Дорнод аймагт олон тооны цагаан зээр хорогдож, сэг зэмийг нь "Петрочайна Дачин тамсаг" компани хууль бусаар булах гэж байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор газар дээр нь ажилласан хамтарсан ажлын хэсэг "Нийт 428 зээрийг булж устгасан. Үүнээс 107 нь шаргачин, 35 нь ооно, үлдсэн нь янзага байсан" гэж өмнө нь мэдээлж байв. ХХААХҮЯ-ны Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр цагаан зээр байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр хорогдсон гэсэн хариу гарсан талаар албан эх сурвалж мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, олон тоогоор хорогдсон цагаан зээрээс халдварт өвчлөл, ямар нэг бодисоос хордсон зүйл илрээгүй байна. ХХААХҮЯ-ны Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээний хариуг Экологийн цагдаагийн газрын лабораторийн дүгнэлтийг үндэслэж эцсийн байдлаар баталгаажуулах аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон ажлын хэсэг өмнө нь "Петрочайна Дачин тамсаг" компанийн 19 дүгээр талбайд хяналт шалгалт хийж буй. Албаныхан "Усны гэрээ байгуулаагүй байхад ус ашигласан нь тогтоогдсон. Мөн тус компани ус ашиглагчийнхаа гэрээг биелүүлээгүй бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүйгээр усны цооног гаргасан.
Албаныхан тус газрыг лацдаж, орон нутагт нь хүлээлгэж өгсөн. Химийн аюултай бодисын тусгай зөвшөөрөлтэй ч хадгалалт, хамгаалалтын асуудал зөрчигдсөн.
Газрын гүн рүү шахаж байгаа хуурай хоёр, шингэн нэг бодисын хаяг шошго нь тодорхойгүй байсан. Дээж авч, газар дээр нь тээвэрлүүлж, тооллого хийж, баталгаажуулсан. Мөн цэвэрлэх байгууламждаа 2021 оноос хойш шинжилгээ хийгээгүй байсан. Цаашид зөрчлийн хэрэг үүсгэж, шалгана. Одоо нотлох баримт бүрдүүлж байна. Олон нийтийн сүлжээнд цацагдсан тус компанийн 19 дүгээр талбайд химийн бодисын асуудал үүссэн. Энэ талбай 21 дүгээр талбайгаас 184 километрийн хол зайтай" гэж мэдээлж байв.
Улсын хэмжээнд 3 сая толгой цагаан зээр бүртгэлтэй байдаг аж. Үүнээс Дорнод аймаг нэг сая орчим нь нутагладаг байна.
ЗАСГИЙН ГАЗАР АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ, ДЭЭЖ АВЧ, ЦАГААН ЗЭЭРИЙН ХОРОГДЛЫН ШАЛТГААНЫГ ТОГТООЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ЁСТОЙ
БОАЖ-ын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Өмнө нь "Петрочайна Дачин тамсаг" компанийн талбай руу нутгийн иргэд нэвтэрч чаддаггүй байсан. Энэ асуудал гуравдугаар сарын 26-нд тодорхой болсон. Манай ажлын хэсэг шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг мэдээлсэн. Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, үүрэг өгсөн. Шуурхай арга хэмжээ авч байна. Дорнод аймгийн Засаг даргын зүгээс "Петрочайна Дачин тамсаг" компанийн үйл ажиллагаанд өдөр тутмын байгаль орчны чиглэлийн хяналт тавигдаж чадахгүй байна. Тиймээс аймгаас зардал гаргаж, салбар яамнаас хяналт тавих албан ёсны зөвшөөрөл олгооч гэсэн хүсэлт тавьсан. Энэ ажлыг ярилцаж тохиролцож байна. Манай яам тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрхгүй, санал оруулах эрхтэй. Одоо Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, дээж авч, цагаан зээрийн хорогдлын шалтгааныг тогтоож, халдваргүйжүүлэлт хийх ёстой.
Холбоотой мэдээ