Байр суурь: Лифтний чанарт маш сайн хяналт тавьдаг

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

Байр суурь: Лифтний чанарт маш сайн хяналт тавьдаг

Байр суурь: Лифтний чанарт маш сайн хяналт тавьдаг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг дөрөвдүгээр сарын 5-нд зохион байгуулсан. Энэ үеэр ашиглалтын шаардлага хангахгүй, хугацаа дууссан 1000 орчим лифт байгааг анхаарах хэрэгтэйг албаныхан мэдээлсэн. Тодруулбал, нийслэлд нийт 8600 гаруй цахилгаан шатнаас нийтийн орон сууцны зориулалттай 5360 лифт бүртгэлтэй байдаг. Үүнээс 139 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Лифттэй холбоотой осол гарахад хариуцлагатай холбоотой асуудал гарч ирдэг. Тиймээс лифтэнд хэрхэн хяналт тавьдаг, шинээр ашиглалтад оруулах, ашиглахтай холбоотой ямар шаардлага байдаг талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.


УЛСЫН КОМИСС САЙН АЖИЛЛАВАЛ 20 ЖИЛ АШИГЛАХ БАТАЛГАА ӨГСӨН ЛИФТЭЭ ТАВАН ЖИЛИЙН ДАРАА АКТЛАХГҮЙ

МСӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.ГАЛБААТАР:

-2017 онд Монголын сууц өмчлөгчдийн холбоо, Нийслэл болон бусад холбогдох газартай хамтарч шалгалт хийхэд 200 гаруй лифт чанарын шаардлага хангахгүй, 180 гаруй лифтний насжилтын хугацаа дууссан гэх дүгнэлт гарч байсан. Түүнээс хойш манай холбооны зүгээс тасралтгүй шүгэл үлээсэн. Гэтэл өнөөдөр 1000 орчим лифт насжилт болон стандартаас шалтгаалж үйлчилгээний зориулалт хангахгүй байна гэдгийг мэдэгдлээ. Энэ бол их тоо.

Өнгөрсөн хугацаанд лифтийн чанарт тавих хяналт сул байсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, угсарсан хойноо магадлагаа хийдэг байсан. Харин өнгөрсөн 2021 оноос гааль дээр хяналт тавьж эхэлсэн. Энэ бол маш сайн зохицуулалт.

Нөгөө талдаа тендерийн хууль дээр мөн гажуудал үүсээд байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд хамгийн бага дүнтэй лифт угсрах компанийг сонгодог. Нөгөө сонгогдсон компани нь мөнгөндөө тааруулаад чанаргүй, хямд лифт авч ирж угсардаг. Өнгөрсөн онд Баянгол дүүргийн 18 дугаар хороо 86 дугаар байрны лифтнээс бага насны хүүхэд унаж нас барсан харамсалтай осол гарсан. Тус байрны тухайд нэг байранд хоёр өөр үйлдвэрийн лифт угсарсан байсан. Нэг нь хятад, нөгөө нь солонгос. Энд мөн л чанарын шаардлага хангасан эсэх асуудал үүссэн. Олон улсын стандартаар авч үзвэл ISO9001 буюу 25 жил ашиглах боломжтой лифт хүлээн авах ёстой. Гэтэл Монголд 15-20 жилийн насжилттай лифт оруулж ирдэг. Энэ нь чанар болоод аюулгүй байдал шууд хангагдахгүй байгааг илтгэж байна. Мөн нөгөө талдаа мэргэжлийн байгууллагууд хангалтгүй ажиллаж байна. Улсын хэмжээнд лифтний мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх нийт 183 байгууллага бий.

Тодруулбал, өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий 180 гаруй байгууллага байдаг ч 40-50 нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Чадамжгүй, ажилтангүй газар хариуцсанаас болж лифтийг нь тонож, эвдэлж улсаас бүрэн санхүүжилт авч засварлах шаардлагатай болдог.  Энэ жишгийг халж, хариуцсан байгууллагуудыг хариуцлагатай болгох шаардлагатай. Үүнээс гадна асуудлыг сууриас нь шийдвэрлэнэ гэвэл Улсын комиссоос эхлэх нь зөв. Хэрэв Улсын комисс сайн ажиллавал 10 жил тутамд урсгал засвар хийгээд 20 жил ашиглах лифтийг таван жилийн дараа энэ лифтийг зогсоо гэдэг дүгнэлт гаргахгүй. Анхнаас нь хүлээж авахдаа баталгаа өгч байгаа бол сайн хянах нь чухал.

Чанаргүй лифтнүүдийг үнэхээр зогсоох бол Улаанбаатар лифт ОНӨТҮГ-ыг хүчтэй болгох хэрэгтэй. Энэ байгууллага үүргээ гүйцэтгэж чадвал өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий 180 гаруй байгууллагад тавих хяналт сайжирч, үүний хэрээр асуудал цэгцэрнэ.

Лифт чанаргүй байгаад нөлөөлдөг дараагийн нэг асуудал бол засвар хийсэн компани өөртөө дүн тавьж өөрөө магадлагаа хийдэг тогтолцоог халах шаардлагатай. Тэгэхээр заавал хөндлөнгийн байгууллагаар магадлагаа хийлгэдэг болох нь чухал. МСӨХ лифт хариуцах мэргэжлийн байгууллага биш учир холбогдох байгууллагуудад санал хүсэлтээ өгч, шүгэл үлээх зарчмаар л ажилладаг.

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ ЛИФТҮҮДИЙГ ШИНЭЧЛЭНЭ

Захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:

-Өргөх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хөдөлмөр, техникийн аюулгүй байдал, чанар стандартыг мөрдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна.

Зарим лифтний эзэмшигч, ашиглагч байгууллага нь тодорхойгүй, засвар, техник үйлчилгээг хариуцдаг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ хийгээгүй.

Мэргэжлийн ажилчин байхгүйн улмаас иргэдийн аюулгүй зорчих байдал алдагдаж, энэ асуудлаар гомдол тасардаггүй. Тиймээс НЗДТГ-ын албанаас 1000 орчим лифтийг шинэчлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хэлэлцээр хийнэ.

ЛИФТЭЭ ДААТГУУЛАХ, НЭГДСЭН САНТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

Улаанбаатар лифт ОНӨТҮГ-ын дарга Д.ГАН-ЭРДЭНЭ:

-Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтийн зориулалттай орон сууцны лифтийг суулгах, шинэчлэх явцад манай байгууллага захиалагчийн хяналт тавьж ажилладаг. Мөн жил бүр лифт чин бэлтгэх сургалт явуулдаг бөгөөд сүүлийн хоёр жилд 50 гаруй ажилтан бэлтгэдэг.

Энэ чиглэлээр ажилтан бэлтгэдэг маш олон байгууллага бий. Гэхдээ энэ чиглэлийн нэгдсэн сургалтын төвтэй болох ёстой.

Улаанбаатар хотод байгаа 8600 гаруй лифтнээс ашиглалтын хугацаа дуусч, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл тэр бүхнийг төр шинэчилбэл төсөвт хүндрэлтэй. Харин хуульд “Нийтийн эзэмшлийн барилгын цахилгаан шатыг төр нэг удаа шинэчилнэ” гэж заасан байдаг. Уг хуулийг үндэслээд иргэд, аж ахуйн нэгжүүд “Төр л шинэчлэх ёстой” гэсэн байр суурьтай явсаар ирсэн. Тиймээс хуулиа өөрчлөх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, лифтийг эзэмшигч, ашиглагч байгууллага, тухайн барилгыг барьж буй компаниуд лифтээ даатгуулах, нэгдсэн сантай болох зэрэг олон улсын туршлагуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

ЛИФТИЙГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВАХДАА ТЕХНИКИЙН БҮРЭН МАГАДЛАГААГ ЗААВАЛ ХИЙДЭГ

Барилга хот байгуулалтын яамны Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, өргөх байгууламжийн бодлого, зохицуулалт хариуцсан шинжээч Э.ЗОЛЗАЯА:

-2008 онд батлагдсан 53 дугаар тушаалаар батлагдсан Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм гэж бий. Энэ тушаалаар шинээр угсарсан лифтийг ашиглалтад оруулахын өмнө Мэргэжлийн хяналтын байгууллага хүлээж авч, бүрэн магадлагаа хийсэн байх ёстой. Бүрэн магадлал хийсний дараагаар ашиглалтад оруулах зөвшөөрөл олгодог. Энэ дүрэмд одоог хүртэл ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

2021 оны есдүгээр сараас лифтийг хилээр шалган нэвтрүүлэхдээ олон улсын итгэмжлэхийн байгууллагын баталгаатайг оруулдаг болсон. Өмнө нь бол аль, аль байгууллагын магадлан итгэмжлэхийг хүлээн зөвшөөрнө гэдгээ тусгаад өгчихсөн байсан.

Орон сууцны барилгын нэг орцонд хоёр өөр үйлдвэрийн лифт угсарсан байх магадлал тун ховор. Угсарсан компани л үүнийг хариуцна гэсэн үг. Нэг шатны хонгилд хоёр өөр аж ахуй нэгж өөр үйлдвэрийн лифт угсрах боломжгүй.

Лифтийг Улсын комисс хүлээж авахдаа техникийн бүрэн магадлагааг заавал хийсэн байх ёстой. Ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдлын бүхий л заалтууд тус магадлагаанд орсон байдаг.

АШИГЛАЛТЫН ХУГАЦАА НЬ ДУУССАН ЛИФТНҮҮД АЖИЛЛАЖ БАЙГАА

Хотын стандарт хяналтын газраас тодруулахад "Ашиглалтын хугацаа дууссан, зориулалт хангахгүй лифтнүүдийн хувьд 2005 оноос өмнөх барилгуудад байгаа. Эрсдэлтэй лифтнүүд одоогоор хэвийн ажиллаж байна. Холбогдох албаныхан хэлэлцээд шат дараатай арга хэмжээнүүдийг авна. Ашиглалтын хугацаа дууссан лифтийг хэрхэн засварлах, урсгал засварыг хэрхэн хийх зэрэгт анхаарч байгаа.

Лифтийг эзэмшигч байгууллага бол сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/. Хэрэв засвар үйлчилгээ шаардлагатай тухай бүрд нь СӨХ ажилласан бол ийм асуудал үүсэхгүй. Төлбөр мөнгөгүй, оршин суугчид хариуцлагагүй байна зэрэг шалтгаан хэлж СӨХ энэ асуудлыг хариуцахаас татгалздаг.

Хяналт шалгалтыг аж ахуй нэгж, байгууллага болон иргэдийн хүсэлтээр хийдэг. Төлөвлөгөөт шалгалтын тухайд нийслэлийн хоёр байцаагч жилд 30 гаруй аж ахуй нэгжийн 300-аад лифтэнд хийж байгаа. Нийслэлээс гаргасан тоо бол насжилтаас хамаарч гаргасан тоо. Одоогоор насжилт нь дууссан 800 гаруй лифт байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж