Иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж 10 газар ой хээрийн түймэр гарчээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян өнөөдөр (2023.04.12) мэдээлэл өглөө.
Тэрбээр "Он гарснаас хойш 30 гаруй удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдлээ. Сүүлийн 72 цагийн байдлаар 10 газарт хээрийн түймэр гараад байна. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд гарсан түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас тархаж, нийт 2,4 сая га талбайг эзэлж, их хэмжээний хохирол учраад байна. Түймрийн эрсдэл цаг агаарын нөхцөл байдлаас гадна иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж байна. Тиймээс түймэр гарсан бүсүүдэд цагдаагийн байгууллага мөн шалгалт хийж байна.
Гарч байгаа нийт түймрийн 80-90 хувь иргэдийн буруугаас болсон. Цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг тодруулна.
Хаврын хуурайшилтын үед ил задгай үнс нурам, тамхины ишээ хаяхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Он гарснаас хойш ойн нийт 40 га талбай шатлаа. Дорнод аймгийн онцгой байдлын газраас хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Мөн тухайн бүсэд ажиллах хүний нөөц хомсдолтой байна. Орон нутгийн мэргэжлийн ангиудаас гадна бүхий л шаардлагатай хүчийг татан төвлөрүүлж унтраах ажил хийж байна.
Ой хээрийн түймрийн зардлын тухайд нөхцөл байдлаас шалтгаалдаг" гэв.