Ардчилсан намын бүлгээс мэдүүлсэн 48х28 төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэнээр төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Тиймээс тус төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байна.
Төслөөр санал хураахын өмнө гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан: Үндсэн хуулийн дүгнэлттэй холбоотойгоор Х.Нямбаатар гишүүнтэй санал нэг байгаа. Бид жагсаалт, тойрог яриад байгаа. Хэнийг ямар тойрогт нэр дэвшүлэх вэ гээд яриад байгаа хэрнээ хэн нэр дэвшиж болох юм бэ гэдгийг огт ярихгүй байна. Энэ асуудлыг өргөн агуулгаар шийдэхгүй бол одоогийн тогтолцоогоор нэг хэсэг нь туршлагатай улстөрч гэдгээр сонгогдох, нэг хэсэг нь гудамжинд хэн сайн попорч чадна тэр хүн сонгогддог. Нарийн мэргэжлийн хүмүүс улс орны бодлого шийдвэр гаргахад хязгаарлагдмал байгаа. Төрийн захиргааны байгууллага, үйлчилгээний ажилтан, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга сонгуульд өрсөлдөх болбол зургаан сарын өмнө ажлаа өгсөн байх ёстой. Өрсөлдөөд гарч чадахгүй бол ажилгүй болдог. Нэг хэсэг нь ажлаа өгөлгүйгээр УИХ-ын сонгуульд өрсөлддөг. Ийм тэгш бус. Хүний эрхийг хангах тухай асуудал хаана байна. Шийдвэр гаргалт тооцоо судалгаагүй, мэргэжилтнүүдийн оролцоогүй хийсвэрээр гарч байгаагаас баталсан хуулиа маргааш нь өөрчилдөг тогтолцоогоор 30 жил явж ирлээ.
Тойргийн асуудал яригдах учиртай. Том байх уу, жижиг байх уу гээд. Тойргийг том болгох хэрэгтэй. Нийслэл нэг тойрог. Зарим аймаг нийлээд нэг бүс болох ёстой. Нийслэл, аймгийн төлөөлөгчид нв аюулгүй орчин амьдрах нөхцөлөө ярьдаг, хотын дарга нь аж ахуйн ажлаа ярьдаг ялгаа заагийг гаргаж өгөхгүй бол төр үнэ цэнэгүй болж байна. Хэн байхаас үл шалтгаалаад улс орны эрх ашгийг өргөн цар хүрээтэй шийдвэрлэдэг болох шийдэл гаргаж өгөх ёстой.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Над руу хүн дайрахад хүлээн авч чадна. Харин итгэл үнэмшлээрээ явж байгаа мэргэжилтнүүд рүү дайрч байгаа бол чадахгүй. ХҮН Ардын намтай нийлээд яваад байна гэдэг. ХҮН, Ардчилсан намын саналаас хуваалцаж ирсэн гэдэг, үгүй шүү. Харин ХҮН-ын саналаас Ардчилсан нам хуваадаг болсон.
Сонгуулийн тогтолцоо 100 хувь пропорцианаль байх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ зөвшилцөөд 50 хувь гэдэг дээр тохирсон. Ардчилсан нам ч пропорцианаль тогтолцоо 50 хувь байх гэдэг дээр санал нэгдсэн байсан, одоо 28 болгон оруулж ирсэн нь ухралт.
Сануулахад, тус байнгын хорооны хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд мөн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэсэн юм. Тус бүлгийн мэдүүлсэн хуулийн төсөлд 38х38 хувилбарыг багтаасан. УИХ-ын 76 гишүүний 38-ыг тойргоос, 38-ыг намын нэрсийн жагсаалтаар сонгодог байхаар зааж өгөөд буй.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Д.Ганбат: Гишүүдийн тоог нэмэхгүй бол иргэд гудамжинд гараад жагсана
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг төсөлд 48 гишүүнийг тойргоос, 28 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор тусгасан юм. Эмэгтэйчүүдийн квот 40 хүртэл хувь байхаар зааж өгсөн юм.
Дээрх төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Холимог тогтолцоо орж ирж байж сонгогчийн санал гээгдэхгүй болно гэдэгтэй санал нэгдэж байгаа. 2000 оноос эхлээд санал гээгддэг тогтолцоог ярьж, 2012 онд холимог тогтолцоог оруулж ирсэн. Манай намаас сонгуулийн тогтолцоог 50х50 хувь байхаар заасан. Харин та бүхний төсөлд 48х28 болохоор санал гээгдэх вий.
Одоогийн 76 гишүүн гэдэг тоог 1992 онд дэлхийн 1.2 сая хүнтэй улсын жишгээр жишээ авч тогтоосон байдаг. Гэтэл Монгол Улсын хүн ам ирэх жилийн өдийд гэхэд 3.5 сая 20 мянгад хүрэхээр байгаа. Гишүүдийн тоог нэмэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Можаритороос гарсан гишүүд тойргийн эрх ашгийг л зөвхөн хамгаалдаг гэж тайлбарладаг нь өрөөсгөл юм.
Хоёрт, иргэд өнөөдөр намын жагсаалтаар гишүүнийг сонгох гэдэг зүйл дээр хэр бэлэн байна вэ. Тэнцүү байх хэмжэнд бэлэн байна уу гэдэг дээр бодолцох ёстой.
Аливаа сонгуулийн тогтолцоог сайн муу гэхээс илүү тогтвортой хэрэгжиж байж үр дүн гардаг. Бидний боловсруулсан төсөлд можаритор арай давамгай харьцаатай байх нь оновчтой болов уу гэж үзсэн. 2012 оны УИХ-ын сонгуулийг 48х28 –аар явуулж үзсэн учраас.
Гишүүдийн тоог нэмэх асуудалд иргэдийн санаа бодлыг сонсох ёстой. Жижиг улсын парламент жижиг байх ёстой гэж болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: 48х28 –аар оруулж ирсэн нь нутаг дэвсгэрийн төлөөллийг бодолцсон хувилбар юм. Аймаг орон нутгаа төлөөлсөн нь, хотоо төлөөлсөн нь ч ахиу байх ёстой гэж үзэж байгаа. Намын нэрсийн жагсаалт гэхээр тооноор орж ирдэг, хатавчаар орж ирдэг гэж ярьдаг. Тэгэхээр бид намын нэрсийн жагсаалтад байх 28 бүх ард түмний саналыг авч байж орж ирнэ гэж заасан.
УИХ 2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ давжаа парламентад давхар дээл өмсгөсөн. Одоо бол ийм мягаар явж болохгүй. УИХ-ын 76 гишүүнээс 20 нь сайд болсон. Олон түмэн дургүй байгаа. Олон намын системтэй. Аль болох олон намын төлөөлөл парламентад орж ирээсэй гэдэг үүднээс хандаж байгаа.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Н.Энхболд дарга аа, УИХ-аас хоёр хуулийг нэгтгээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталтал хэн нэгэн Цэцэд гомдол гаргавал яах вэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: УИХ хууль баталлаа, сонгуулийн жил эхэллээ, тэр үед Цэцэд гомдол гаргавал өмнө нь ямар процессоор шийдэж ирсэн юм. Тэр хүрээндээ л шийдэх байлгүй дээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө ийм явдал болсон.
Үүн шиг юм болбол тухайн үед нь Цэцийн дүгнэлт яаж гарах нь. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авах уу үгүй юу гэдэг асуудал. Тэр үед нь л асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй. Хуулийн зөрчлийг арилгах ямар нэг арга хэмжээ авч таарна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 48х28 гэдэг тоог ямар тооцоо үндэслэлээр гаргаж ирэв. Гишүүдийн тоог нэмэх тал дээр ямар байр суурьтай байна вэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Яагаад можаритор нь их байгаа юм бэ гэж их асууж байна. 48х28 гэдэг хэт зөрүү тоо биш.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: УИХ-ын 76 гишүүнийг нэмэх нь зөв. Энэ парламент давжаа парламент. Буруутан нь өнөөдөр Т.Доржханд болоод байгаа. Хамаг муу муухай юмаа танай нам Т.Доржханд, С.Одонтуяа хоёроор хийлгэсэн.
Гишүүдийн тоог нэмэхгүй бол иргэд гудамжинд гараад жагсдагаараа жагсана. УИХ 76 гишүүнтэй, түүний 20 нь Засгийн газрын гишүүн болохоор Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй болж байгаа.
Өнөөгийн улс төрийн геофолитикийн нөхцөл байдал, хүн амын тоо, дараагийн 10 жилийн ирээдүйг ч бид бас харах ёстой. Улс шиг улс байя, жижиг улс гээд жижиг парламент байх ёсгүй. Хүн амынхаа тоонд нийцсэн парламенттай байх ёстой. Энэ бүхнээ тооцож гаргах ёстой.
Италийн парламентыг бид мэднэ. Нэр хүндтэй биеэ үнэлэгчид ч орж ирэх боломжтой. Түүн шиг идсэн уусан нөхдүүд тооноор хатавчаар орж ирж болохгүй. Нэрсээр нь эрэмбэлэх асуудлыг сонгогчид шийдэг. 2012 оных шиг нам нь жагсаадаггүй байх.
Эмэгтэйчүүдийн квот 40 хувь болохоор зардал бурна, их мөнгө төгрөг тараах нь багасна.
“Дарга долоогчид эхний жагсаалтад багтаж, сонгогдох болчихоод байна”
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Намын болон нэр дэвшигчийн хувь цугларахаар нам дээр эрэмбэлнэ. Энэ тохиолдолд дарга нартай ойр, долоосон гарууд эхний жагсаалтаар орж ирж, сонгогдох болчихоод байна. Намын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүн сонгох нь зөв юм уу. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нөхцөлд дараагийнх нь хүн гулсаж орох юм уу. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэх вий?
УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн цэц 2022 оны зургадугаар сарын 22-нд хуралдаад холимог тогтолцоо орж ирэх эрхийг Үндсэн хуулиар нээсэн.
Хоёрдугаарт, улс төрийн намууд байнга ярьдаг, пропорцианаль тогтолцоо бол санал гээгддэггүй, дэлхий нийтийн чиг хөгжлийн хандлага руу явах шаардлага байна гэж асуудал тавьж ирсэн.
Гуравдугаарт, тойргийн эрх ашиг улс орны эрх ашгаас илүү байж болохгүй юм гэдэг үүднээс сонгуулийн тогтолцоог 38х38 хувилбараар оруулж ирсэн. Тэнцүү хэмжээнд холимог тогтолцоог оруулж ирсэн гэж ойлгох хэрэгтэй.
Гулсах тухайд намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон хүн чөлөөлөгдвөл дараагийн хүн УИХ-д орж ирнэ. Тойрог дээр нөхөн сонгууль байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: 2016 онд гэнэтхэн сонгууль болохоос сарын өмнө байна уу, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчилнө гээд өөрчилсөн. Энэ удаагийнх шиг олон талаас нь ярьсан юм байгаагүй. Харамсалтай л зүйл болсон.
Намууд эрүүл саруулаар хандаж, элдэв асуудалтай гишүүдээ дээгүүр жагсаахгүй байлгүй гэдэг үүднээс л сонгуулийн хуулиа боловсруулсан.
Сонгуулийн ерөнхий хороо: 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хууль одоо хүчин төгөлдөр байгаа. Шинэ хууль бталагдвал хэрэгжээд явна. Үндсэн хуульд УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Жилээсээ өмнө хуулийн төсөл өргөн бариад явж байна гэж ойлгох хэрэгтэй. УИХ 2023 оны зургадугаар сарын 20-ноос өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталбал энэ хууль хэрэгжинэ. Хэрэв баталж чадахгүй болбол одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар УИХ-ын сонгууль болно.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Пропорцианаль системийг дэмжиж байгаа. Гэхдээ бид хоёр гишүүнээс тайлбар авмаар байна. Бид Сонгуулийн хууль хэлэлцээд байна уу, Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцээд байна уу. Хаа хамаагүй юм хамж шимээд ярьдаг. Ард иргэд ч юу гэж ойлгох юм. Д.Тогтохсүрэн, Т.Дорхжанд хоёроос асуух зүйл байна. Үндсэн хуулийн цэц чиглэл өгсөн мэтээр хариуцлагагүй зүйл ярилаа. Хууль тогтооох эрх мэдэл Үндсэн хуулийн цэцэд байгаа юу гэдгийг албан ёсоор хэлж өгмөөр байна. Цэц бол нохойд барьдаг мод биш. Өөрийн гэсэн хуультай. УИХ-аас баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, шийдвэр гаргадаг. Гэтэл Цэцийн дүгнэлт мэтээр ярьж байна.
Ингэж Цэцийн нэр барьж байгаа нь ямар зорилго байна вэ. Хүний нэрээр юм хийх гээд байгаа юм уу. Хууль тогтоох эрх мэдэл Цэцэд очсон юм уу?
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц гэдэг бол Үндсэн хуулийн манаач гэж ойлгох хэрэгтэй. Цэцийн 2022 оны зургадугаар сарын 22-нд гаргасан шийдвэр бол маш зөв шийдвэр байсан. 30 жилийн хэрүүл маргаан, амбиц хуйвалдаанд цэг тавьсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тотгохсүрэн: УИХ-ын гишүүдээс “пропорцианаль тогтолцоо сонгуулийн хуульд оруулж байгаа нь болж байгаа юм уу” гэж асуусан.Түүнд нь хариулахдаа Цэцийн шийдвэрийг иш татан ярьсан юм.
Хууль тогтоогчид бид Үндсэн хууль, бусад хууль, Цэцийн шийдвэрийг үндэслэн хууль эрх зүйн орчноо бүрдүүлж ирсэн.
Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Т.Доржханд: Үнэн ш дээ, одоо бол хамгийн мөнөгтэй хүмүүс нь энд суудаг тогтолцоо байгаа. Намууд хамгийн нэр алдартай хүмүүсийг онилдог байсан дуучин, бөх гэхчлэн. Одоо мөнгөтэй хүмүүсийг дэвшүүлдэг болсон. Ирэх сонгуульд мөнгөтэй хүмүүсийн хүүхдийг нэр дэвшүүлэх гээд гоё, гоё нэртэй нэвтрүүлэгт оруулаад бэлтгээд явж байгаа нь үнэн шүү дээ. Цаашдаа мөнгөтэй хүмүүс нь төр барьдаг болох юм бол дундаж давхарга нь яах юм, жирийн иргэд нь яах юм.
УИХ-д эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн төөлөлөл байх ёстой. Энэ төлөөллүүд байхгүй болохоор жагсаад байна. Тийм учраас парламентын чадавхийг өсгөхийн тулд тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй. Ийм болгохгүй бол Хойд Соонгосын араас орно.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Тогтолцооноос бүх юм болоод байгаа юм биш, тэгж туйлширч харлуулж болохгүй. Харин энэ улс орныг 30 жил удирдсан улстөрчдийн алдаа байгаад байна. Хэн нь төрийн толгойд гарахаас, ямар менежер байхаас олон зүйл шалтгаалж байгааг бусад улс орнууд ч харуулж байна. Наанатай цаанатай хандах ёстой.
Тойргоос нэр дэвшүүлэхээр хамгийн мөнгөтэй хүмүүс орж ирээд байна гэх. Намын нэрсийн жагсаалтаар ч дахиад л нөгөө мөнгөтэй том компанийн төлөөллүүд хүмүүсээ оруулаад ирнэ. Энэ дээр Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарах ёстой.
Холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулахаар багш, малчин, эмч нарын төлөөлөл шууд ороод ирнэ гэдэг юу л бол. Тийм болохоор намын нэрсийн жагсаалтаар хэнийг оруулах вю, ямар зарчим баримтлах вэ гэдгээ Улс төрийн намын тухай хуулиар ч бодолцох ёстой. Идэж уудаг муу нэртэй хүмүүсээ оруулаад ирэх вий гэдэг болгоомжлол бий.
Эцэст нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байна уу гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн 60 хувийн дэмжлэг хүлээлээ. Ингэснээр уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
Яг одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг төсөлд 48 гишүүнийг тойргоос, 28 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор тусгасан юм. Эмэгтэйчүүдийн квот 40 хүртэл хувь байхаар зааж өгсөн юм.
Холимог тогтолцоотой холбоотойгоор 38:38 ын асуудал давтагдаж байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар яг одоо /2023.04.12/ УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. УИХ дахь МАН-ын бүлгээс мэдүүлсэн төсөлд 76 гишүүний 38-ыг намын нэрсийн жагсаалтаар 38-ыг тойргоос сонгохоор тусгасан. Харин эмэгтэйчүүдийн квот 30 хүртэл байхаар заасан.
Төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Тогтолцооны хувьд төслийг дэмжиж байна. Төслийг харахаар сонгуулийн зардлыг бууруулах чиглэлээр дорвитой заалт тусгаагүй байна. УИХ-ын 2012 оны сонгуулиар урлагийн тоглолтыг бүрэн хориглосноор зардлыг маш сайн бууруулсан. Ингэхгүй бол бэлэг сэлт тараасанд нь давуу байдал олгодог боломжийг арилгаж чадахгүй. Ухуулагч нарын тоог бууруулсан нь сайн. Телевизээр явуулдаг сурталчилгааны цагийг багасгамаар байна. Сүхбаатар дүүрэг 144 мянган хүн амтай. 38 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор нийслэл 11-12 гишүүнтэй байх нь. Парламент иргэдээ төлөөлсөн байх ёстой, иргэдийн санал гээгддэггүй байх ёстой. Гэтэл тойрог багасахаар нийслэлийн иргэд төлөөлөлгүй шахуу үлдэх нь. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Зардлыг бууруулах талаар бүхий л талаас нь ярьсан. Ухуулагч нар сайн дурын үндсэн дээр байх, сурталчилгааны материалыг нэгдсэн журмаар хэвлэх зэрэг асуудал яригдсан ч олонхийн санал авч чадаагүй. Танигдаагүй нэр дэвшигч бололцооныхоо хэрээр хөрөнгө мөнгө зарж, өөрийгөө танилцуулах шаардлага байдаг учраас ойлголцож оруулсан ирсэн хувилбар нь л энэ.
Холимог тогтолцоотой холбоотойгоор 38:38 ын асуудал давтагдаж байна. Орон нутгийг газар нутаг төлөөлөх шаардлага зэрэг байгаа тул шийдэх бололцоотой болов уу гэж бодож байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Төслийн 37 дугаар зүйлээс зардалтай холбоотой зүйлүүд хөндөгдөөд явж байна. Өмнөх сонгуулиудын зардлуудтай харьцуулалт хийхэд хэд, хэдэн зардал өндөр байгаа. Ухуулагчийн, тээврийн хэрэгслийн зардал өндөр байдаг. Гэхдээ шинэ төслөөр зардлыг 30-70 хувь багасгасан. Овор хэмжээ их гарах зардлыг хязгаарлаж өгсөн. Ухуулагчтай холбоотой асуудал нь хөлсөөр ажиллахаар байсан бол сайн дурын үндсэн дээр ажиллана. Хэрэв нэр дэвшигч ажлын хөлс төлнө гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс илүүгүй байхаар хязгаар тавьсан. Зардал 50 орчим хувиар буурсан. Сонгууль маань хосолмол хэлбэрээр болох учраас пропорцианаль талдаа намын ухуулагчийн тоо нэмэгдэж байна. Өмнө нь 100 байсан нь 500 болж өссөн.
Мөнгөний ханш буурснаас урьд нь хувь хүнээс өгч байсан хандив 5 сая болж нэмэгдсэн. Өмнөх сонгуулиар хувь хүнээс өгдөг хандивыг 3 сая төгрөгөөр хязгаарлаж байсан.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ