Урь орж, байгаль дэлхий өнгөө засан ханзарсан цасан дороос нялх ногоо ургаж эхэлжээ. Зун дөхөж, уул тал ногоорохын хирээр цэвэр агаар, их хотын бужигнаантай үйл явдлаас “залхагчид” зуслан гарахыг хичээдэг. Үүний улмаас зуслангийн байшингийн хэрэгцээ илт нэмэгдэж, үнэ нь ч өсдөг билээ. 2021 онд зуслангийн байшингийн түрээс 1.2 сая төгрөгөөс эхэлж байсан бол 2022 онд 1.5 сая хүрч байжээ. Тэгвэл энэ жил түрээсийн үнэ хэд хүрсэн талаар сурвалжлахыг зорив.
Арваад жилийн өмнө уул, ус, ургамал ногоо арвин, байшин барилга битгий хэл модон хашаа ч үгүй байсан зуслангийн бүс нутгууд өдгөө цементээр хучигдаж, уулын толгод, гол горхи төмөр хашаагаар хүрээлэгдэж, хотоос нэг их ялгагдахгүй аж. Гэхдээ л нярай, бага насны хүүхэдтэй болон өндөр настай эцэг, эхээ зусланд гаргах гэсэн иргэдийн сонирхлыг түрээслүүлэгчид халаасаа түнтийлгэх нэгэн хэрэгсэл болгож буй. Хичнээн шигүү, цементэн барилга ихтэй, тоглох, нарлах талбай багатай, уул, уснаасаа хол ч иргэд гол нь цэвэр агаар, чимээ шуугиангүй орчин хүснэ. Амралтын өдөр ч хотоо тойрсон цэвэр агаар "хайж", уул усаа бараадах нийслэлчүүдийн хувьд зуны улирлын турш дуу чимээ багатай, тохитой зуслангийн бүсийг зорих нь элбэг билээ. Нийслэлийн зуслангийн бүс болох Шадивлан, Хандгайт чиглэлд хамгийн их зуслангийн бүс байдаг бол сүүлийн жилүүдэд Гачуурт чиглэлд зуслангийн бүс нэмэгджээ.
Гачуурт, Хандгайт, Шадивлан чиглэлд зуслангийн газар олгохоос гадна, түрээсийн хаус, амралтын баазууд шил дараалан шинэчлэгдэж, байгуулагдаж, урин цаг ч ид сезоны улирал нь болжээ. Хаана тухтай, цэвэр орчинтой, тохилог зуслангийн байшин байна, иргэд түүнийг дагаж хошуурах нь үнийн хувьд хэт өндөр байгааг шүүмжлэх хүмүүс олон байлаа.
Зуслангийн байшингийн нэг сарын түрээсийн үнэ хамгийн багадаа сарын 400 мянган төгрөг. Гэхдээ төлбөрийг бөөн авах тохироотой. Байршлын хувьд Шадивлан гэнэ. Ерөнхийдөө нэг өрөө зуслангийн байшин байршлаасаа хамааран сарын 400-800 мянган төгрөгийн үнэтэй байна. Жигжид, Шадивлан, Гачуурт, Шарга Морьт, Хандгайт, Чингэлтэйн эцэс, Сэлх зэрэг зуслангийн бүсээс та дээрх үнээр нэг өрөө эсвэл хоёр давхар жижиг байшин сарын турш түрээслэж болно. Үүнээс дээш сарын түрээс 7.5 сая төгрөгт хүрчээ.
Дотроо бие засах өрөөтэй, цэвэр, бохир ус, цахилгаан нь шийдэгдсэн, хоёр давхар, дор хаяж дөрвөн өрөөтэй, модны дэргэд байшингуудын түрээсийн дундаж үнэ 2-2.5 сая төгрөг байна.
Түрээслүүлэгчид төлбөрийг гурван сар эсвэл дөрвөн сараар бөөнд нь авах шаардлага тавихаас гадна барьцаа нэг сарын төлбөр болгон багадаа 500 мянган төгрөг шаардах болжээ. Мөн “өөриймсөг”, “ тохитой гэр бүлд”, “цөөн ам бүлтэй” гэх нэмэлт шаардлагыг тавих юм.
Зар мэдээллийн сайтаас харахад, зуслангийн байшинг түрээслүүлэхээс илүүтэй түрээслэх зар хамгийн эрэлттэй байна. Гэвч иргэдийн сонирхолд нийцсэн ая тухтай, боломжийн үнэтэй зуны байшин олно гэдэг ёстой л эрээд олддоггүй эрдэнэ болжээ.
Зуны гурван сар зусланд гарахад халаасандаа багадаа л гурван сая төгрөгтэй байх шаардлага гарах нь.
Сүүлийн үед ажиглагдах болсон шинэ үйлчилгээ бол хоногийн түрээс. Үнийн тухайд 45 мянгаас 800 мянган төгрөг. Муурын болон модон байшин хоногийн 45-400 мянган төгрөг. Энэ нь тохижилт болон байршил, орчноос хамаарч үнэ нь харилцан адилгүй. Харин хоёр давхар тохилог хаус хоногоор түрээслэхэд дундаж үнэ нь 500-650 мянган төгрөгийн үнэтэй байна.
Худалдах авах үнийн тухайд газрын гэрчилгээтэй, төв замаас холгүйхэн нэг давхар, жижиг хэмжээний байшин 40 сая төгрөг гэнэ. Үүнээс дээш зуслангийн байшингийн үнэ нэг тэрбум дөхөх ажээ. Зарим нь байшингийнхаа м.кв-ыг 2.2 сая төгрөгөөс эхлэн үнэлжээ.
Удахгүй сурагчдын амралт эхэлж, зуслан зоригсдын хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Энэ үеэр дээрх үнэ хэлбэлзэж, өсч, уруудахыг таашгүй.
Холбоотой мэдээ