Хөөж буулгачихаад, гуйж зөвлүүлдгээ л больчих

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

Хөөж буулгачихаад, гуйж зөвлүүлдгээ л больчих

Хөөж буулгачихаад, гуйж зөвлүүлдгээ л больчих

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэтгэврийн насныханыг  төрийн албанаас шүүрдэж байгаагаа дуулгав. Түүнийхээ баталгаа болгож нэгдүгээрт, "Оюутолгой"-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабандийг үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж байгаагаа мэдэгдсэн юм. Завхан аймгийн харьяат

Нацагийн Багабанди 73 настай.  Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженерээс ажлын гараагаа эхлүүлсэн Н.Багабандийг ирээдүйд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллана гэж хэн ч төсөөлөөгүй байсан биз.

Улстөрч болох эхлэлээ Төв аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгчээс эхлүүлсэн тэрбээр 1992-1996 онд УИХ-ын гишүүн болж, улмаар 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон түүхтэй. Ерөнхийлөгч байх найман жилийн хугацаанд болоод бууснаасаа хойшхи нэлээд хэдэн жил түүн шиг нирваан дүртэй хүн нэг хэсэгтэй л байгаагүй. Тэр ч бүү хэл бурхан багшийн судар лугаа Ерөнхийлөгч Н.Багабандийн бичсэн “Титэм үг” хэмээх цэнхэр хавтастай алтан шаргал үсэгтэй ном айл бүрийн хойморт залардаг байсныг хүмүүс тийм ч амархан мартчихаагүй л байлтай. Далай ламын айлдвар лугаа Н.Багабанди Ерөнхийлөгчийн “Титэм үг” хэмээх тусгай телевизийн нэвтрүүлэг тогтмол цацагддаг байсныг мэдэх нэг нь мэднэ дээ.  Томоохон баяр ёслол, төрийн их хүлээн авалтын үеэр алтан тоноглол бүхий бүс, малгайгаа өмсдөг байсан нь одоо ч тод санагдаж байна. Тухайн үедээ л нөлөөлөгч, манлайлагч, орчин цагийнхаар инфлүүнсэр байсан түүний талаарх тодорхойлолт өнөөдөр харин орвонгоороо эргэж.  Сувдаг, шуналтай, улсаа зарж идсэн хулгайч луйварчин, албан тушаалын хэнээтэй, үхэж өгдөггүй өвгөнөөрөө дуудуулах…

Тэрбээр 2010-2013 онд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдож “тэтгэврийн хөгшин” хэмээн өчигдөрхөн  адлагдах хүртлээ ажилласан гэж хэлэхэд хилсдэхгүй л болов уу. Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа гол төсөл болох "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн болсноос хойшхи түүний үнэлэмж ингэж л хувирч. Адаг сүүлдээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх өрөвдмөөр тайлбараар халхавчилж, “Одоо орон зайгаа тавьж өгнө үү” гэх соёлтой шахалтанд өртсөн ч байж болох. Угтаа цаг цагаараа байдаггүйн бас нэгэн баталгаа нь Н.Багабанди болж байна.

Бүр цаашилбал, цаг нь болохоор албан тушаалыг авсан шигээ өгч сурах ёстой гэдгийн тод илэрч ч тэр байж болох.  Одоогоос 12 жилийн өмнө  төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хааны одонг гуйж биш гуядаж авч байсныг нь бодохоор тэр бас насаараа тэтгэврийн өвгөн яваагүй бололтой. Ямартай ч тэр өнөөдрөөс гавьяаныхаа амралтанд гарч уулын мухарт, усны тунгалагт, үр хүүхэд, ач зээгээ тойруулаад амар сайхандаа жаргахаар боллоо.

Д.Амарбаясгалан даргын дараагийн дуудсан нэр бол Х.Бадамсүрэн. Тэрбээр, Х.Бадамсүрэн захирлыг чөлөөлөх шийдвэр гарсан. Түүнийг "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлж, "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлын группийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүрэг хүлээлгэн ажиллуулсан. Зэс металлын групп албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, жигдэрсэн учраас түүнийг албан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэв.

Х.Бадамсүрэн одоо 68 настай. Түүнийг хүссэн ч, эс хүссэн ч тэтгэврийн насанд хүрсэн тул "Эрдэнэс Монгол"-ын Зэс металл группийн захирал хэмээх албан тушаалаас нь буулгах шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэдгээ Д.Амарбаясгалан дарга учирлав. Учир нь Монгол Улсын төсвөөс тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх хуулийн заалттай учраас түүний албан тушаалийг хүчээр авч байгаа нь энэ ажгуу.

Түүнд Н.Багабанди шиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж явсан түүх гуншин байхгүй ч цагтаа Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцаж, УИХ-ын гишүүнээр ажиллаж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан түүх бий. Түүний улс эх орондоо хийсэн гавьяаг нь төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан нь саяхан. Угтаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ковидын үед, Х.Бадамсүрэнг улсын саалийн үнээ хэмээх тодотголтой Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байхад хамгийн өндөр оноогоо иргэдээс авсан гэхэд дэгэсдүүлсэн болохгүй байх.

Монгол Улсын Засгийн газраас үзүүлсэн элдэв хөнгөлөлтийг Х.Бадамсүрэн захиралтай Эрдэнэт үйлдвэрийнхэн нуруун дээрээ үүрээд гарсныг тэд мартсан байж болох ч бид мартаагүй.

Засгийн газрын шийдвэрийг удаа дараа сунгаж ус, цахилгаан, дулааны мөнгийг төрөөс даах зорилтыг улаан нүүрээрээ авч гараад, ажлаа тайлагнаад төрийн ордонд гүйж явсан цаг нь саяхан. Гэсэн ч өнөөдөр түүнд өндөр нас нь “гай” болж төрийн албанаас өөрийн хүсэлтээр бус үсдүүлж, чирүүлж гарахад хүргэсэн гэдгийг сонсоход сэтгэл гонсгор л байна. Монголчууд бид эртнээс “Буурлаас үг сонс. Болсноос ам хүр” хэмээн ахмад настаны ажил, амьдралын туршлагаас хуваалцаар ирсэн. Гэтэл харин хэрэг нь дуусахаар хөсөр хаяж, олны хэл амны өгөөш болгож, өөрсддөө оноо авах гэсэн МАН-ын залуучуудын үйлдлийг нүдээрээ харж, чихээрээ сонсох өдөр ирдэг л юм байна. Угтаа Х.Бадамсүрэнд Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа муу байгаа нийгмийн зүгээс ирж байгаа учраас шахалт, хавчлагын талаар хэлээд, ирэх сонгуулийн жил оноо авахын тулд Засгийн газраас “5Ш” ажиллагаа зохион байгуулж байгаагаа учирлаад “Та Н.Багабанди гуай шиг өөрийн хүсэлтээр ажлаа өгчих” гэсэн бол үгүй хэмээн тас гөжихгүй нь лавтай. Гэтэл “Засгийн газар "Шүүр" ажиллагааны хүрээнд Монгол төрийн бүх шатанд ажиллаж байгаа, тэр дундаа тодорхой хэмжээнд хуулийн зөрчилтэй ажиллаж буй хэсгийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхийг зорьж ажиллаж байна. Тийм ч учраас шүүр ажиллагааны хүрээнд Х.Бадамсүрэнг чөлөөллөө” хэмээн мэдэгдэх ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн албанаас “шүүрдүүлээд” гарч байгаа Х.Бадамсүрэн нийтэд зарлаж байгааг нь анзаармаар.

Н.Багабанди, Х.Бадамсүрэн хоёр бол зүгээр л “Шүүр” ажиллагааг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг ажил хийсэн мэт харагдуулах онооны самбар байсан төдий. Тэдний цаана дахин 6161 төрийн албан хаагч тэтгэвэр авч байгаа мөртлөө төсвөөс цалинжиж байгаа талаар дурьдсан.

Мөн Төрийн тусгай албан хаагч буюу 156 хүн цэргийн насныхан тэтгэвэр тогтоолгочихоод, цалингаа аваад явж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн. Тодруулбал, дээрх 6161 тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчийг төсвөөс цалинжуулахад жилийн хугацаанд 30 тэрбум төгрөгийн цалингийн зардал гарч байгаа аж. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд сард 250 орчим сая, жилээр нь бодоход тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл зарсан байна. Тиймээс тэтгэврийн насны төрийн албан хаагчийг чөлөөлсөн тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно” гэв.

Өөрөөр хэлбэл, Н.Багабанди, Х.Бадамсүрэн нар шиг төрийн албанаас шүүрдүүлэх 6161 ахмад настан байна гэсэн үг юм. Гэхдээ хүлээгээрэй. Бид ийм л үед нийтээрээ нийгмээрээ мэдээлэлд олон талаас нь шүлтүүртэй хандмаар байгаа юм.

Үнэндээ ийм тохиолдол эгэл жирийн төрийн албанд байдаггүй юм. Гагцхүү эрх мэдэл, мөнгө төгрөг, албан тушаал, ашиг сонирхол үйлчилдэг төрийн өндөр дээд албан тушаалын тухайд л яригдах боломжтой. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өгч байгаа мэдээллээр “Суманд багш дутагдалтай байгаа учраас ганц хоёр жил ажлаад өгөөч, Өрхийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа учраас та эмч, сувилагчаар ажлаад өгөөч, Туслах багш олдохгүй байгаа учраас, эсвэл таны ажлыг орлон гүйцэтгэх хүн манай аймаг, суманд байхгүй байгаа учраас хэсэг хугацаанд ажлаад өгөөч…” гэсэн хүсэлт, насаараа хийсэн ажлаасаа нэг л өдөр урваж чадаагүй нинжин сэтгэлдээ дөрөөлөгдөн тэтгэвэртээ гарсан ч ажлаа өнөөдрийг хүртэл хийсээр байгаа тэр ахмадуудын сэтгэл рүү ус цацлаа.

Үнэндээ Д.Амарбаясгалан төрийн албаны жаргал зовлон, хүний нөөцийн дутагдалтай байдлаа ч үл ойлгон ямар нэгэн шүүр бариад баруун солгойгүй, нүүр нүдгүй шүүрдэх талаар өнгөцхөн ойлголттой байгаагийн илрэл. Эрийг нас уулыг цас гэдэг дээ. Үнэндээ тэтгэвэртээ гарсан ч төрийн албанд ажилласан хэмээн адлуулж байгаа тэд татвар төлөгчдийн мөнгийг зүгээр сууж байгаад халааслаагүй гэдгийг тодотгоё. Тэд төрийн ажил хийснийхээ төлөө хөдөлмөрийн хөлсөө л авч байгаа хэрэг.  Ямартай ч тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдыг хэрэг нь гарахаар урьж, хэрэгцээ нь дуусахаар зайлуулах  бодлого  амжилттай хэрэгжиж байна. Эцэст нь хөөж буулгачихаад, гуйж зөвлүүлдэгээ л больчих хэрэгтэй. Ийм жишээ Монголын төрд, улс төрд олон.

Гавьяаных нь амралтанд гаргасан нэртэй аль нэг төрийн байгууллага, яам, тамгын газар бүр сүүлдээ өөрийнхөө зөвлөхөөр өнөө өвөө, эмээ нараа томилж найр тавьдаг жишээ олон.

Эцэст нь жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэр болохгүйн тулд эхлээд төрийн албан хаагчдынхаа цалин хангамжийг дэлхийн жишигт хүргэчихээд хална, солино, болино хэмээн дуугарах нь зүйтэй. Өнөөдөр төрийн албан хаагчид хамгийн их ачааалтай, хамгийн бага цалинтай учраас “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөөд ч” хамаагүй гадагшаа гарч амьдрахыг хүслэн болсон. Түрүүчээсээ гараад эхэлчихсэн учраас сургууль нь багшгүй, эмнэлэг нь эмч, сувилагчгүй, төр захиргаа нь мэргэжилтэнгүй тэр ч бүү хэл төрийн албанд тэнцэх ч хүнгүй болчихсон.

Гэтэл өөрсдөө Ковидын хуулиар халхавчилж төрийн албанд ажиллах боломж анхнаасаа олгочихоод одоо тэднийгээ чөлөөлж байна хэмээн сүр Данзангийн дүр үзүүлэх. Тухайлбал, Гаалийн байгууллагын 150 албан хаагчийг чөлөөлсний дотор 60 нь төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй хууль бусаар томилогдсон учраас ийнхүү чөлөөлөх шийдвэр гаргасан гэнэ.

Хүний нөөцийн дутагдалтай байгаа энэ үед нэгэнт төрийн албанд томилогдчихсон хэдийгээ сургаж, хөгжүүлээд авах ухаан тэдэнд алга. Төрийн алба дахь шүүр ажиллагаа үүгээр дуусаагүй.  “Эхний ээлжид хуулийн зөрчилтэй хэсгийг чөлөөлнө. Дараагийн ээлжид иргэд, олон нийт, төрийн албан хаагчдаасаа мэдээлэл авч, "Шүүр" ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж үлдсэн хэсэгт хариуцлага тооцно” хэмээн  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Бүр сүүлдээ их хэлмэгдүүлэлтийн үеийг санагдуулж нэгийг нь нөгөөгөөр нь, аавыг нь ахаар нь матуулдаг ажиллагаа удахгүй эхлэх аж.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа самардагаа хэзээ зогсоох юм бэ. Үндсэн хуулийн 2016 оны дүгнэлтээ эргэж харсан зохисгүй үйлдэл хийсэн. Үүнээс болж өнөөдөр Сонгуулийн хууль орж ирж байна. Бид 2019 онд Үндсэн хууль хэлэлцэхдээ холимог тогтолцоог дэмжээгүй. Гэтэл эргүүлээд УИХ шийднэ гэх дүгнэлт гаргасан. Тэнд тэтгэврийн нас нь хэтэрчихсэн хугацаа нь дууссан хүмүүс Үндсэн хуулийн зөрчилтэй эсэх маргааныг шийднэ гээд сууж байдаг. Үүнийг болиулмаар байна. Үндсэн хуулиасаа эхлээд, Үндсэн хуулийн Цэцээсээ эхлээд Монголын төр дампуурч байна. Энэ хулгайтай ялаагүй. Төрийн эсрэг, Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийгээд сууж байна. Үндсэн хуулийн Цэцинхэн тэтгэвэртээ гараад зөнчихсөн байна. Зөнөчихсөн хүмүүсийг буцааж тат. Хууль бус шийдвэр гаргаж, төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн нөхдүүдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэ. Үндсэн хуулийн хямрал ард түмнийг босгодог. Гэтэл түүнийг нулимж, самраад сууж байгаа хүмүүсээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулдаг байж таарахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж