УИХ-ын сонгуулийн хууль, Үндсэн хуультай холбоотойгоор хэлэлцэх зайлшгүй яригдах нэг төсөл бол Улс төрийн намын тухай, намын санхүүжилтийн тухай хуулиуд. Эдгээр хуулийг эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барихаар хүлээгдэж буй. Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилтийг төрөөс шууд болон шууд бус хэлбэрээр олгох, намын хатуу гишүүнчлэлгүй байх зэрэг зохицуулалт оруулах талаар намууд байр сууриа илэрхийлж буй.
Улс төрийн намын тухай хуулийн төслийг анх 1990 онд баталж байсан бөгөөд 2005 онд шинэчлэн найруулж, түүнээс хойш долоон удаан нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. 5 бүлэг, 24 зүйл, заалттай. Тус хуулийн төслийг сайжруулах ёстой, цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх ёстой гэсэн санаачлага үе үеийн парламентын босго давж чаддагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны нэгдүгээр сард Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж байсан ч түүнийг хэлэлцэлгүй, тэгсгээд өнгөрсөн байдаг. Тухайн үед хууль санаачлагч, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна гэж судлаачид дүгнэдэг. Улс төрийн намын тухай хуулийг 1990 онд баталснаар улс төрийн намын эрх зүйн үндсийг анх тогтоож, улмаар 2005 онд Улс төрийн намын тухай хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй байна гэж тодотгож байв.
Улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар Монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжрах нөхцөл бүрдэнэ гэж судлаачид онцолдог.
Хамгийн сүүлд Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-аас Монгол Улсын улс төрийн намын тухай хуулийн төсөлд шинжээчдийн хамтарсан дүгнэлт, зөвлөмжийг 2023 онд гаргажээ. Үүнд, Монгол Улс улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн, өөрчлөх гэж байгааг сайшаагаад хэд хэдэн зөвлөмж, саналуудыг тусгажээ. Тухайлбал, улс төрийн нам байгуулах босгыг бууруулах, бүх улс төрийн намууд тэгш гараанаас өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, удс төрийн намын гишүүнчлэлийн асуудлыг нээлттэй болгох зохицуулалтуудыг шинээр оруулах ёстой гэжээ. Ялангуяа улс төрийн нам үүсгэн байгуулах, бүртгүүлэх процессыг хуулийн төсөлд тодорхой тусгаж, зарим заалтыг нь хасах нь зүйтэй хэмээн зөвлөжээ.
Тэдний өгсөн урьдчилсан саналд,
- Улс төрийн нам байгуулах, бүртгэх үйл ажиллагааг хялбарчлах, улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт, бүтэц, шийдвэр гаргах дүрмээ бие даан шийдвэрлэх нөхцөлийг хангахын зэрэгцээ улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд төрөөс хэт их оролцохыг зөвшөөрсөн заалтыг хасах
- Төслийн 5.1-ээс улс төрийн нам байгуулах, гишүүнээр элсэхийн тулд “сонгуульд санал өгөх эрхтэй” гэсэн заалтыг хасч, ерөнхийд нь Монгол Улсад сонгуулийн эрх олгохтой холбоотой одоогийн хязгаарлалтыг хүчингүй болгох, дахин хянах
- УИХ-ын хоёр удаагийн сонгуульд дараалан нэр дэвшүүлээгүй, удирдах байгууллага нь таван жил идэвхгүй болсон зэрэг үндэслэлээр үйл ажиллагаа нь идэвхгүй гэж тооцохтой холбоотой татан буулгах үндэслэлийг авч үзэх, үүний оронд үйл ажиллагаа нь тогтвортой болох хүртэл төрөөс олгох татаасыг түр хэсэгчлэн эсвэл бүрмөсөн түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах зэрэг харьцангуй зөөлөн арга хэмжээг тусгах. Мөн намыг татан буулгаагүй ч идэвхгүй гэж үзсэн бол сонгуульд оролцохыг хориглох заалтыг хасах
- Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн үндэслэл, тодорхой бодлогод суурилсан шаардлагад нийцэж буй эсэхийг Төрийн аудитын байгууллагаар баталгаажуулах тухай шаардлагыг хүчингүй болгох
- Улсын нөхцөл байдлыг харгалзан үзэж, төсвийн санхүүжилтийг авахын тулд нийт саналын 3 хувийг авсан байх босгыг бууруулах, харин парламентад суудалгүй болон шинээр байгуулагдсан намуудад ашигтай, улс төрийн олон ургалч үзлийг хангахуйц төрийн санхүүжилтийн илүү шударга хэлбэрийг зааж өгөх. Сонгуулийн сурталчилгааны бүх хугацаанд тэгш боломжийг хангах үүднээс сонгуулийн үйл явцын эхэнд санхүүжилт олгох боломжтой зохицуулалт хийх
- Тодорхой зохицуулалтын шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох байгууллагаас сануулга өгсний дараа Улс төрийн намуудад уг алдаа, зөрчлийг засах боломж олгох үүднээс тодорхой хугацааны дараа /хэдэн сарын дараа гэх мэт/ төрийн санхүүжилтийг түдгэлзүүлэх заалт оруулах
- Хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэхэд бодитой үр дүнтэй зөрчилд нь тохирсон арга хэмжээг зааж өгөх
- Улсын дээд шүүх нь хууль, баримтыг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд улс төрийн намыг татан буулгах тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хэвээр нь батлах ёсгүй гэдгийг хуулийн төсөл боолн холбогдох бусад хууль тогтоомжид тусгайлан зааж өгөх зэрэг саналуудыг зүйл заалт бүрээр нь тодорхойлон, зөвлөмжид тусгажээ.
ЕАБХАБ-ны Монгол Улсын улс төрийн намын тухай хуульд өгсөн зөвлөмжийг ЭНД дарж үзнэ үү.
Монгол Улсын дээд шүүхэд нийт 36 улс төрийн нам бүртгэлтэй. Үүнээс өнөөдөр хэдэн нам идэвхтэй үйл ажиллагаа явуулж, улс төрийн үйл ажиллагаа эрхэлж байгааг тоолоод үзвэл гарын таван хуруунд багтах л намуудыг иргэд нэрлэж чадна.
Эх сурвалжуудын мэдээллээр Улс төрийн намын тухай болон санхүүжилттэй холбоотой хууль боловсруулж дууссан бөгөөд тун удахгүй өргөн барьж магадгүй гэсэн мэдээлэл байна. УИХ дээр энэ хуулийн төслийг шинэчлэн найруулах санал гарч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, санаачлагыг УИХ гартаа авсан ч Монголын улс төрийн намуудын тоглоомын дүрмийг өөрчлөх санаачлага Ерөнхийлөгчөөс гарах ёстой хэмээн хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барихаар болсон билээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ