ОХУ-ын хөлсний цэргийн "Вагнер" бүлэг НАТО-ийн орноос зэвсэг худалдаж авахаар оролдсон нь АНУ-ын тагнуулын мэдээллээр илэрчээ. Энэ нь Турк улс байж магадгүй байна. Украин дахь дайн намжих янзгүй байгаа тул Оросын тал армийн хүчин чадлаа бэхжүүлэхээр хэрхэн хичээж буйг нь энэ үйл явдал илтгэнэ.
НАТО-ийн гишүүний хувьд Турк улс нь АНУ болон бусад оронтой холбоотон гэж явдаг. Мөн Оросын түрэмгийллийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсээр ирсэн. Түүнчлэн цөмийн зэвсгийн агуулах бүхий АНУ-ын цэргийн бааз Турк улсад байрладаг.
Алдагдсан мэдээлэлд дурдсанаар "Вагнер"-ын төлөөлөгч хоёрдугаар сарын эхээр зэвсэг, техник худалдаж авах зорилгоор Туркийн албан тушаалтантай уулзсан байна. Туркийн засгийн газар энэ уулзалтын талаар мэдсэн эсэх болон чухам хэн гэдэг албан тушаалтан бэ гэдэг нь тодорхойгүй. Мөн зэвсэг нийлүүлсэн гэх ямар ч нотолгоо байхгүй. Гэсэн ч НАТО-ийн гишүүн орон ОХУ-д зэвсэг худалдсан байж болзошгүй гэх энэ мэдээлэл АНУ-д түгшүүр төрүүлэх нь ойлгомжтой юм. Зэвсэг худалдаагүй байсан ч "Вагнер" бүлгийнхэн ямартай ч үзээд алдахаар шийдсэн гэж АНУ үзэж байна.
Уг тагнуулын материал нь "Мали, ОХУ, Турк: Вагнер групп Анкарагаас зэвсэг хүсч байна" гэсэн гарчигтай байсан. Тиймээс "Вагнер" бүлгийнхэн зэвсэг худалдаж авсан бол үүнийгээ Малид бас ашиглахаар төлөвлөсөн байж болзошгүй. "Вагнер"-ын хөлсний цэргүүд Өмнөд Африкийн Мали улсад байрлаж, үүрэг гүйцэтгэдэг.
"Вагнер" бүлэг Оросын шоронгуудаас цэрэг элсүүлэхээр төлөвлөж байсныг мөн тус баримт бичигт дурджээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ