Чуулган: 76-ийн 38-ыг тойргоос, 38-ыг нь жагсаалтаар сонгоно

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: 76-ийн 38-ыг тойргоос, 38-ыг нь жагсаалтаар сонгоно

Чуулган: 76-ийн 38-ыг тойргоос, 38-ыг нь жагсаалтаар сонгоно
19 : 02
2023-4-13

Тойргоос 48 гишүүн, намын жагсаалтаар 28 гишүүн байх хуулийн төсөл өргөн барьсан

О.Цогтгэрэл

УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Цогтгэрэл нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагч О.ЦОГТГЭРЭЛ:

-Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлтгэн өргөн барьж байна. Бидний боловсруулсан уг хуулийн төслийн ерөнхий агуулга, ач холбогдлыг дараах байдлаар тоймлон илэрхийлж байна.

  1. Монгол Улсын нэгдсэн бодлого гаргах, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх үндэс суурийг бүрдүүллээ.
  2. Сонгуулийн санал хамгийн багаар гээгдэх пропорциональ элементийг оруулж өгөв.
  3. Жендерийн тэгш байдлыг чухалчлан, хүйсийн квотыг үлэмж нэмэгдүүллээ.
  4. Олон нам парламентад орох үүд хаалгыг нээж өгч байна.
  5. Шударга сонгууль явагдах нөхцөлийг бүрдүүлэв.
  6. Гадаадад буй Монголчууд саналаа өгөх эрхийг баталгаажуулж өгөв.
  7. Сонгууль хийх, нэр дэвшин сонгогдох зардлыг бууруулах, эмэгтэйчүүд залуучууд их хуралд сонгогдох боломж бүрдлээ.

Өнгөрсөн 8 удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн дийлэнх олонх мажоритар системээр явагдсан. 2000 оны ээлжит сонгуулиар нийт сонгогчдын 51.5 хувийн саналыг авсан МАХН Улсын Их Хурлын 76 суудлын 95 хувь буюу 72 суудлыг авсан бол 24.1 буюу нийт сонгогчдын дөрөвний нэгийн саналыг авсан Ардчилсан нам 1 суудал авч байжээ. 2016 онд нийт сонгогчдын 46.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 65 суудал буюу нийт суудлын 85.5 хувийг, харин 34.2 хувийн санал авсан Ардчилсан нам 9 буюу нийт суудлын 12 хувийг тус тус авч байв.

Энэ парламент бүрдсэн 2020 оны Улсын Их хурлын ээлжит сонгуульд сонгогчдын 45 хувийн санал авсан МАН нийт суудлын 82 хувийг авсан бол нийт сонгогчдын 24 хувь буюу дөрвөн сонгогч тутмын 1-ийн саналыг авсан АН 11 суудал авчээ. Энэ мэтээр сонгуулийн үр дүн савалж, иргэд сонгогчдын санал гээгддэг муу жишиг мажоритар тогтолцоонд ихээр агуулагдаж байна. Ийм учраас Ардчилсан намын бүлэг сонгуулийн тогтолцоонд пропорциональ элементийг оруулах шаардлагатай гэж үзэж уг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгалаа.

Гэвч ард иргэдийн дунд очих нүүргүй, ирэх эрхгүй улс төрчид намын жагсаалтанд нуугдаж, үүдээр гаргасныг тооноор оруулж ирэх гэж байна гэсэн хардлага, эргэлзээ бий тул жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 28 байхаар зааж, тэдгээрийг нам хаалттай хүрээнд жагсаах бус иргэдийн саналаар нээлттэй эрэмбэлж өгөхөөр зааж өглөө. Ийнхүү 2012 оны Улсын Их хурлын сонгууль явагдсан жишгээр томсгосон тойргоос 48 гишүүн, намын жагсаалтаар ард иргэдээс эрэмбэлэгдсэн 28 гишүүн байхаар хуулийн төсөл өргөн барилаа.

Дан мажоритар тогтолцооны нэг сул тал нь сонгогдоход санал гээгдэх явдал байдаг бол сонгогдсны дараа тойргийнхоо асуудлыг шийдэх эрэлт, хэрэгцээний үүднээс улсын нэгдсэн хөгжлийн бодлого гаргах, мөрдүүлэхэд тодорхой хэмжээгээр саад тотгор бий болох явдал байгааг тодорхой хэмжээнд сааруулахад намын жагсаалт зохих нөлөө үзүүлнэ гэж харж байна.

Жендэрийн тэгш байдал бол зөвхөн аль нэгэн хүйс, хэн нэгэн хүмүүсийн тухай асуудал биш нийгмийн асуудал, хөгжлийн шалгуур үзүүлэлт, ардчиллыг тодорхойлгох хамгийн чухал үнэлэмжүүдийн нэг боллоо. Ийм учраас төлөөлөл нь хангагдахгүй байгаа бүлгийн эрхийг хангах, төлөөллийг нэмэгдүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх боломж гэж дэлхий нийтээр үзэж байна.  Олон Улсын Парламентын Холбооны нэгдсэн мэдээллээс үзэхэд 2021 оны байдлаар нийт улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь дунджаар 25.8 хувьтай байхад Монгол Улс 17.1% байгаа нь Азийн бүс нутгийн дунджаас доогуур үзүүлэлтэй байна. Ардчилсан намын бүлгийн зүгээс хүйсийн квотыг зөвхөн эмэгтэйчүүдийг албан тушаалд дэмжих тухай асуудал гэж үзэлгүйгээр асуудлыг том зургаар харах цаг нь болсон гэж үзэж эмэгтэй квот 40 хувь байх, тэр тусмаа намын жагсаалтад 1:1 байхаар оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Өнгөрсөн 30 гаруй жилд 8 удаагийн сонгууль болж, 30 гаруй нам эвсэл сонгуульд орж байсан ч Улсын Их Хуралд суудал авсан намын тоо 5-аас хэтрэхгүй байсаар байна. Ийм учраас суудал хуваарилах босгыг намын хувьд 3, эвслийн хувьд 5 хувь байх саналыг хуулийн төсөлд орууллаа. Үүний үр нөлөөгөөр олон олон намууд парламентын босго алхан өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Сонгуулийн тогтолцоог зөв сонгохоос дутуугүй ач холбогдолтой нэгэн зүйл бол сонгуулийг шударгаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Ийм учраас сонгуулийн үеийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгохоор хуульчлан зааж өгөхөөр тусгалаа.

Жил бүр өсөн нэмэгдэж буй гадаадад сурч, суурьшин буй иргэдээ Монгол төрийн сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэн, тухайн улсынхаа Элчин сайдын яаманд очин намын жагсаалтанд дэвшсэн нэр дэвшигч болоод намд саналаа өгөх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр олон талын төлөөлөл Улсын Их Хуралд дэвших, сонгох боломж бодитоор бүрдэнэ. Энэ нь сонгуулийн зардлын өндөр босгыг буулган, олон бүлгийн төлөөлөл УИХ-д бодитоор сонгогдох замыг нээж өгч байна гэж бид үзэж байна. 

УИХ-ын гишүүн Х.ИДЭРБАТ:

-Тооноор орж ирдэг байдлыг яаж халах вэ. Та бүхний өргөн барьсан хуулийн төсөлд сонгуулийн зардлыг бууруулах талаар ямар зохицуулалт орсон бэ? Сонгуулийн жилийн өмнө хууль өөрчлөгддөг юм билээ. Олон нийтэд мөнгө тараадаг, сонгогчдыг худалдаж авдаг гэх мэт байдлыг яаж хориглох вэ, үүнийг хуульдаа оруулбал яасан юм бэ. Цалин тэтгэвэр нэмэхгүй байх гэсэн зохицуулалтыг асууя.

14 : 31
2023-4-13

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Монгол Улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Энэ бодлогод эрх мэдлийн хуваарилалт хяналт тэнцлийг оновчтой болгож засаглалын тогтвортой байдлыг хангана гэх зорилт 5.1-ийн хүрээнд нэгдүгээр үе шат буюу 2021-2030 оны хооронд төрийн бодлого үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн тодорхой зорилт дэвшүүлсэн. Үндсэн хуулийн 19.1-т нам Үндсэн хуулийн 10-т заасны дагуу байгуулагдаж улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана гэж намын бодлого үндсэн хүрээг тодорхойлсон. Энэхүү үндсэн хэм хэмжээний хувьд улс төрийн нам улсын хэмжээний бодлого мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж сонгуульд өрсөлдөх, тойрог дагасан нэгдмэл бус байдлыг арилгах боломжтой сонгуулийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс болж байгаа юм. Иймээс сонгуулийн тогтолцооноос үүдэн гарсан улс төр нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах төрийн бодлого үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх хууль тогтоомжийн чанарыг сайжруулах ханган сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропрорциональ хосолсон тогтолцоог явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийн зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг сонгуулийн үйл ажиллагаатай зохицуулалтыг эргэн харж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бйадлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байна гэж үзлээ. 

Хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд: 

  1. Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  3. Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах талаарх нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  4. Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг тусгасан,
  5. Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Үндсэн хуулиараа иргэд өөрсдийн төлөөллийг сонгоно гэсэн заалттай. Одоо холимог тогтолцоог оруулж ирэхээр иргэдийн Үндсэн хуулиар төрийн эрх барих онцгой эрх, төлөөллийн зарчмаар хэрэгжүүлэх шууд сонгон гэх зарчим зөрчигдөх үү. Малчид бид ядаж дэлгүүрт ороод дээлийн өнгө авахдаа гараараа имэрч үзэж байж сонгодог. Төрийн төлөөлөх хүнээ халуун гараараа барьж дотоод сэтгэл рүү өнгийж үзэж байж сонгоно гэдгийг ярьдаг. Холимог болгосноор Үндсэн хуультай зөрчилдөх үү?Сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудал руу орж байгаа бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм уу? Мандатын асуудлыг өөрчилж байгаа юм. 76-ийн 38-ийг тойргоос, 38-ийг нь жагсаалтаар сонгох юм байна. Монгол Улсын нэг онцлог байна. Асар том газар нутагтай, засаг захиргааны том бүтэцтэй. Мандатын тоо илүү байх ёстой. Та бүхэн ямар үндэслэлээр нь 50 нь мажоритар, 50 нь пропорциональ гэж оруулж ирж байгаа юм. Жагсаалтад иргэд эргэлдэг. Ямар шалгуураар жагсаалтад орох вэ гэдгийг тодорхой болгох боломж байна уу? СЕХ-д техникийн боломж байгаа юу. Нэг өдөртөө сонгууль багтах уу?

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Үндсэн хуульд шууд гэж заасан. Тэр нь зөвхөн мажоритар байна гэдэг нь нэг ойлголт. Олонхын пропорциональ байж болно гэдэг ойлголт олон жил яригдсан. Холимог тогтолцоогоор 2012 онд сонгууль явсан. Маргаантай байсан асуудлууд хамгийн сүүлд байсан цэцийн шийдвэрээр холимог юм уу пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчсөн зүйл болохгүй гэдэг дүгнэлт гарсан. Энэний дагуу хагас нь олонхоор, хагас нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явах хуулийн төсөл өргөн барьсан. Хоёрдугаарт, байнгын хороонд өчигдөр гарсан асуудлын нэг нь газар нутгийн орон нутгийн төлөөлөл 38 байх нь эрх ашгийг хангах хэмжээний хүрэлцээтэй тоо биш гэсэн саналууд гарч ирнэ лээ. Биднийх бол төрийн нэгдсэн том бодлого газар нутагтай холбоотой бодлого тэнцүү хэмжээтэй явж байж улс орны хөгжил дэвшил аюулгүй байдал тал дээр зохистой харьцаа байна гэж үзэж ийм тоо оруулсан. АН-ын зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 28:48 гэсэн тоо явж байгаа. Энэ хуулийг мөн хэлэлцэнэ. Түүнд харьцааны асуудал яригдана.

Жагсаалтын тухайд улс төрийн намууд өөрсдийн үүрэг хариуцлага, нийгэмд ямар хүмүүсийг дэвшүүлбэл олон нийтийн дэмжлэг авах уу гэхчлэн судалгаа дэвшүүлдэг. Энэ эрх нь намд байх нь зүйтэй. Сонгуулийн хуулиар энийг дэвшүүлнэ гэж заах нь утгагүй.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Н.Энхболд гишүүн Цэцийн дүгнэлт гарсан гэж байна. Цэц их эргэлзээтэй байгаа. СЕХ-ны П.Дэлгэрнаран даргын ярьж байгаагаар техникийн хүчин чадал байхгүй юм байна. 30 гаруй нам нэр дэвшүүлбэл техникийн нөхцөл байхгүй юм байна. Зардал мөнгө бууруулах талаар тусгагдсан уу?

СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Сонгуулийн сурталчилгааны хэвлэл материал, тээврийн хэрэгсэл зэргийг 30-70 хувь багасгаж оруулсан. Тээврийн хэрэгслийг 50 хувь, хэвлэмэл материалыг 50 хувь, ухуулах хуудсыг 30 хувь, зурагт самбарыг 60 хувь буруулахаар төсөлд оруулсан.

Нийтдээ сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал 48 хувь буурах урьдчилсан тооцоо байна.

УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ:

-38-ыг нь жагсаалтаас оруулж ирж байгаа нь төлөөллийн зарчмыг хангаж чадах уу. Цэц холимог системийг хууль зөрчиж байна гэж эхэлж гаргачхаад одоо хууль зөрчөөгүй гэж байгаа нь ямар учиртай вэ?

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-Үндэсний эрх ашгаа бодвол пропорциональ систем байх шаардлагатай. Одоо төсвийн хөрөнгө оруулалт хуваарилалт тойрог дагасан нь буруу байна. Үүнд санал нийлдэг. Н.Алтанхуяг гишүүн зовлон жаргалыг сайн хэлэх ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад 50 хувь нь жагсаалтаар орж ирсэн. Засгийн газар унахад жагсаалтынхан унагаасан. Жагсаалтад нэр дэвшигчдийг Засгийн газрын гишүүдэд давхар ажиллуулахгүй байх зүйтэй. Хуульдаа хийх ёстой. Сонгуулийн зардлыг бууруулахын тулд хэвлэх материалыг буулгаж үзсэн. Ерөөсөө буудаггүй юм билээ. Бүх намууд хамтарсан сурталчилгаа хийе л даа. Мэтгэлцээд явъя л даа. Хоёр талын ач холбогдолтой.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Зарчмын хувьд дэмжиж байгаа. Зардал бууруулахад яг ямар  тодорхой заалтууд туссан бэ. Улс төрийн намын зовлон бол сонгууль. Сонгуулийн хоёр том зовлон бол ухуулагчийн урамшуулал, хэвлэл мэдээллийн зардал юм. Ухуулагч сайн дураараа ажилладаг тогтолцоог хийе гэж ярьдаг. Гэхдээ энэ сонгуульд хийхгүй бол зардал буурахгүй. Хэвлэл мэдээллийн зардлыг бууруулахад хийж чадах юм байна уу. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгахад ямар санал байна вэ ТББХ?

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Ухуулагч сайн дураар ажиллана. Тэдэнд өгөх урамшуулал ажлын зардал нь хөдөлмөрийн хөлснөөс доод хэмжээнээс хэтрэхгүй байх заалт байгаа. Хяналт тавих эсэх нь жич асуудал. 

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Иргэдийнхээ саналыг намд өгөх гэж байгаагаа бодох хэрэгтэй Муухай шүү дээ. Зөндөө гоншигнож гүйсэн. Магадгүй хууль батлагдахгүй байх магадлалтай. Эцсийн дүндээ ард түмэн шүүнэ. Энэ хуулийг зүтгүүлж байгаа намуудыг ард түмэн эсрэг санал өгөх хэрэгтэй. Би тэгж уриална. Үндсэн хуульдаа хий л дээ.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Жагсаалт бол намын нэгдсэн бодлогыг авч явах гэж байгаа хэсэг. Гэтэл Н.Энхболд гишүүн жагсаалт хэсэг буюу пропорциональ хэсэгт хүн дугуйлчхаад тэрийг намын саналд тоолно гээд байх юм. Жинхэнэ зарчмаараа пропорционалийн тухай биш томсгосон мажоритарын тухай яриад байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Жагсаалтад байгаа хүмүүс дотроос аль нэг намын хүнийг дугуйлна гэдэг нь О.Цогтгэрэл гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Улсын хэмжээнд том тойргоос сонгогдож байгаа гэсэн үг. Тойрог чинь өөр. Ер нь мөрийн хөтөлбөр болон хүнд өгч байна. Намын мөрийн хөтөлбөрт өгч байна гэдэг нь пропорционалийг хэлж байгаа юм. Жагсаалтад дотор янз бүрийн юм хийчихнэ гэж ярьж байна. Тэр дотроос сайныг шилээд сонгог л дээ.

 УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Жагсаалыг бодит болсон гэж бодсон. Жагсагчдаас асуухад сонгуулийн зардлаа гаргаж чадахгүй, оролцож чадахгүй гэдэг асуудлыг ярьж байна лээ. Сонгуульд нэг гишүүнээс дунджаар хэчнээн төгрөгийн зардал гарч байна вэ. Зардал их байх тусам санал худалдаж авах тал руу ордог. Сонгуульд хэдэн төгрөг зарж орж ирдэг вэ? Хэн мөнгөтэй бололцоотой нь сонгуульд ордог, цаана нь судлаач эрдэмтэд сонгуульд орж чадахгүй нөхцөл бүрддэг. Ухуулагчийг сайн дураар гэсэн бол сайн дураар явчихмаар байгаа юм. Бүх зүйлийн суурь нь зардал болчихлоо. 

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

Тойргийн зардал харилцан адилгүй байдаг. 2020 оны сонгууль 300-600 орчим сая төгрөг, дунджаар 400 орчим сая төгрөгийн зардалтай байсан.

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Цаашдаа Сонгуулийн хуулийг тогтвортой авч явах нь зөв байх. Холимог тогтолцоогоор хийснээр цаашдаа ямар үр дүн гарах вэ. Төсөв санхүүгийн хувьд хэмнэгдэх юм байна. Орон нутгийн сонгууль ирцгүй болсон. Ирц тавих шаардлага байна уу? Сонгууль 18-19 цагийн хооронд янз бүрийн зүйл ордог. Тойрогт нэр дэвшээд жагсаалтад орох бололцоо байхгүй. Намууд олон хүний ялалт байгуулахыг бодож байгаа. Энэ бололцоог нээж өгч болохгүй юу?

-УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Маш том үр дүн гарна. Парламентын 50 хувь нь эдийн засгийн бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлдэг парламент бүрдэх юм. Парламент бол улс төрийн намуудын мэтгэлцээний талбар байдаг. Энэ агуулгаар улс төрийн мэтгэлцээний талбар болно. Парламент бодлого ярьдаг байж чадахгүй байна. Олон улсад пропорциональ системийг оруулж ирсэн. Монголын эдийн засагт өөрчлөлт гарна. Монголын улсын нийт өр 30 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 30 их наяд төгрөг байгаа юм. Төсөв жилийн жилд алдагдалтай баталдаг. Пропорциональ орж ирснээр өрийн асуудал шийдэгдэх төсөв алдагдалгүй батлах боломж бүрдэнэ. Үр дүнд нь Мөнгөний бодлого орон зайтай болно. Хувийн бизнесийг дэмжих орон зай гарч ирнэ. Төлөөлөх чадвар сайжирч, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байна. Багш эмч нарын төлөөлөл орж ирнэ. Тогтолцооны өөрчлөлт хийснээр парламентын чадвар бэхэжнэ. Иргэдийн оролцоо бий болно. Ардчиллын дархлаа бий болно.

 

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Иргэдийн хүсч буй зүйл нь мөнгөний сонгууль биш улс орноо хөгжүүлэх бодлогын сонгууль байгаасай гэж хүсч байна. Сонгууль болгоны өмнө хуулийг өөрчилдөггүй, тоглоомын дүрэм тодорхой байх шаардлагатай байна. Уг хуулийг тогтвортой байх тал дээр анхаармаар байна. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирж буй давуу тал нь төлөөллийн балансыг барьж байгаа нь чухал ач холбогдолтой. Жендерийн баланс барихдаа намын жагсаалтын ард бичигдэх хүмүүс төлөөлж чадах хүчтэй, кандидат байх нь чухал. Намын нэрийн ард эсэн шид нь бүрдсэн хүмүүс орчихдог, эсвэл даргын дохиогоор хөдөлдөг хүмүүс  ороод ирэх вий. Сонгуулийн зардлыг бууруулах боломжтой гэх тооцоог хэрхэн яаж гаргасан бэ. Ухуулагч, хэвлэлийн зардлыг 50 хүртэлх хувиар бууруулж чадах уу? Хэрвээ бууруулж чадахгүй бол дахиад л мөнгөний сонгууль болно.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

2024 оны сонгууль улс төр эдийн засгийн шинэчлэл хийх сонгууль болоосой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ард түмэн саналаа өглөө. Улс төр өнөөдөр тогтворгүй, эдийн засаг доройтсон нь сонгогдсон хүмүүстэй холбоотой. Засаг нь байгуулагдахад тодорхой хүмүүст эрх мэдэл шилждэг. Ард түмэн сонголт мэргэн байх хууль болоосой. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд СЕХ юу хийдэг вэ. Сонгуулийн зардлыг ил тод болгох чиглэлээр юу орж ирсэн бэ? Ирэх сонгуульд ямар эрсдэл байгаа вэ. Сошиал хаяг, хуурамч хаяг гээд янз бүрийн юм байгаа шүү дээ. Улс төрийн намын хууль хаана явна аа.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Хоёр хуулийн хэлэлцүүлэг зэрэг явах байх. Улс төрийн намын тухай хуульд сонгуульд оролцох чиглэлээр ямар зүйл заалт орж ирэх нь үү гэдэг нь Сонгуулийн хуультай уялдах шаардлага гарна. Шаардлага гарвал ҮНХӨ-ийн асуудал цогцоор явж байж төрийг байгуулах тогтолцооны асуудал урт хугацаанд тогтвортой үйлчлэх эрх зүйн орчин зохицуулалт бүрдэх байх.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Гишүүдийн тоо хэд байхаас хамаарч намуудын босгыг ярилцах ёстой. МАН, АН-аас өргөн барьсан хуулиуд ялгаатай. Бид бүхэн дараагийн хоёр хууль хооронд нь ярилцахад хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал байгаа. АН-ын өргөн барьсан хуулийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн С.АМАРСАЙХАН:

-Хуулийн төслийг дэмжинэ. Сонгууль, Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн асуудал цогцоороо яригдах байх. Энэ бол аль нэг хүний дэвших тухай асуудал биш юм. Эдгээр өөрчлөлтүүд бол засаг төр, гадаад бодлогын маш том орон зай үндэс суурь болно. Нэгдүгээрт, Улаанбаатар нэг тойрог болох ёстой. Зарим аймгууд бүсчилсэн тойрог болох ёстой. Ингэж байж жалга дов, нутаг усны туйлшрал арилна. Өргөн хүрээнд улс төр төлөвших, түмэн олон амгалан байх боломж бүрдэнэ. Жагсаалт тойрог яриад байна. Гэтэл хэн дэвших ёстой вэ гэдгээ эргэж харах ёстой.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүллээ. 

11 : 52
2023-4-13

“Ажлын байран дээр архидан согтуурсан алба хаагчийг ажлаас чөлөөлнө”

Б.Баттөмөр, Баттөмөр (1 of 1)

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:

-Хуулийг дэмжиж байна. Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх чангатгах нь хамгийн том агуулга юм. Төрийн албаны одоо мөрдөгдөж буй хуульд чөлөөлөх үндэслэлийг маш тодорхой зааж өгсөн. Энэ үндэслэл дотор тодорхой хугацаанд төрийн албан эргэж орохгүйгээр халдаг. Нөгөө нь төрийн албанаас чөлөөлөх заалтууд бий.

Төрийн албаны тухай хуулийн сахилгын заалтуудтай уялдаж ёс зүйн асуудлыг яръя. Төрийн албан хаагчид албан үүрэг гүйцэтгэж байх үедээ архидан согтуурах, мансуурах төрлийн үйлдэл гаргахыг хуулиар хориглосон. Архидан согтууруурахтай тэмцэх тухай хуулиар ч хориглосон. Хориглосон үйлдлийг төрийн албан хаагч гаргавал яах вэ гэдэг нь нэг мөр хуульчлагдаагүй. Тиймээс ёс зүйн асуудлаар сахилгын шийтгэл хүлээлгэдэг болгож, төрийн албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байхдаа архидан согтуурвал тодорхой хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр чөлөөлдөг, эсвэл бүр мөсөн чөлөөлдөг хувилбарыг ямар нэгэн байдлаар уг хуульд суулгах шаардлагатай. Төрийн албанд архийг эгнэгт халах тухай асуудлыг шийдэх хэрэгтэй. Ялангуяа төрийн тусгай байгууллагуудын хувьд маш хэцүү асуудал. Хажууд нь зэвсэг тусгай хэрэгсэл байдаг, хажууд нь архидан согтуураад мансуурсан хүн юу ч хийж болдог. Тиймээс энэ асуудлыг төрийн тусгай албадад хуульчлах ёстой.

Нийтлэгээр төрийн албанд архидан согтуурсан бол ажлаас нь чөлөөлдөг байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэх явцад архидан согтуурах нь бүх зүйлд сөрөг нөлөөтэй. Холбогдох хуулиудад ажлын байранд архидахгүй байх үаалтууд байгаа. Төрийн албаны ёс зүйн хуульд төрийн албан хаагчдад тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага бий. Уг шаардлагад албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэх, олон нийтийн мөрдөх дэг журмыг мөрдөн гэсэн заалтыг оруулж өгсөн. Олон судалгаа хийсэн. Япон, Сингапур, Хятадынхыг судалсан. Хуулийн төсөлд тусгасан.

-Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БААТАРЗОРИГ:

-Албан үүргээ гүйцэтгэх явцад архидан согтуурах зүйлтэй ТАЗ эвлэрэхгүй. 2019 онд 98 зөрчил илэрсэн. 2020 онд 37 зөрчил, 2021 онд 75, 2022 онд 153 зөрчил илэрсэн. Зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалаад албан үүргээс халах, чөлөөлөх хүртэлх үйл ажиллагааг явуулсан.

-УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:

-Хориглосон заалтыг зөрчсөн хүнийг яах юм. Хална гэдэг нь хуульчлагдах ёстой. Амьдрал дээр толгойг нь илээд яваад байгаа. Халах тухай асуудал тухайн байгууллагын даргын үзэмжийн асуудал болсон. Мансуурсан төрийн албан хаагчийн өмнө Монгол Улсын иргэн очоод асуудлаа шийдүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Тиймээс шууд халдаг болох хэрэгтэй. Үйлдлээ ухамсарлах боломжийг олгохын тулд нэг жилийн хугацаатай эргэж орохгүйгээр халаад, архинаас гараад эргээд орж болдог, эсвэл шууд халдаг байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Төслийн 16 дугаар зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх заалт бий. Ц.Сэргэлэн гишүүнтэй санал нэг байна. Иргэд согтуу төрийн албан хаагчийн өмнө үйлчлүүлнэ гэж байхгүй. Хэрвээ ингэвэл төрийн алба дампуурна. Ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээг хуульд зааж өгсөн. Хуулийн төслийн 16.1.4-т зааж өгсөн.

-УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Цар тахлын хууль хүчингүй болсон. Цар тахлын үед чөлөөлөгдсөн олон хүний асуудал хөндөгдөж байна. Орыг нь ТАЗ захиалга өгөөд, сонгон шалгаруулалт явуулж байх шиг байна. Гэхдээ ТАЗ-д хуулиар олгогдсон эрх байна уу. Хараад байхад та бүхэн ажлын байрны сонгон шалгаруулалт зарчлачихаад хойшлоод байх юм. Зарим тохиолдолд тестийн шалгалтаа авсан хэр нь хойшлуулж байна. Хойшлуулдаг, хүчингүй болгодог эрх байна уу. Яагаад үзэмжээр хандаад байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Төрийн албанд гай ч гүй гавьяагүй олон жил болсон нь давуу тал болчихсон. Тэр давуу талаараа өөрийн эргэн тойрон, удирдлагад байгаа хүмүүсийг эрхшээлдээ оруулдаг бохир, заваан нөхцөл байдал үүссэн. Ямар ч гомдол гаргасан хууль зөрчөөгүй улмаас тэр хүмүүст хариуцлага тооцож болдоггүй. Жишээ хэлэхэд, ямар  ч байгууллагад шинэ удирдлага очлоо гэхэд дор нь хор хутгаж, бужигнуулж, хов зөөв нааш нь цааш нь явуулдаг, өөрсдөд нь үйлчлээгүй хүмүүсийн зэрэг дэвийн нэмэгдэл, боломж амралт зэрэг бүх зүйлээр нь дарамталж, шахаж боодог бүлэглэл бий болчхоод байгаа юм. Ялангуяа үйлчилгээ, боловсролын салбарт байна.

Сүүлдээ аймгийн дарга, газрын дарга, УИХ-ын гишүүд рүү заналхийлсэн мессеж бичдэг даварсан төрийн албатай болчихсон байна.

Энэ асуудалд хуулийн зохицуулалт яаж орж ирж байгаа юм. Ёс зүй сахилга хариуцлагатай асуудалд энэ хууль шийдэл гаргах уу. Сонгогдсон тойргоос ялангуяа багш нараас гомдол их ирдэг.

Удирдлагын академийн багш Н.АЛТАНЗУЛ:

-Таны асуултад байгаа зохицуулалт төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд орж ирсэн. Төслийн долдугаар зүйлд байгууллагын соёл дэг журам албан харилцааны ёс зүйг чанд сахих, аливаа харшил үйлдэл гаргахгүй байх гэсэн хэм хэмжээг бий болгоод, энэ хэм хэмжээг үүрэг болгосон зохицуулалт орсон. Үүрэг хориглох заалтыг зөрчсөн бол 16 зүйлд заасан ёс зүйн хариуцлага, давтан үйлдвэл сахилгын шийтгэл оногдуулахаар заасан.

-УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Энэ хууль төрийн албан хаагчийг дарамтлах бус хамгаалах хууль болж байгаа юм. Төрийн албан хаагчдад шахалт шаардлага тавих асуудал байлгүй яах вэ. Гэхдээ ёс зүйн хэм хэмжээ, хүний мөн чанар руу давж болохгүй. Шахалт шаардлага тавихдаа нас хүйс, яс үндэс, биеийн хэлбэр галбираар доромжлох, сэтгэл санааны хохирол учруулах гэх асуудал гардаг. Ийм зүйл гаргахгүй байхад хуулийн зохицуулалт, төрийн албаны удирдлагын түвшинд гарч байгаа учраас таслан зогсоож байгаа гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Хуулийг дэмжиж байгаа. Нийтлэг хэм хэмжээг энэ хуулиар оруулж өгсөн. 7.1.1-тэй холбоотой асуулт асууя. Ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх гэсэн заалт орж ирсэн. Чин сэтгэлээсээ үйлчилсэнгүй гээд гомдол гаргавал яах вэ. Чин сэтгэлээсээ гэх шалгуурыг тогтоох бололцоо байхгүй. Шударга мэргэжлийн түвшинд ажиллах гэх мэт үгээр тайлбарлавал яасан юм бэ. Ёс зүйн хороо хариуцлага хүлээх үү. Хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй байх гэх мэтээр тодорхой болгох ёстой. 

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Төрийн албаа хүчтэй, хийснээрээ цалингаа авах нь чухал байна. Өчигдөр Чингэлтэй дүүргийн сувилагч нартай уулзахад маш их ачаалалтай байна. Авч буй цалин нь амьдралд нь хүрэхгүй байх нь стресс бухимдал үүсдэг талаар хэлж байсан. Энэ хуультай зэрэгцээд төрийн албыг чадавхжуулах үнэлэмжийг дээшлүүлэх асуудал орж ирэх үү?

-Удирдлагын академийн багш Н.АЛТАНЗУЛ:

-Төрийн албан хаагчид хариуцлага тооцдог хууль гэж ойлгож болохгүй. Энэ хууль нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хүртэлх үйл ажиллагааны зохицуулалт оруулсан. Ялангуяа төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, шагнал урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэхдээ ёс зүйн аливаа асуудал гаргаагүй болбол саяны дурдсан шийдвэрийг харгалзан үзнэ гэдэг нь төрийн албан хаагчийг хамгаалж байгаа процесс юм. Нотлох баримтгүй зүйлийг ёс зүйн зөрчлийн кейс болгохгүйг хуульд уяж өгсөн. Харилцан тэнцвэртэй байх нь чухал юм.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Хоёр зүйл тодруулъя. ТАЗ шүдгүй арслан шиг боллоо. Говь-Алтай аймагт 180 гаруй төрийн албан хаагчийг хууль бусаар халсан. ТАЗ-ийн шийдвэрээр 120-ийг нь буцааж ав гэдэг шийдвэр гарсан. Гэхдээ одоо нэгийг нь ч аваагүй. Шүүхийн шийдвэр биелүүлдэггүй, ажилд нь авдаггүй. Төсвийн мөнгөөр гараа угаадаг, төрийн өмчийг үнэгүйдүүлдэг байвал уг аймагт гаарлаа. Үүнийг шийдэхгүй юу? Цаашаа үргэлжлэхийг нь хүлээх үү? Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал мөн биз. Нэг бус удаа ийм зүйл гарсан. Гадаад харилцаатай холбоотой асар том алдаатай бодлого гаргасан.

Халимаг, Тува, Якут, Буриадуудаа манайд амьдар гэдэг мэдээлэл хийсэн. Гаднын улсын дотоод хэрэгт оролцсон мэдээлэл хийсэн.

Энэ хүн ажлаа хийгээд байх уу. Ландкрусер машиныг нэг сая төгрөгөөр зарсан гэх мэдээлэл явсан.

ТАЗ-ийн гишүүн Б.ИДЭРЧУЛУУН:

Говь-Алтай аймагт болоод буй хууль бус томилгоог мэдэж байгаа. Мэдээд зүгээр суугаад байгаа биш. Төрийн албаны тухай хуульд долдугаар сард өөрчлөлт орж наймдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн. Цар тахлын хуулиар томилоод шаардлага хангахгүй хүмүүсийг томилсныг хууль хүчингүй болсноор ТАЗ мэдэгдэл гаргаж хууль бусаар томилсон хүмүүсээ чөлөөл гэдэг мэдэгдэл хүргүүлсэн. Энэ хооронд нэг хэсэг хүмүүс нь шүүхэд хандсан.

ТАЗ хяналтаа сулруулаагүй. Хууль бус томилгоотой холбоотой төрд учирсан хохирлыг төлүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Ёс зүйн хороо ТАЗ-ийн дэргэд хэрхэвч байж болохгүй. Нэгдүгээрт, төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хяналт тавих, сонгон шалгаруулалт зохион байгуулах үүрэгтэй. Ёс зүйн хариуцлагын асуудал ажил олгогч буюу Засгийн гарын чиг үүрэг байхгүй юу. Тиймээс энэ зөвлөл ЗГХЭГ-т байх ёстой. Яамдын сайд нар дэргэдээ ёс зүйн зөвлөлтэй байх ёстой. Тэд нар нь нэгдэж хүний нөөцийн менежер буюу Засгийн газарт байх ёстой. Хүний нөөцийн менежерийн үүргийг ТАЗ гүйцэтгэх ёсгүй.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа ч кино дээр гардаг шиг юм болж байна.

Орлогоо мэдүүлж болно. Гэхдээ зарлагаа яагаад мэдүүлдэг юм бэ.

Нэг таваг хоол идсэн гэх юм уу. Таксигаар явсан гэх юм уу. Энэ хуулиа та нар болио. Арай хэтэрч байна. Ийм юмыг ярьж байгаа нь бидэнд ямар ухамсар байна аа. Бид юм аа зарахын тулд, онгоцоор явахын тулд ТАЗ-аас зөвшөөрөл авах юм уу. Ийм дэндсэн юм оруулж ирж олны доог тохуу болох юм уу. Төрийн алба төрлийн алба болж, сахилга хариуцлагын асуудал ярих ёстой. Энэ арай болмооргүй байна. Энэ асуудлыг татаж ав.

УИХ-ын дарга  Г.ЗАНДАНШАТАР:

-Албан тушаалтнуудын орлогыг хянахаас гадна зарлага хэрэглээг хянах шаардлага байна гэсэн саналыг ТББ-аас АТГ-ын үндэсний хөтөлбөр болон бусад хөтөлбөрүүдэд санал гаргасан. Үүнийг гишүүд ч санал асуулга тавьж дэмжлэг авсан заалт юм билээ. Мэдээж хоол идэж уусан зарлага хянахгүй байх. Байр байшин авах зарлага хянах байх.

Санал хураалт явуулж дууслаа. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлж байна. 

10 : 25
2023-4-13

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй байгаа юм. Иргэдийн хурлын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ заалт гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болох найман үндэслэлийг зааж өгсөн. Үүнд гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр гарсан бол огцруулах боломжтой бөгөөд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэ нь ямар агуулгатай гарсан бэ гэхээр шүүхийн шийдвэр хэлэлцэж байгаа асуудал биш.

Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Гэхдээ тухайн хүн сонгогдсон төлөөлөгчийнх нь хувьд бүрэн эрх нь дуусгавар болох, чөлөөлөх асуудлыг ИТХ-аар шийдвэрлэх нь зүйтэй. Ингэхгүй бол тухайн тойрог төлөөлөгчгүй болох, нөхөн сонгууль явуулах боломжгүй болчих учраас энэ заалтыг оруулсан. Тиймээс парламентаас баталсан хууль Үндсэн хуулийг зөрчөөгүй ээ. Нөгөө талаар огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гээгүй. Агуулга нь огцруулах асуудлыг шийднэ гэж заасан байгаа. Тийм учраас ИТХ-аар хэлэлцэнэ, огцруулна. Хуулийн үндэслэл нь байгаа. Шүүхийн шийдвэр гарчихсан учраас санал хураагаад огцруулъя гэдэг энгийн процесс юм. Тэрнээс биш шүүхийн шийдвэрийг  зөв, бурууг нь авч хэлэлцэх тухай биш. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Би ч бас Цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол ард түмнээс сонгогдсон. Энэ асуудалд шүүх, хүчний байгууллагын шийдвэр гэхээс гадна ард түмний төлөөлөл гэдэг асуудлыг авч үзэх ёстой. Мандат авч ажиллаж байгаа. Улс төрийн нөлөөлөлд өртөж болох боломжтой этгээд байдаг. Ялангуяа нэг, хоёрхон хүний зөрүүтэй байх юм бол улс төрийн нөлөөлөл орох боломжтой. Тийм учраас УИХ-ын гишүүн халдашгүй байдаг. Ард түмний төлөөлөл халдашгүй байдаг.

Цэцэ Үндсэн хуулийг самарч байгаагаа хэзээ зогсоох вэ? Үндсэн хуулийн 2016 оны дүгнэлтээ эргэж харсан зохисгүй зүйл хийсэн. Үүнээс болоод сонгуулийн хууль орж ирж байна. Бид 2016 онд холимог тогтолцоог дэмжээгүй юм. Тэгэхэд буцаагаад УИХ шийднэ гэсэн шийдвэр гаргаснаас болоод одоогийн нөхцөл байдал үүссэн. Тэгээд Үндсэн хуулийн зөрчилтэй эсэх маргааныг шийднэ гээд сууж байдгаа больё. Үндсэн хуулийн Цэцээсээ эхлээд Монгол Улс дампуурч байна. Энэ бол хулгайгаас ялгаагүй үйлдэл. Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийгээд сууж байна. Ард түмэн гишүүнээ сонгохдоо ямар нэгэн байгууллага дамжгүй сонгоно гэж баталчихаад одоо үүнийгээ өөрчилнө гээд сууж байна. Цэцийн гишүүд зөнөчихсөн байна. Төрийн эсрэг гэмт хэрэг хийгээд сууж байгаа хүмүүсээ эргүүлээд тат. 

10 : 23
2023-4-13

Агаарын бохирдолтой холбоотой Хяналтын сонсголын тайланг сонсоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж