Засгийн газар "Шүүр" ажиллагааны хүрээнд Монгол төрийн бүх шатанд ажиллаж байгаа, тэр дундаа тодорхой хэмжээнд хуулийн зөрчилтэй ажиллаж буй хэсгийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхийг зорьж ажиллаж буй. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ "Төр хуулиа бүрэн хэрэгжүүлдэг байх ёстой. Төрийн бүх шат хуулийг ягштал мөрддөг байх ёстой. Тиймээс эхний ээлжид хуулийн зөрчилтэй хэсгийг чөлөөлнө. Дараагийн ээлжид иргэд, олон нийт, төрийн албан хаагчдаасаа мэдээлэл авч, "Шүүр" ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж үлдсэн хэсэгт хариуцлага тооцно.
Нөгөө талаар "Шүүр" ажиллагаанаас гарсан шийдвэрийг аливаа шатанд хийдүүлэх, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэх тохиолдол гарч байгаа учраас энэ үйл ажиллагаанд хууль бусаар хамрагдсан төрийн албан хаагчдын эрхийг давхар сэргээнэ. Үр дүнг бодитой хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. "Шүүр" ажиллагаатай холбоотой гомдол санал их гарч байна. Дотоод ардчиллын хүрээнд саналуудыг харгалзан үзэж, зарим зохицуулалтыг хийнэ. Гэхдээ төрийн албыг чадамжтай болгох, төрийг олон нийтийн дунд нэр хүндтэй байлгахын тулд "Шүүр" ажиллагааг эхлүүлсэн.
МАН-ын зарим гишүүд албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн гомдол гаргаж байна. МАН-ын үндсэн эрх ашиг бол төрийг эрүүл, тунгалаг, авлига, хүнд сурталгүй байлгахын төлөө оршиж байна. Тиймээс намын эрх ашгийг бодоод, төрийн том зорилгыг хэрэгжүүлэхгүй байх учиргүй. Монгол Улсын төсвөөс тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх хуулийн заалттай. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагч тэтгэвэр авч байгаа мөртлөө төсвөөс цалинжиж байна. Мөн Төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгочихоод, цалингаа аваад явж байгаа талаарх мэдээ гарч ирж байна.
Дээр дурьдсан 6161 хүнийг төсвөөс цалинжуулахад жилийн хугацаанд 30 тэрбум төгрөгийн цалин бодогдохоор байна. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд сард 250 орчим сая, жилээр нь бодоход тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл зарсан байна. Тэтгэврийн насны төрийн албан хаагчийг чөлөөлсөн тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно. Олон нийтийн анхаарлын төвд "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлын группийн захирал Х.Бадамсүрэн, "Оюутолгой"-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабанди нарыг чөлөөлөх эсэх асуудал байдаг. "Оюутолгой"-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабанди өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Хоёрдугаарт, Х.Бадамсүрэн захирлыг чөлөөлөх шийдвэр гарсан. Түүнийг "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлж, "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлын группийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүрэг хүлээлгэн ажиллуулсан. Зэс металлын групп албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, жигдэрсэн учраас түүнийг албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэв.
Холбоотой мэдээ