УБТЗ-ын нийт ачаа эргэлтийн 60-70 хувь ОХУ-аас хамааралтай гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар тус байгууллагаас мэдээлэл өгөхдөө "УБТЗ-ын тээврийн хэмжээг тодорхойлж байдаг галт тэрэг солилцоо өнгөрсөн оны 9, 10 дугаар сараас нэмэгдсээр хэвийн түвшиндээ хүрээд байна. Өөрөөр хэлбэл, Хятадын тал цар тахлын улмаас хилийн хориг тогтоож байснаа цуцалснаас хойш Замын-Үүд-Эрээн өртөөний тээврийн үйл ажиллагаа хэвийн горимдоо орж, ачаа эргэлт нэмэгдсэн. УБТЗ-ын зүгээс манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн гол боомт болох Замын-Үүдээр орж гарах тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.
Энэ оны дараахан хуралдсан ОХУ-Монгол-БНХАУ гурван улсын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр Замын-Үүд-Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохирсон бөгөөд хоног тутам Хятадын талд экспортын 15 галт тэрэг өгч, импортын 8 галт тэрэг Хятадын талаас авч байхаар тохирсон. Мөн Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хуралдаанаар 2023 онд Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг 21 сая тонн байхаар хөрш төмөр замуудтайгаа харилцан тохиролцсон нь өнгөрсөн оныхоосоо 5.1 сая тонн буюу 31.9 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм.
УБТЗ-ын эхний улирлын тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелсэн төдийгүй өнгөрсөн оны мөн үеэсээ илүү байгаа. 2023 оны эхний улиралд УБТЗ нийт 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 29.8 хувиар илүү. Тэр дундаа УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 96.2 хувиар өссөн байгаа нь тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаагийн бодит илрэл юм. Мөн ачаа эргэлт 4.5 сая тонн/км байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.5 хувиар илүү байна. 2023 онд Монголоос Хятад руу 11.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.4 сая тонн, Монголоос Орос руу 300 мянган тонн, Оросоос Монгол руу 2.5 сая тонн ачаа тээвэрлэнэ" гэв.
Холбоотой мэдээ