Хятад, барууныхны харилцаа хурцадмал байгаа энэ үед Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Бээжинд айлчилсан билээ. Энэхүү айлчлалын дараа буюу дөрөвдүгээр сарын 7-нд 51 зүйл бүхий Хятад, Францын хамтарсан мэдэгдэл нийтлэгдсэн. Хамтарсан мэдэгдэл нь хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлээд зогсохгүй, дэлхийн сорилтуудыг шийдвэрлэх үнэ цэнтэй оролдого байв.
Өдгөө Хятад, АНУ хоорондоо сөргөөцөлдөж байгааг дэлхий харж байна. Үүний зэрэгцээ дэлхийн засаглалд ч бас Хятад, АНУ, нэмэх нь Европ манлайлж байна. “Тиймээс сөргөлдөөнд төвлөрөхийн оронд илүү тогтвортой гурвалжинг үүсгэх арга замыг сонгох ёстой” гэж Парисын Энх тайвны форумын ерөнхий захирал Жастин Вайссе хэллээ. Өөрөөр хэлбэл, гурван талт өрсөлдөөнийг хамтын ажиллагаатай хослуулан шийдвэрлэх хэрэгтэй аж. Тэгвэл Хятад, Францын хамтын ажиллагаа болон өрсөлдөөний тэнцвэрийг хангах гол салбар нь иргэний цөмийн эрчим хүч юм. Цөмийн эрчим хүч нь өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад, Францын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг байсан. Тодруулбал, энэ хүрээнд технологийн судалгаа, хөгжүүлэлт, аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, боловсон хүчний сургалт, ашиглалтын дараах үйл ажиллагаа зэрэг салбарт хамтарч ажилласан. Өдгөө гуравдугаар үеийн реакторууд дээр тэдний өрсөлдөөн өрнөж, хамтран ажиллах, дэвшилтэт технологийг хөгжүүлэх боломжийг бий болгож байна.
Хоёр улс саяхан 23 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээгээ хийсэн. Энэ үеэр иргэний цөмийн эрчим хүч, сансар судлал, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон юм. Мөн Африк, Төв болон Зүүн Европыг хамарсан дэд бүтцийн бүтээн байгуулалт, байгаль орчныг хамгаалах, шинэ эрчим хүч зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа.
Францын цөмийн технологи нь Хятадын гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний технологийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ. Өнөөдөр Францын цөмийн эрчим хүчний салбар Хятадад машин техник, эд анги нийлүүлдэг гол нийлүүлэгч хэвээрээ байна. Жишээлбэл, Францын “Famatron AREVA Thermomont” гол насос нь Хятадын цөмийн эрчим хүчний байгууламжид зайлшгүй шаардлагатай бөгөөд өдөр бүр засвар үйлчилгээ хийж, ажиллуулахын тулд Францын бизнес эрхлэгчдийн техникийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Хятадын цөмийн эрчим хүчний “CGNPC” групп 2022 оны арваннэгдүгээр сард “Famatron AREVA Thermomont” тэргүүтэй дэлхийн цөмийн салбарын акулуудтай 572 сая ам.долларын гэрээ байгуулсан.
Дашрамд дурдахад, Францын цахилгаан эрчим хүчний компани “Électricité de France” нь Хятадын эрчим хүчний салбарын гадаадын гол хөрөнгө оруулагч юм. Тус компани Хятадтай хамтран зургаан блок бүхий гурван атомын цахилгаан станц барьж, ашиглалтад оруулсан. Одоогоор дахин хоёр станц баригдаж байна.
Түүнчлэн 2018 онд Макрон, Ши Жиньпин нар Тайшаны атомын цахилгаан станцын нэгдүгээр хэсэг буюу Францын гуравдугаар үеийн реакторыг хамтран нээсэн. Гуравдугаар үеийн реакторын олон улсын зах зээл дээрх гол өрсөлдөгч нь Хятад, Франц юм.
Гуравдугаар үеийн реакторын технологийг мөн АНУ-ын “Westinghouse Electric Company Limited” фирм, Францын “Framatone” болон “EDF”, Оросын “OKB Gidropress”, Хятадын “China General Nuclear Power Group”, “Hualong One”, “CNNC” компаниуд эзэмшиж байна. Эдгээр компани дэлхийн хэмжээнд төлөвлөсөн 400 гаруй цөмийн реакторын төлөө өрсөлдөх юм.
Хятад, Франц хоёр цөмийн эрчим хүчний салбарт өрсөлдөхөөс гадна гуравдагч талын зах зээлд чухал түнш хэвээр байна. Цөмийн реактор барихад их хэмжээний санхүүгийн болон техникийн дэмжлэг шаардлагатай байдаг бөгөөд үүнийг нэг компани, тэр бүү хэл нэг улс ч дангаараа төлж дийлэхгүй юм. Тиймээс дэлхийн цөмийн эрчим хүчний зах зээл дэх хамтын ажиллагаа компаниудад өрсөлдөх чадвараа хадгалахад тусалдаг.
“Бүс ба зам” дагуух орнуудын цөмийн эрчим хүчний зах зээл асар их нөөцтэй. Тиймээс 2030 он гэхэд “Бүс ба зам” санаачлагад нэгдсэн орнуудад цөмийн эрчим хүчний 107 шинэ блок барихаар төлөвлөж байна. Эдгээр блок ашиглалтад орсноор 115 сая киловатт цөмийн эрчим хүчийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ.
Нөгөөтэйгүүр, Европын орнууд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр хоёр хуваагдсан. Европын холбооноос зарласан сэргээгдэх эрчим хүчний зорилтыг Герман, Испани улс дэмжихгүй байна. Харин Франц энэ асуудалд илүү амбицтай хандаж буй. Гэвч Францын амбицаас үл хамааран Европын цөмийн эрчим хүчний зах зээл тодорхойгүй хэвээр байна. Франц дөрөвдүгээр үеийн реакторын бүтээн байгуулалтаараа Хятадаас бага зэрэг хоцорсон. Учир нь санхүүгийн асуудлаас болж Францын төлөвлөж буй 600 мвт-ын реакторын ажил 2019 онд түр зогссон байна. Гэтэл Хятадын “HTR-PM” өндөр температурт реактор 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн хүчин чадлаараа амжилттай ажиллаж эхэлжээ.
Хоёр улсын аль аль нь энэ салбарт арвин туршлагатай учир дөрөвдүгээр үеийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Энэ нь зөвхөн Хятад, Францын харилцаагаар хязгаарлагдахгүй, дээр дурдсан тогтвортой гурвалжинг бий болгоход чухал хувь нэмэр оруулна.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ