Мьянмар улсад өчигдөр /2023.04.11/ цэргийнхэн агаарын довтолгоо хийсний улмаас 100 гаруй хүн нас барсан байж болзошгүй байна. Одоогоор 80 цогцос олж авсан бөгөөд нас барагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж. НҮБ-ын мэдээлснээр, уг халдлага нутгийн баруун хойд хэсгийн Сагайн мужийн нэгэн тосгонд болжээ.
Цэргийнхэн 2021 оны хоёрдугаар сард засгийн эрхийг гартаа авснаасаа хойш өрсөлдөгчдийнхөө эсрэг агаараас довтлох нь ихэссэн. Тэд энэ удаагийн халдлагыг үйлдсэнээ ч бас тоомжиргүйгээр хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, цэргийн хунтагийн хэвлэлийн төлөөлөгч, генерал Зау Мин Тун "Тэгсэн, бид агаараас довтолсон" гэж телевизээр ярьсан байна. Тэд Па Зи Гью тосгоныг онилсон учир нь тус тосгонд орон нутгийн сайн дурын хамгаалалтын хүчний оффис бий болж, нээлтийг нь албан ёсоор хийсэнтэй холбоотой аж. Орон нутгийн сайн дурын хамгаалалтын хүчнийг "Ардын хамгаалалтын хүчин" гэж нэрлэдэг. Энэ байгууллага нь Мьянмарын өнцөг булан бүрт цэргийхний эсрэг кампанит ажил өрнүүлж байна.
Цэргийн хунтагийнхан агаарын довтолгоог илүү түлхүү ашиглах болсон. Тэр дундаа сургууль, эрүүл мэндийн байгууллага, заримдаа бүхэл бүтэн тосгоныг онилох болжээ.
Па Зи Гью тосгоны иргэний хэлснээр, цэргийн нисэх онгоц Мягмар гаригт өглөө 07:00 цагийн орчимд "Ардын хамгаалалтын хүчин"-ий удирдагчдын уулзалт болж байгаа танхимын яг дээрээс бөмбөгөө хаясан. Мөн нисдэг тэрэгнээс 20 минутын турш тосгон руу довтолжээ. Халдлагад өртөж, нас барсан хүмүүсийн цогцсыг цуглуулж байх хооронд цэргийнхний онгоц дахин эргэж ирээд галласан байна. Цогцсууд энд тэнд тасарч унасан байгаа тул нас барагсдын тоог гаргах амаргүй байгаа аж. Па Зи Гью тосгоны халдлагын хохирогчдын тоо 100 хүрвэл хамгийн олон хүн нас барсан тохиолдол болохоор байна.
2021 оны хоёрдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд Мьянмарт 600 удаагийн агаарын довтолгоо болжээ. Агаарын довтолгооны улмаас ойролцоогоор 155 энгийн иргэн нас барсан гэх тооцоолол байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ