Хэл ам татлан байж, аймгуудаас 2023 онд хамгийн их төсөв батлуулж авсан нь Хэнтий. Гэтэл Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн хоёрдугаар сард ХЭА-0001 улсын дугаартай автомашинд обуд авахад 5 сая 600 мянган төгрөг зарцуулсан бол гуравдугаар сард мөн тус автомашинд сэлбэг хэрэгсэл авахад зориулж 12 сая төгрөг зарцуулжээ.
Хэмнэлтийн хуулиар төрийн байгууллагуудыг шинэ автомашин худалдан авахыг хориглосноос зарим аймаг, сумын Засаг дарга, Хүн эмнэлгийн эмч, сувилагчид малчдад хүрч чадахгүй байгаа тухай өнгөрсөн оны сүүлээр Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал хэлэлцэх үеэр хөндөгдсөн. Гэхдээ зуд болж болзошгүй эрсдэлтэй аймгуудад нөхцөл байдал хүнд байгаа талаар асуудал хөндөгдсөн тул хураагдсан автомашинуудыг хэрэгцээтэй газрууд руу шилжүүлж, зохицуулалт хийх шаардлагатай талаар Шадар сайд ярьж байв.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд ХЭА-0001 улсын дугаартай автомашинд хоёр сарын дотор 17 сая төгрөгийн засвар хийлгэж, сэлбэг тавиулсан нь татвар төлөгчдийн мөнгө ёолох биш гэсэн шиг дэндүү үрэлгэн зардал гаргав уу гэх хардлага дагуулаад байна.
Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэт” үйлдвэр 2021 онд 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 55 автомашиныг 55 сая төгрөгөөр зарж, хувьдаа завшсан гэсэн дуулиан дэгдсэн. Гэтэл одоо Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар автомашинаа 17 сая төгрөгөөр засварласан асуудал босч ирлээ.
Г.ХОРОЛ