Албан тушаалаа урвуулан ашиглаж зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, улсын өмч хөрөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татагдаж, Төрийн ордноос төрхөмдөө буцсан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын оффист АТГ-ын мөрдөн байцаагчид гэнэтийн нэгжлэг хийжээ. Гэхдээ камерын өмнө олон нийтээр гэрч хийж байгаад. Ингэснээрээ АТГ авлигатай сайн тэмцэж байна гэхээсээ хамгийн гол нь цагаан захтнуудын холбогдсон авлига, хулгай, луйврыг илрүүлэх, хуулийн хариуцлага тооцох ажиллагаа шоу болоод дуусах эрсдэлтэй харагдав, хардагдав. “Дуутай тэнгэр хургүй” гэгчээр.
Камерын өмнө бусдыг баривчлах, эд хөрөнгөнд нь нэгжлэг хийх, компанийг нь булаадаг жүжигчилсэн тоглолт Монголд, хууль хүчнийхний дунд моод болоод удаж байна. Салхитын мөнгөний ордыг булааж авахдаа ч, сахал Д.Эрдэнэбилэгийг баривчлахдаа ч хууль, хүчнийхэн камерын өмнө үзүүлэх тоглолт хийсэн. Үр дүнд нь Монгол Улс авлигын индексээр 16, ардчиллын индексээр зургаан байр ухарлаа.
Нэг хэсэг нь амьдрахын тулд гуйлга гуйж суухад нөгөө хэсэг нь алтан морьтой болтлоо баяжсан нь Монголын эмгэнэл юм. Авлигын индексээр дэлхийд 116 байрт бичигдэнэ гэдэг төрд авлига хэр хэмжээнд очсоны илрэл агаад цаашдаа авлигатай тэмцэхгүй бол гуйлга гуйх иргэдийн тоо улам нэмэгдэнэ, эцсийн бүлэгт улсаараа уланд орно гэсэн үг. Улаанбаатарын утаа, түгжрэл, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хэтийдсэн ачаалал, иргэдийн ядуурал, ажилгүйдэл, өвчлөл гээд өнөөдрийн зовлонгийн үндэс нь, нийт хүн амын 900 мянга нь ядуу амьдарч байгаагийн шалтгаан нь улстөрчдийн авлига, хулгай юм. Үндсэндээ, Монголын эдийн засагт мөнгө хомсдсон юм биш, манай улс төрийн хулгай, луйвар, авлига нь дэндсэн байна. Жишээ нь, авлигачид өнгөрөгч 2022 онд таван их наяд 24 тэрбум 895 сая төгрөгөөр улсаа хохироожээ. Үүнээс мөрдөн байцаалтын явцад хоёр их наяд, 374 тэрбум 934 саяыг нь нөхөн төлүүлж, гадаадад нуусан 12.2 сая ам.долларын хөрөнгийг буцаан авч, улсын орлого болгосныг АТГ-ын мэдээлсэн. Гэхдээ энэ бол хууль, шүүхээр илэрсэн, нотлогдсон авлигалын хэмжээ. Цаана нь хуулийнханд баригдаагүй, илрээгүй авлига далд эдийн засагт хэдэн их наядаар тоологдож буйг хэлэх боломжгүй. Иймээс авлигатай тэмцэх нь зөвхөн Л.Оюун-Эрдэнийн тэмцэл биш, ард иргэдийн тэмцэл байх учиртай. Тэр тусмаа хуулийн ард нуугдсан хулгайчидтайгаа тэмцэхгүйгээр авлигатай тэмцэх боломжгүй, ардчиллыг хамгаалах бүр ч бололцоогүй.
УЕП-оос өнгөрөгч гуравдугаар сард мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэх үндэслэлээр Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ хүлээж авсан. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан шалтгаанаа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Хэрэв түдгэлзэлгүйгээр шалгуулна гэх юм бол хэрэг дээр ажиллаж буй мөрдөгч, прокуроруудад эрсдэл үүснэ” гэж тайлбарлаж байлаа. Ингээд АТГ-ын мөрдөгчдөд ордонд орж тэдний оффисийг хуулийн дагуу нэгжих боломж гарч ирсэн нь ойлгомжтой. Мөрдөн шалгалтын явцад оффист нь нэгжлэх хийх, нүүрсний хулгай, авлига, луйвартай нь холбоотой эд мөрийн баримт олох шаардлага гарсан байх, үүнийг үгүйсгэхгүй.
Т.Аюурсайхан нь 2016 онд анх УИХ-ын гишүүн болохдоо энгийн нэгэн орон сууцанд амьдардаг байснаа долоон жилийн дараа хөрөнгө орлого нь 1.6 тэрбумаар өссөн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй болтлоо баяжиж, дотны анд Б.Ганхуяг нь жирийн нэгэн цэцэрлэг ажиллуулдаг эгчийгээ үл хөдлөхийн "босс" болтол томруулсан шалтгааныг нь хууль шүүх шударгаар тогтоох ёстой, шалгах ёстой. Ямар ч үзүүлбэр, энтертайментгүйгээр Эрүүгийн хянан шийтгэх хуулийн дагуу тэдний шэр, оффист нэгжлэг хийх эрхтэй, үүрэгтэй. Гэлээ гээд хоосон сүрийг үзүүлбэл мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч, авлигачдад ашигтай, тэд ял завшиж болзошгүй. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн попорлыг ойлгож болох боловч хууль, шүүх нь популизм хийж болохгүй юм. Тэгвэл эрх баригчдын амлах хуулийн засаглал нь өөрөө тахилын ямаа болж хувирна.
Тэгэхээр АТГ-ын өчигдрийн жүжигчилсэн тоглолтоос хамгийн их хожих нь Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар агаад олон нийтийн анхаарал хууль, шүүхийн энтертайментад татагдах хойгуур тэд ял наймцаалцаж, ял завших магадлал өндөр гэсэн үг. Чоно борооноор, муу хүн дүйвээнээр гэлцдэг.
Жишээ нь, олныг шуугиулаад байсан 800 хятадын хэрэг юу болов. Замын-Үүдийн мафитай зад тэмцэнэ гэсэн яав. Өнөөг хүртэл эдгээр хэрэг шүүхээр хэрхэн шийдэгдсэн нь ойлгомжгүй бас тодорхойгүй. Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарал “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ дээр төвлөрөх хойгуур Кёкүшюүзанбатбаяр, Т.Баясгалан хоёрыг шүүх цагаатгачихлаа. Хуулийн сайд Х.Нямбаатар нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гээд тэднийг нэр устай зарласан атал?!
АТГ-аас бэлтгэсэн "Алдагдах шахсан Монголын баялаг" баримтат нэвтрүүлгийн гол “баатрууд” болох Салхитын мөнгөний гэх хэргийн эзэд хоёр хятад хаачсан бэ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэл авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хоёр жилийн өмнө /2021 оны тавдугаар сард/ камерын өмнө, хуулийн сайд асан нь эгээтэй хадаг сүүтэй угтах нь холгүй . сулласан. Суллахдаа, тэрнийг эрүүдэн шүүлгүйгээр мөрдөн шалгаад ир гэж шүүхээс прокурорт даалгавар өгсөн, тэр юу болов. Гэх мэтчилэн нийгэмд хэр их дуулиан болгож цацна, тэр хэрэг замхардаг, хэн нэгэн ял завшдаг явдал цөөнгүй.
Т.Аюурсайханы хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан, түүнийг 11 хүнтэй уулзахыг хориглосон. Мөн 119 хүнийг түүний гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан аж. Харин Д.Бат-Эрдэнэ мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэгт яллагдагчаар татагдсан. Түүнтэй холбоотой гэх 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан бий. Тиймээс олон цагаан захтан, албан тушаалтан холбогдсон нүүрсний хулгайг олон нийтийн зүгээс шоу энтертаймент болголгүй, экспортоос эдийн засагт орж ирэх ёстой ашиг орлогыг дундаас нь хэн хулгайлж, хэрхэн баяжсаныг нь үнэн зөвөөр нь шалгаж, мөрдөөд шударга ёс, хуулийн засаглалыг тогтоогоод өгөөч гэж хүсээд байгаа юм. Түүнээс үзсэн киноныхоо дүрд өөрсдөө тоглоод явбал үнэндээ авлигата тэмцэх ажиллагаа жүжиг болоов дуусна, нэмэргүй. Тэртээ тэргүй, Төрийн ордоноор дүүрэн жүжигчид, хаа сайгүй инээдмийн болон эмгэнэлт драмд тоглоод явж байхад хууль, шүүх нь попрох хэрэггүй гэсэн үг.
Засгийн газар усан туулай жилийг авлигачдад хатуу, ард түмэнд ээлтэй жил болгоно гэсэн. УИХ нь хаврын чуулганыг авлигын эсрэг чуулган байх болно гэж амалсан. УИХ-ын гаргасан хууль, тогтоол, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хууль, шүүхийнхэн. Гэтэл хууль шүүх нь энтертаймент хийвэл авлигын эсрэг реформ амьдрал дээр хэрэгжих биш цаасан дээрх мөрөөдлийн ажиллагаа болж үлдэнэ. Нүүрсний хэргийг үнэн зөвөөр, хэн нэгэнд ял завшуулалгүй, хэн нэгнийг хэлмэгдүүлэлгүй мөрдөн шалгахын тулд АТГ гүйцэтгэх ажиллагаагаа жүжиг болгох хэрэггүй. Ахиад хэлье, АТГ-аас иргэд шоу биш шударга ёс хүлээж байгаа шүү гэж!
Холбоотой мэдээ