хэлбэрээр, бүрэн эхээр нь нийтлэх болжээ. Тэдгээр баримт бичгийн олонх нь “Нууц”, “Маш нууц” гэсэн ангиллынх байсан. 

Улмаар гуравдугаар сард Орос, Украины дайнтай холбоотой 30 гаруй баримт бичиг нийтлэгджээ. Үүний дараа эдгээр баримт твиттер, телеграм зэрэг олон нийтийн цахим сүлжээнд гарч эхэлсэн байна. Баримтуудыг харахад Орос, Украины дайны нас барагсдын тоог өөрчилж харуулахыг оролдсон мэдээллүүд ч байжээ. 

Эдгээр баримт бичиг нь Өмнөд Солонгос, Израиль, Украин зэрэг холбоотнуудаа АНУ чагнаж, тагнаж байсныг илчлэв. Түүнчлэн Оросын түрэмгийлэлтэй холбоотой мэдээллүүд, тэр дундаа хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлтэй холбоотой мэдээллүүд ил болсон. Мөн Украины зэвсэгт хүчин, дайны бэлэн байдалтай холбоотой эмзэг мэдээллүүд алдагдсан баримт бичиг дунд байжээ.

Украины ерөнхийлөгч Зеленскийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр, энэ үйл явдалтай холбоотойгоор тус улс цэргийн төлөвлөгөөнийхөө зарим хэсгийг өөрчилсөн байж болзошгүй байна.

АНУ-ын засгийн газар буруу ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд олон нийтийн мэдээллийн платформтой харилцах нь бий. Заримдаа тодорхой контентыг устгах шаардлага ч хүргүүлдэг. “Discord” платформ нууц материалын асуудалтай холбоотойгоор хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэж мэдэгджээ. 

Нууц мэдээлэл задарсантай холбоотойгоор Байдены засаг захиргааны албан тушаалтнууд сүүлийн өдрүүдэд асуултуудад булагдаад байна. Пентагон болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээд албан тушаалтнууд индэр дээрээс асуултад хариулаагүй ч мэдээллийг нухацтай авч үзэж, мөрдөн байцаалт явуулж байгаа гэжээ. Цаашилбал, олон нийтийн мэдээллийг хэрэгслийг хянах аргаа өөрчлөх талаар хэлэлцэж байна. 

“Discord” дээр анх нийтлэгдсэнээс хойш яг хэдэн баримт тархсан нь тодорхойгүй. Гэхдээ олон нийтэд ил болоогүй материалууд дахиад ч байгаа гэж үзэж байна. 

Эх сурвалж: POLITICO, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж