АНУ-ын Уолл Стрийт сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершковичийг ОХУ-д тагнуулын хэрэгт буруутган хорьсон. Тэгвэл түүнийг саатуулсныг буруутган АНУ-ын төрийн департментаас албан ёсоор мэдэгдэл гаргаж, Эваныг улс төрийн барьцаа болгох зорилгоор баривчлан хорьсон гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа сэтгүүлч Эван Гершковичийг онцолж байна.
"Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш. Кремль нь Орост бие даасан дуу хоолойг хэлмэгдүүлж, "үнэний эсрэг дайн" хийж байгааг буруушааж байна. АНУ-ын засгийн газар Гершкович болон түүний гэр бүлд зохих бүх дэмжлэгийг үзүүлнэ. Түүнийг нэн даруй суллахыг ОХУ-д уриалж байна" гэж АНУ-ын төрийн департментын мэдэгдэлд дурджээ.
Өдгөө 31 настай сэтгүүлчийг гуравдугаар сарын 29-нд Екатеринбург хотод саатуулсан бөгөөд Оросын аюулгүй байдлын алба түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилсан гэдгээ маргааш нь хүлээн зөвшөөрсөн. Түүнийг өнгөрсөн Баасан гаригт тагнуулын хэрэгт ялласан юм. Харин Уолл Стрийт сэтгүүлийн редакц болон Эван өөрөө тагнуул хийсэн гэх хэргийг эрс үгүйсгэж байна. Редакцын зүгээс түүнийг бусдад хүндлэгдсэн, авъяаслаг сэтгүүлч гэдгийг нь онцолжээ. АНУ-ын төрийн департментаас Эваныг суллуулахын тулд барьцаалагдсан хүмүүсийг эргүүлэн авах засгийн газрын хэд хэдэн механизмыг ажиллуулж эхэлсэн байна. Тодруулбал, барьцааны асуудал эрхэлсэн ерөнхийлөгчийн тусгай элч, барьцааны хүмүүсийг суллах зорилгоор тагнуулын мэдээллийг хуваалцах зорилготой олон агентлаг бүхий байгууллага уг асуудалд ажиллаж эхэлжээ.
Хүйтэн дайнаас хойш ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагдсан АНУ-ын анхны сэтгүүлч нь Эван Гершкович болсон байна. Өмнө нь ОХУ-д хэд хэдэн удаа бусад салбарын америкчуудыг баривчилж, дараа нь хоригдлуудаар сольж байсан.
Эваны эцэг эх нь хуучин ЗХУ-аас АНУ-д цагаачлан ирж суурьшжээ. Тухайн үед ЗХУ-д еврейчүүдийг Сибирь рүү цөлнө гэх цуурхлын улмаас олон мянган хүн гадагшаа дүрвэсэн аж. Эцэг нь тус тусдаа ЗХУ-аас гарсан ч хожим 1979 онд АНУ-ын Детройт хотод эргэн нэгдсэн байна. Хосууд Нью-Жерсийн Принстонд нүүж очин, суурьшсанаар Эван эгчийнхээ хамт тус хотод өссөн аж. Хэдийгээр гэрийнхэн нь оросоор ярьдаг байсан ч Эваны эх хэлний мэдлэг тааруу байсан бөгөөд хожим ОХУ-д ирж ажиллах болсноор сайжирсан гэнэ. Эван 2017 оны аравдугаар сард Москвад ажиллахаар ирсэн бөгөөд Орост сэтгүүлчээр ажиллах боломж олдсон сэтгэл догдолж буйгаа найзтайгаа хуваалцсан байна. Тэрбээр ОХУ-д ажиллах мөрөөдлөө биелүүлж, америкчуудад Оросын соёл, улс төрийг ойлгуулахыг зорьж байжээ. Улмаар мөхөж буй орос хэл, ОХУ-ын үндэстнүүдийн соёл, байгаль орчны доройтлын талаар бичээд зогсохгүй Кремлийн дэглэмийн эсрэг үг хэлж зүрхэлсэн сэтгүүлчид болон тэрс үзэлтнүүдийг баривчилсан тухай сурвалжилж эхэлжээ.
Эван 2010 онд ахлах сургуульд байхдаа хөлбөмбөгийн багийн ахмад байв. Дараа нь "Bowdoin" коллежид философи, англи хэлний чиглэлээр суралцаж төгссөн. Оюутан байхдаа их сургуулийн сонинд нийтлэл бичиж, орон нутгийн радио станцад ажиллаж байжээ. Дараа нь 2014 онд Тайландад сэтгүүлзүйн дадлага хийсэн байна.
Тэрбээр Жорж Сондерс, Кэтрин Шульц, Харуки Мураками, Лев Толстой зэрэг зохиолчдын бүтээлийг судалж, шүтэн биширдэг бөгөөд "Иван Ильичийн үхэл" зохиолоос иш татан ярих дуртай гэнэ.
Эван 2016-2017 оны хооронд "Нью-Йорк таймс", дараа нь 2017-2020 онд "The Moscow Times" сонингуудад ажиллаж эхэлснээр сэтгүүлчийн карьераа эхлүүлсэн байна. Дараа нь "Agence France Presse" агентлагт 2020-2022 оныг хүртэл ажиллаж байгаад "Wall Street Journal " сэтгүүлд ирж, Орос, Украины асуудлаар дагнан бичиж эхэлсэн аж. Тэрбээр ОХУ-д зургаан жилийн турш амьдарч байгаа бөгөөд баривчлагдахынхаа өмнө "Вагнер" цэргийн байгууллагын тухай сурвалжлахаар Екатеринбург хотод ажиллаж байжээ. Түүнийг ирэх тавдугаар сарын сүүлээр товлогдсон хаалттай шүүх хурлыг хүртэл Лефортово шоронд хорих шийдвэр гарсан. Хэрэв шүүхээр тагнуулын хэрэгт буруутай нь тогтоогдвол 20 жил шоронд хорих ял сонсоно. Найз нөхөд, хамт ажиллагсдынх нь зүгээс түүнийг дуртай ажлаа хийж яваад хилсээр буруутгагдсан гэж үзэж байна. Харин АНУ-ын засгийн газар түүнийг баривчилсныг "дипломат барьцааны шинэ үе" эхэллээ хэмээн онцолсон.