Цагдаагийн ерөнхий газраас цахим хуудастаа сэрэмжлүүлэг видео хүргэж буй. Тухайлбал, өчигдөр /2023.04.11/ бусдын биед санаатай халдаж, эд зүйлийг нь хулгайлсан хэргийн талаар мэдээлсэн. Тус хэрэг Орбитын тойргийн орчимд 16:00 цагийн үед гарчээ.
ЦЕГ-аас “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойргийн "Тунгалаг" центрийн гадна дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 16.00 цагийн үед иргэн Ч.Д-г үл таних, хар өнгийн хувцастай эрэгтэй хүн араас нь цохиж, "Samsung S-9" загварын гар утас, 230 мянган төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан.
Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 50 настай, эрэгтэй Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан. Иймд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, орой үдшийн цагаар камер, гэрэлтүүлэггүй газраар болгоомжтой явахыг анхааруулж байна” гэж мэдээлэв.
Цагдаагийн байгууллагад хоногт зөрчлийн 1800 гаруй дуудлага ирж байгаагаас 30-40 нь хулгайлах гэмт хэрэг байна. Тиймээс иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилж, хэрэв энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байхад харсан бол цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.