Гурван настай бяцхан охин дөрвөн давхраас унаж, маш хүнд бэртсэн. Тухайн үед охины ходоод нь хагарч, эмч нараас найдваргүй гэх үгийг сонсч байжээ. Гэсэн ч олон том хагалгааны дараа охин амьд гарч чадсан. Энэ бүхнийг даван туулсны дараа аав, ээж нь охиноо бүжгээр хичээллүүлэхээр болжээ. Учир нь хагалгааны дараа ходоодонд нь наалданг үүсэх эрсдэлтэй учраас байнгын хөдөлгөөнтэй байлгавал охин минь урт насална гэж бодсон хэрэг. Нээрээ л бүжгийн урлаг охинд амьдрал бэлэглэж чадсан. Тэр бүжгийн урлагт анхны гэх үндэс суурийг тавьж, олон сайхан авьяаслаг шавь нарыг төрүүлсэн гавьяатай бүжиг дэлгээч, урлаг судлаач болсон. Энэ хүн бол Мөнхбадрахын Мөнгөнцэцэг. Тэрбээр одоо ЮНЕСКО-ийн Дэлхийн бүжгийн зөвлөлийн гишүүн, СУИС-ийн ахлах багш, “Соёмбо” чуулгын бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/ хүн. Тун удахгүй “Тэнгри бүжи” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж буй түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-Таныг найман наснаасаа бүжгээр хичээллэсэн гэж сонссон. Багаасаа авьяаслаг охин байж дээ. Анх хэрхэн бүжгийн урлагт хөл тавьж байв?
-Би есөн хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд Монголын пионерын ордон гэж байхад бүжгийн дугуйланд анх элсэн орсон. Анх орсон жилээсээ цасан охин болж, Монголын анхны өвлийн өвгөн, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайг дагаж байгууллагуудаар явдаг болсон. Дараагаар нь Монголын бүжгийн урлагийн мундаг мастер, бүжиг дэглээчдийн гараар орж, бүжиглэсэн. Энд тэнд тоглолтоор их явна. Үйлдвэрчний соёлын төв ордоны “Хараацай” цэнгээнт бүжгийн дугуйланд их юм сурсан даа. Хүүхэд нас маань Хүүхдийн ордон болон “Хараацай” чуулгад өнгөрсөн гэж хэлж болно. Би 75 дугаар сургуульд арван жилээ төгссөн. Үеийнхэн дундаа ганцаараа бүжгээр хичээллэдэг байсан учраас ангийнхны бүгдийг нь бүжиглэдэг болгохын тулд бүжиг зааж өгнө.
Ангиараа вальс, танго, самбо бүжиглэе гэж уриална. Зарим хүүхдүүд нь их дурамчхан, ичиж зовно. Тэгээд төгсөлтийн баяраараа ангиараа вальс эргэж байлаа.
-Гэр бүлийн хамтлагтай байсан гэл үү?
-Миний бүжгийн суурийг тавьсан хүмүүс бол аав, ээж хоёр маань. Намайг хүүхэд байхад манай гэр бүл тоглолт их хийдэг байсан. "Оргил” рашаан сувиллын ажилтан Мөнхбадрахын гэр бүлийн концерт гээд л… Манайхан Бүх ард түмний урлагийн үзлэгийн наадмын их олон медальтай. Ах дүү есүүлээ дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө. Би дуун дээр хамгийн доод хоолой болно. Харин бүжиг дээр хамгийн урд бүжиглэж, ятга, гитар хөгжим тоглоно. Бусад рашаан сувилалын газруудаар нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулдаг “Жаргалан” нэртэй хамтлагтай байсан.
Ялангуяа “Оргил” болон Улаанбаатар сувилалд амралтын өдрөөр байнга нийтийн бүжиг хийнэ.
Тэндээс үүдээд бодоход аав ээж маань багаасаа урлагт дуртай, спортлог хүүхдүүд болгож өсгөсөн. Аав маань хөл бөмбөгийн спортын анхны мастеруудын нэг. Урлагийн их авьяастай хүн. Ээж маань хөдөө аж ахуйн мэргэжилтэй, малын их эмч хүн. Тэгсэн мөртлөө ятга тоглоно, бүжиглэнэ үелнэ.
-Тэгэхээр эргэлт буцалтгүй бүжигчин мэргэжлийг сонгохоос ч өөр аргагүй юм байна?
-Би үерхэлдээ үнэнч байсан гэх үү. Анхны Соёл гэгээрлийн дунд сургуулийн бүжгийн багшийн анхны анги 1989 онд Монголд байгуулахад тэр ангид урилгаар элсэн орсон. Тэндээ хоёр жил суралцаад төгсөхөд Соёл урлагийн их сургуульд бүжиг дэглээч багшийн анги нээгдэж, суралцсан. Өмнө нь бүжиг дэглээчдийг гадаадад бэлтгэдэг байлаа шүү дээ. Балдангийн Алтанцэцэг гэж хүн нэлээн хөөцөлдөж, санаачлан байгуулсан түүхтэй. Тэгээд би 1993 онд гурван өдөр шалгалт өгч байж энэ ангид тэнцсэн.
Тэгэхгүй ямар нэгэн бүжиглэх авьяасгүй, дэглэх найруулах сэтгэхүй муу байх юм бол тэнцэхгүй шүү дээ. Би улаан шугамны татахад хамгийн сүүлд жагсч, тэнцэж байснаа маш тод санагдаг юм.
-Одоо ч Соёл урлагийн их сургуульдаа багшилж байгаа юу?
-Би Соёл урлагийн их сургуулийн их сургуульдаа 18 дахь жилдээ багшилж байна. Миний хувьд сургуулийнхаа 1997 оны төгсөгч. Манай анхны ангиас хоёр Боловсролын гавьяат багш, хоёр урлаг судлалын ухааны доктор, нэг доктрант төрөн гарсан байна. Бүгд мэргэжлээрээ ажиллаж буй. Би 2008 онд СУИС-ийнхаа магистраа “Хадны зураг дахь бүжиг дүрслэл” сэдвээр хамгаалсан. Мөн 2021 онд Урлаг судлалын ухааны докторын зэргээ “Хадны зураг, адууны тамганаас монгол бүжгийн хөдөлгөөн эвслийн гаргалгаа” сэдвээр хамгаалсан. Төрөлх сургуульдаа багшилж, жил болгон урлагийн бүжигчний анги, багшийн анги, найруулга дэглээчийн анги гээд гурван мэргэжлээр оюутнуудыг төгсгөдөг. Энэ жил манай бүжгийн урлагт дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж эхэлсний 30 жилийн ой тохиож байна.
Бас ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгад бүжиг дэлгээчээр ажилладаг. Чуулга маань байгуулагдаад нэг жил болж байна. Чуулгынхаа нэг жилийнхээ ойгоор өөрийн тоглолтоо хийх гэж байгаад их бэлгэшээж байгаа. Манай чуулга хамгийн отгон чуулга бөгөөд 37 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай чуулгын даргаар дуучин Б.Анхбаяр ажилладаг бол уран сайхны удирдаачаар Д.Мягмардорж, найруулагчаар Э.Болормаа, би бүжиг дэглээчээр ажилладаг. Соёмбо чуулга маань бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ тоглолтод оролцоно.
Дандаа сайхан шижигнэсэн шинэ залуу уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ өргөнө. Манай чуулгын хамт олон байнга дэмжиж тусалдаг. Уран бүтээлчид маань их олон сайхан уран бүтээлүүд хийж байна.
-Бүжигчин хүн ажилласан жил, туршлагаараа бүжиг дэглээч болдог гэж ойлгодог?
-Яг бүжгийн урлагийн анги гэхэд тусгай хөтөлбөртэй. Бүжиг дэглэн найруулах анги нь бас өөр. Тэгэхээр оюутан залуус их сургуулийн дөрвөн жилийн хугацаанд аль мэргэжлийг сонгосноос шалтгаална. Ер нь дэглээч хүн бас бүжиглэхгүй бол болохгүй. Бүжгийн хөдөлгөөнийхөө учир холбогдлоос авхуулаад эвсэл, ур чадвар, намба гэж байна. Энэ бүхнийг өөрийнхөө бие дээр мэдэрсэн хүн бүжгээ дэглэхэд илүү дөхөм байдаг. Багшлах хүн илүү заах арга зүй, хичээлийн хөтөлбөрийн дагуу гол утга санааг мэдсэн байхад болно. Дэглээч хүн өөрөө биеэрээ үзүүлж харуулж хөдөлгөөнөө заана. Тиймээс бүжигчин байж байгаад дэглээч болох нь илүү үр дүнтэй.
Миний хувьд залуу насандаа их бүжиглэж байсан. Одоо ч бие биелгээгээ хийнэ. Бүжигчин хүнээс маш их хурд, хэмжээ хэмнэл шаарддаг учраас бүжгийн урлагийг залуу насны урлаг гэх нь ч бий.
-Таны нэрийн хуудас болсон бүжиг бол “Домог биелгээ”. Энэ уран бүтээл хэрхэн бүтсэн тухай ярихгүй юу?
-“Харанга” хамтлагийн Ц. Чулуунбат ахын хөгжим “Толин хул” ая бий. Харангын Х.Лхагвасүрэн ах дуулсан дуу шүү дээ. Энэ аян дээр “Домог биелгээ”-г бүжиглэсэн байдаг юм. Тэр бол миний нэрийн хуудас уран бүтээл. Хань Д.Энхбаяр маань энэ бүжгийн зохиол, нэрийг нь өгсөн. Бид хоёр гадаадад амьдарч байгаад 2010 онд эх орондоо ирсэн. Тэгээд надад хань минь “Энэ аян дээр биелгээ хийвэл яасан юм бэ. Энэ их гоё ая байна. Домог болтлоо яваасай” гэж маш тод хэлсэн. Надад дууны нэр, ая аялгуу, үг ч их маш их таалагдсан. Тэгээд археологийн олдвороос олдсон хүннү захтай дээлний загвараас санаа авч, хувцас хийлгэсэн.
Би хадны зураг судлаач хүн учраас бүжгийн хөдөлгөөнөө хадны зургаас авч, энэ бүтээл төрсөн. Энэ бүтээл Мөнгөөгийн гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. Яах аргагүй миний нэрийн хуудас мөн.
-Эртний хадны зургийг бүжгийн урлагтай хослуулан судалсан хүн хэр олон байдаг юм бэ?
-Анх 1995 онд оюутан байхдаа хадны зургаас сэдэвлэсэн зохиомжийг хичээл дээрээ их хийдэг байсан. Тэгээд 1998 оноос улам гүнзгий судалж эхэлсэн. Хадны зураг бол Монголд төдийгүй дэлхийн олон оронд байдаг бөгөөд байгалийн ил музей гэж явдаг. Эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн байгалийн музейд буй дүрслэх урлагийн бүтээлүүд. Тухайн цаг үед хүмүүс хадны зургийг бүтээл болно гэж бодохгүйгээр ямар нэг онцгой үйл явдал, төсөөллөө хадандаа зурж үлдээсэн. Тэр нь яг энэ чигээрээ бидэнд үлдэж, ирж байгаа нь авууштай сайхан. Энэ бүхнийг бид тухайн нийгэмд ийм байсан болов уу гэж түүхэн цаг хугацааг урлагаар дамжуулан илэрхийлж байгаа юм.
Дүрслэх урлагт хадны зургийг зурдаггүй улс орон гэж байхгүй. Бүхий л улс үндэстний зураачид хадны зургаас санаа авсан байдаг. Харин бүжиг болгосон нь их ховор.
Би гурван өдрийн өмнө Дэлхийн хадны зургийн холбооноос нэг мэдээ хүлээж авсан. Тэр холбооны тэргүүн нь Польш хүн байдаг юм байна. Тэр хүн надтай холбогдож, "Удахгүй болох хадны зургийн их хуралд онлайнаар оролцохыг урьсан. Ингэхдээ тэр хүн "Одоогийн байдлаар дэлхий дээр хадны зургаар бүжиг дэлгэдэг хоёр хүн байна. Үүний нэг нь та. Гэхдээ би дахин судалж, хайж байна" гэсэн. Нөгөө дэглээч нь Бразил улсад орчин үеийн модерн чиглэлээр бүжиг дэлгэдэг хүн. Миний хувьд язгуур уламжлал дээрээ суурилж, бие биелгээтэйгээ холбож, хийсвэрлэл, ажиглалтын аргаар хүний биеэр илэрхийлж гаргадаг. Гэхдээ натурлаг байдалтай гэх үү.
-“Тэнгри бүжи” гэдэг тоглолт хийх гэж байгаа гэж дуулсан. Тоглолтын бэлтгэлээ хэрхэн базааж байна?
-Тоглолтын бэлтгэл маш сайн хангагдсан. Бүх хар зургууд гарсан. Бүх театр, чуулгын уран бүтээлчид бэлтгэлээ хийж байна. Энэ тоглолтоо уг нь 2020 онд хийх байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон. Тоглолтын зохиол, дэс дараалал нь бүгд тодорхой болж, хань маань найруулагчаар ажилласан. Бүжи гэдэг үг 1000 жилийн өмнө бүжиг гэдэг утгаар хэрэглэгдэж байсан монгол үг. Эртний толь бичигт тэмдэглэгдэж үлдсэн байдаг. "Тэнгэр" гэдэг нь даяар олноороо, хам олноороо, өргөн утгаараа, бүх нийтээрээ тэнгэрлэг байх утгатай. Монгол бүжиг, монгол хүн тэнгэр шигээ уужим, тавлиун ухаантай тал нутгийн сайхан эзэн байгаасай гэдэг бэлгэдэлтэй.
Бид олон улсад ганц адуугаараа, тал нутгаараа бус өнөөдрийн дэлхийн монгол хүн ямар байх ёстой юм бэ, ямар тамгатай, удам судартай хүн юм бэ гэдгээ илэрхийлж чаддаг байгаасай гэж бодсоны үндсэн дээр уран бүтээлүүд маань төрөн гарсан юм.
Би 2004 онд анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо “Бодит нүүдэл буюу хүн нүүдэл” нэртэйгээр хадны зургаар сэдэвлэсэн бүтээлээр бэлэг барьж байсан. Тун удахгүй "UB Palace" концертын танхимд дөрөвдүгээр сарын 21-нд бие даасан хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. Хадны зураг дээрээ нэмээд адууны тамганаас сэдэвлэсэн уран бүтээлээ толилуулна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн уран бүтээлийн тайлан тоглолт гэж ойлгож болно. Миний хувьд бүжгийн урлагтай амьдралаа холбоод 44 жил болж байна. Энэ бол бага хугацаа биш. Найман настайгаасаа эхлээд 44 жил бүжгийн урлагт суралцаж, зааж сургаж, олон сайхан мундаг шавь нарыг төрүүллээ. Энэ бол миний бахархал.
Мөн дэргэд байгаа ханьтайгаа амьдралыг туулаад 33 жил болж байна. Хуримаа хийгээд 30 жил болж байна. Дэргэд байгаа хүн уран бүтээлд их нөлөөлдөг. Урлагийн тайз, дэлгэцийн найруулагч мэргэжилтэй хүн л дээ. Миний үнэтэй зөвлөгч, ах, аав минь ч юм шиг, шүүмжлэгч аль эсвэл миний эсрэг хүн ч юм шиг…Тэр бүхнээс л шинэ уран бүтээл төрөн гарч байдаг. Австри улсад амьдардаг ээж маань хүртэл бүжгийн тал дээр надад зөвлөгөө өгдөг. Намайг 10 жилд байхад л үелзүүр бүжиг зааж өгсөн хүн л дээ.
-Тоглолтын үеэр уран бүтээлчид тайзнаа, үзэгчид зөвхөн суугаад үзэхгүйгээр хамтдаа бүжиглэнэ гэсэн үү?
-Тэгнэ. Үзэгчид амтдаа бүжиглэж, мэдэрнэ гэсэн үг. Орчин маань түүхэн цаг хугацаагаар аялуулна. Тухайлбал “Домог” биелгээг үзэгчид надтай хамт бүжиглэнэ. Эртний, сурвалжит, ордны, бие биелгээний үе гээд хэсгүүдтэй. Ер нь түүх маань ийм байсан гэдэг танин мэдэхүйн мэдээлэл авч, соёлын боловсролыг олгоно. Дээрээс нь олон хүнд хүрээсэй гэж бодоод “UB Palace” төвийн тайзыг сонгосон. Тэрнээс биш цөөн хүнд тоглолт хийж болох байсан. Энэ бол нэлээн түүх, бидний өв соёлыг хөндөж байгаа.
Хөдөөгийн Пэрлээ гуай нэг номондоо “Монгол түмний гарлыг адууны тамгаар нь хөөж, судалж болно. Энэ тамга бол Манжийн дарлалын үед устаж алга болоогүй цор ганц өв” гэж захиж үлдээсэн. Энэ тамгуудыг хөдөлгөөнд оруулна гэдэг бас их содон бөгөөд сонин. Энэ бол инновацийн бүтээлүүд. Тоглолтын 80 хувьд хээрийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон бүтээлүүд байх болно.
Олон уран бүтээлч урилгаар оролцож байгаа. Тодруулбал, "Соёмбо" чуулга, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу бүжиг, Хилийн цэрэг, Сүлд, Түмэн-Эх чуулгын бүжигчид, бүжгийн “Натурдаанс”, “Эсэргэн”, “Хатантуул”, “Moondance” хамтлаг оролцоно. Урилгаар Төрийн соёрхолт "Баянгол" чуулга, Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг, НҮБ-ын элч дуучин, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, уртын дуучин Э.Болормаа, Т.Дэлгэрмөрөн, Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг, бөмбөрийн “UB drums” хамтлаг оролцоно. Бас Улаанбаатар хот дахь бүжгийн бүх ансамблей оролцоно. "Хатантуул" цэнгээнт бүжгийн хамтлагийн анх би үүсгэн байгуулсан. Энэ нэрийг бас би өгсөн. Ахмад шавь нарын нэг Д.Саранхүү бол ДАШТ-д амжилт гаргасан "Moondance” хамтлагийн дасгалжуулагч. Тоглолт бол үзэгчдийг уйдаахгүй.
-Уран бүтээлийн тайлан тоглолтоосоо маш сайхан энерги, том урам авахыг хүсье?
-Баярлалаа. Та нартаа ажлын амжилт хүсье. Монгол хүн болгон эрүүл энх байгаасай гэж хүсье.
Гэрэл зургийг О.Болорсувд