Ц.Магнайбаатар: Үйлдвэрлэл хөгжиж, экспортын боломж нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Ц.Магнайбаатар: Үйлдвэрлэл хөгжиж, экспортын боломж нэмэгдэж байна

Ц.Магнайбаатар: Үйлдвэрлэл хөгжиж, экспортын боломж нэмэгдэж байна

Бизнестэй холбоотой эрхзүйн орчны шинэчлэлийн талаар болон МХАҮТ-ын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатартай ярилцлаа.


-МҮХАҮТ бизнесийн гол төлөөллийн байгууллагын хувьд бизнесийн хууль эрх зүй ба бодлогын орчныг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-МҮХАҮТ-ын үндсэн чиг үүргийн нэг нь бодлогын өмгөөлөл бөгөөд бизнесийн хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоог хангаж, дуу хоолойг хүргэх, төр  хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өмгөөлөл, нөлөөллийн чиглэлээр төрийн ба төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал юм.

Танхим нь улс орны  бизнес, эдийн засагт  тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх, цар тахлын дараах бизнесийн орчныг сайжруулах, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улсын төсвийн үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн төлөвлөлтийг сайжруулах, төсвийн болон олон нийтийн өмчөөр худалдан авалт хийх, төрийн хяналт шахалтыг бууруулах зэрэг асуудлаар засгийн газар болон холбогдох яамдуудтай уулзалт хэлэлцүүлгүүдийг хийж тодорхой санал зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Бизнестэй холбоотой хуулийн төсөл, эрх зүйн баримт бичиг боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажиллан, бодлогын уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн төр, засагт хүргэн ажиллалаа.

2022 онд  МҮХАҮТ-аас нийт 20 гаруй хуулийн болон бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд 30 орчим хуулийн болон бодлогын баримт бичгийн төсөлд санал хүргүүлээд байна.

 Эдийн засгийн судалгааны институтээр дамжуулан “Бизнесийн итгэлийн индекс”, “Хүнд суртлын индекс” зэрэг нийт 16 судалгааг мөн хийсэн байна.

/Жич: МҮХАҮТ-ын mongolchamber.mn вебсайтаас татаж авах боломжтой/

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд МҮХАҮТ гишүүддээ ямар хамтын ажиллагааны боломжуудыг санал болгож байна вэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 320 тоот тушаалаар “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г үндэсний хэмжээнд байгуулсан бөгөөд энэхүү хороог МҮХАҮТ даргалж байна.

Дэд хороо нь хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх, хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байдаг.

-Танхимаас үзүүлдэг төрөл бүрийн үйлчилгээ, дэмжих арга хэмжээнүүдийн чанар хүртээмжийг дээшлүүлэхэд томоохон аж ахуй нэгжүүд хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа ААН-ийг шалгаруулан өргөмжилдөг “Entrepreneur” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд тухайн онд хийж бүтээсэн ололт амжилтаараа манлайлсан аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, алдаршуулдаг. Шилдгээр шалгарсан ААН-үүдийн тугийг МҮХАҮТ-ын гадаах хүндэтгэлийн хойморт бүтэн жилийн турш мандуулан алдаршуулдаг бөгөөд бусад гишүүн байгууллагуудад сайн жишиг болгох үүднээс Оны шилдэг аж ахуйн нэгжийн аян арга хэмжээг дагалдуулан зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд Грийн групп ХХК Шилдэг аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, танхимынхаа үйл ажиллагааг дэмжин бодитой үр дүнтэй ажлуудыг хамтран зохион байгуулж байна.

МҮХАҮТ өнөөдрийн байдлаар сайн дурын гишүүнчлэлийн хэлбэртэй үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч Монгол Улсын бизнесийн нийтлэг эрх ашгийн төлөө ажилласаар ирсэн. Бизнес эрхлэгчдэдээ чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд, гишүүдээ түшиглэн тэдний дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг билээ.

 –МХАҮТ Экспортыг дэмжих чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ? Экспортыг нэмэгдүүлэхэд үгүйлэгдэж буй эрхзүйн орчны талаар та юу хэлэх вэ?

– Монгол Улсад цар тахлын ул мөр, геополитикийн нөхцөл байдал болон төсвийн үр ашиггүй байдал, төрийн хэт оролцоо, хавтгайрсан халамжийн бодлого, авилгалын хэргүүд гээд эдийн засаг нийгмийн олон сөрөг асуудлууд байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд эрс шинэчлэл хийх  шаардлагатай бөгөөд шинэчлэлийг хийхийн тулд  гишүүн байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой, нэгдмэл байр суурьтай байх ёстой.

МҮХАҮТ-ын тухай хуулийн төслийн үзэл баримтлал ач холбогдол ч үүнтэй нягт уялдаж байгаа юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тогтолцоо, хууль эрх зүй, шинэчлэлийн талаар нарийвчлан судалсны үндсэн дээр уг хуулийн төслийг шинэчлэн найруулж 2022 оны 12 сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлээд байна. УИХ-ын дарга 2023 оны Хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ хуулийн ач холбогдлын талаар танилцуулж яаралтай батлах тухайгаа мэдэгдсэн билээ.

Гишүүн байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт татах, экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын томоохон форум, B2B уулзалт, туршлага судлах зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “Өглөөний уулзалт”-ыг ЗГХЭГ тай хамтран зохион байгуулсан бөгөөд энэ удаа уул уурхайн бус экспортын салбарынхантай оролцсон.

Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, банк бус, судалгаа, маркетингийн салбарын төлөөлөл оролцсон юм.

Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0,5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна. Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна.

Уул уурхайн бус экспорт нь улсын төсвийн орлогод бага жин дарж байгаа ч ажлын байрыг нэмэгдүүлдэг, төлбөрийн тэнцлийг хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг тул энэ салбарт төрийн бодлого чиглэх ёстой гэдэгт талууд санал нэгдсэн.

Мөн БНТурк Улс, Япон, ОХУ, Казахстан, Узбекстан, Малайз Улс руу бизнес групп, аялал зохион байгуулсан бол Монгол улсад Энэтхэг, Их Британи,  Вьетнам, Солонгос, Хятад, Чех, Финланд, Уругвай, Иран, Польш, Катар, Киргиз, Беларусь зэрэг орны бизнес эрхлэгчдийн 65 гаруй уулзалт, арга хэмжээг зохион байгуулсан.

Үүнээс гадна манай улсад олон улсын шаардлага хангасан үйлдвэрлэл хөгжиж экспортлох боломжтой бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Жишээлбэл Грийн Групп “Байгаль эх бүтээв” уриатайгаар борцтой хоолыг стандартын шаардлага хангасан сав баглаа боодолтойгоор олон улсын зах нийлүүлэхэд бэлэн болсон нь манай махан бүтээгдэхүүний экспорт нэг шат ахилаа гэж харж болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж