Хятад улс өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн турш Тайванийг бүсэлсэн цэргийн сургуулилалт хийсэн. Энэ үйл явдлын дараахан Тайванийн Батлан хамгаалах яам нэгэн нисгэгчийн зургийг цахим сүлжээнд нийтэлсэн нь анхаарал татлаа. Тодруулбал, тус нисгэгч "Winnie the Pooh" хүүхэлдэйн киноны баатар шар бамбаруушийг баавгай шанаадаж буй зурагтай наалт дүрэмт хувцас дээрээ наасан байжээ.
Энэ зураг Хятадыг, тэр дундаа удирдагч Ши Жиньпинийг элэглэсэн утгатай гэж үзэж байна. Зургийг нарийн харвал Пух бамбаруушийн барьсан зөгийн бал дээр Хятадын далбаа, харин хар баавгайн гарт Тайванийн далбаа байх аж. Зургийн дээд хэсэгт "Бид 24/7 нээлттэй", доод хэсэгт "Тэмцье!" гэсэн үгсийг бичжээ. Өөр нэг наалт дээр "Эрх чөлөөний төлөө тэмцье" гэж бичсэн байгааг доорх зургаас харж болно. Тиймээс энэхүү онцгой наалт Хятадыг эсэргүүцэж буйн илэрхийлэл бөгөөд Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах бүсэд Бээжингийн халдлагын эсрэг тийрэлтэт онгоц байрлуулах санааг өгүүлж байна.
Пух бамбаруушийг Ши Жиньпинтэй адилтгаж элэглэсэн меме зураг бараг 10 жилийн турш цахим сүлжээгээр үзэгдэж байгаа юм. Хятадын эрх баригчид энэ мемег цааш түгээхийг хориглохыг оролдсоор ирсэн. Тэр ч бүү хэл "Winnie the Pooh" киног хүртэл хориглоод буй.
Уг наалтны загварыг 2022 онд Алек Су гэдэг хүн гаргаж, борлуулж эхэлжээ. Гэхдээ Тайванийн Батлан хамгаалах яамны нийтлэлээс хойш наалтны захиалга эрс нэмэгдсэн байна. Алек Су "Би ийм наалт бүтээх замаар цэргүүдийн сэтгэл санааг өргөхийг хүссэн" гэж ярьжээ. Наалтыг цэргийнхэн ч, хувь хүн ч худалдаж авч болно. АНУ дахь Тайванийн төлөөлөгчийн газар Ням гаригт өөрсдийн албан ёсны цахим хуудастаа "Ийм наалт хаанаас авах вэ? Борлуулалт нь сайн байх нь ойлгомжтой байна" гэж бичжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ