Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай уулзаж ярилцлаа.
-Ардчилал ялснаас хойш Монголд 33 жил өнгөрчээ. Та АН-ын анхны Ерөнхий сайд. Өнгөрсөн 33 жилд Монголын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж ирсэн хүн. Тиймээс танаас шулуухан асууя, Монгол Азийн ардчиллын баян бүрд байж чадаж байна уу?
-1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар монголчууд ардчилал, зах зээл рүү шилжсэн. Тухайн цаг үед хойд, урд хоёр хөршид ч нийгэм, эдийн засгийн өөрчлөлт явагдсан. Аль аль нь хөгжлийн асуудалдаа илүү төвлөрч байсан тул Монголын ардчилал алдаа оноотой ч “амьд” байж ирсэн. Гэвч өнгөрсөн жилүүдэд гадаад нөхцөл байдал аажмаар хувьсан өөрчлөгдлөө. Авторитари чиг хандлага хоёр хөршид бэхжлээ. Орос, Хятадад төрийн капитализм хөгжив. Ардчилал уу, аль эсвэл авторитари дэглэм үү аль нь дээр вэ гэдэг асуулт гарч ирнэ. Алсаа харвал, тогтвортой хөгжил гэж бодвол бэрхшээлтэй ч ардчилал нь чухалчлагдана гэж бодож байна. Энэ бол хөгжлийн гадаад орчинтой холбоотой асуудал юм.
Сүүлийн үед дэлхийн гео улс төрийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна.
Орос-Украины дайны үр дүнгээс хамаарч дэлхийн дэг журамд өөрчлөлт гарна, гарцаагүй. Улс орнууд энэ өөрчлөлтийг урьдчилан харж, бэлтгэж, шинэ сонголтод хэний талд, аль талд байх вэ гэсэн ухаалаг бодлого хэрэгжүүлж байна.
Монголчууд бид түүхэн сонголтоо зөв хийж чадвал ирээдүйд илүү амьдарна. Буруу хийвэл өнөөдрийнхөөс ч илүү зовлон, бэрхшээл бидний өмнө бий. Таны асуултад шулуухан хариулахад, би Монголын ардчиллын баян бүрд ширгэж хатаж байна гэж хэлнэ. Бүх үзүүлэлтээс харвал Монгол арагшаа улам ухарч байна. Авлигын индексээр 16 байр, ардчиллын индексээр зургаан байр, хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарчээ. Их хэмжээгээр итгэл үнэмшил, ёс суртахууны доройтолд орсон байна. Их хэмжээгээр хувь хүний эрх, эрх чөлөө хумигдсан байна. Их хэмжээгээр хууль сахиулагчид, шүүх нь ялзарсан байна. Их хэмжээгээр төр засаг жонхуурсан байна. Чөлөөт эдийн засаг чөдөртэй морь шиг догонцож байна. Энэ бүхэн ардчилалд харшилтай.
ХУУЛЬ, ШҮҮХИЙН БОЛОВСОН ХҮЧИНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ БОЛ АВЛИГАТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛ БҮТЭХГҮЙ БОЛНО
-Тэгвэл энэ бүхэн юунаас болов. Яагаад Монгол ардчиллаас ухрав?
-Нэгд, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал нь өөр хоорондоо холион бантан болвол ардчиллаас ухарсан үзүүлэлт болно. Жишээ нь, Засгийн газрын сайд нарын дийлэнх нь “давхар” дээлтэй. Үүнээс болоод УИХ нь Засгийн газартаа хяналт тавих үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Хариуцлага задгайрдаг. Хоёрт, хууль, шүүх нь Төрийн ордноосоос захиалга, даалгавар авч, хэрэг үүсгэдэг болохыг хуулийн сайд нь өөрийн амаараа баталсан шүү дээ. Гуравт, эрх баригч намаас бусад намуудын улс төрийн оролцоо хумигдаж, УИХ-ын сонгуульд амжилт гарах магадлал тэгтэй тэнцвэл ардчилал үгүй болж байгаа шинж болно. МАН дангаар засаглаад долоон жил болж байна. Энэ долоон жил жижиг намууд бүрмөсөн дуугаа хураасан. Сөрөг хүчин гэгддэг АН нь гурав хуваагдчихсан. Нэгэнд нь тамга байхгүй, нөгөөд нь гэрчилгээ байхгүй, сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болсон байна. Сөрөг хүчингүй болсон хагас ардчилалд эрх баригч МАН дотроо дайтахаас өөр сонголтгүй байна. Авлига, хулгайн том хэргүүд ар, араасаа гарч, эцэс төгсгөл нь харагдахгүй байна. Товчхондоо Монгол ардчиллаас ухарч байна.
-Шүүх, прокурорын хэлмэгдүүлэлтэд өртсөний хувьд шүүхийг хэрхэн шинэчлэх ёстой вэ?
-Би зөвхөн өөрийнхөө жишээн дээр хэдэн үг хэлье. Монгол их бага хэмжээгээр олон улсын стандартад нийцсэн хуультай юм шиг санагдсан шүү. Харамсалтай нь, тэрийгээ ойлгодог, хэрэгжүүлдэг шүүгчид надтай таарсангүй, ер нь тэд ноль байсан. Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцийг бүр ч мэдэхгүй хүмүүс учирсан даа. Тэр нь ч аргагүй юм билээ, Төрийн ордны 3 давхраас заавараа авчихсан олон хүний хувь заяагаар тоглосон шүүгчид байсан. Шүүх ялзарсан гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар бас хэлсэн. Шүүх ялзарсан бол боловсон хүчний өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Шүүх, прокурорын боловсон хүчинд чанар болон тооны хувьд ихээхэн өөрчлөлт хийхгүй бол Монгол Улсын Засгийн газрын авлигатай хийх тэмцэл бүтэмж муутай хоосон үг болно шүү.
-Тэгэхээр ардчиллыг бэхжүүлэхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой юм уу, хүнээ өөрчлөх ёстой юм уу?
-Аль алиныг нь шинэчлэх хэрэгтэй байх аа. Тогтолцоо нь Үндсэн Хуульд бичээстэй байгаа. Ер нь бичмэл Үндсэн хуулийн дэлхийн дундаж нас 19 жил байдаг гэж нэгэнтээ уншиж байсан. Тэгвэл манай ардчилсан Үндсэн хуулийн насжилт аль хэдийнэ 2011 онд дууссан гэсэн үг. Тухай үедээ ҮХНӨ-ийг хийх ёстой гэсэн яриа хөөрөө гарч байсан ч дэмжигдээгүй. 2019 онд МАН дутуу өөрчлөлт хийсэн. Харамсалтай нь, ҮХНӨ-ийг хийх ёстой юм байна гэсэн нийгмийн хүлээлт дээр намууд улс төрийн тоглолт хийгээд эхлэхээр эцэг хуулийг зөв өөрчилж чадах уу гэсэн эргэлзээ төрүүлэх болсон. Тэр тусмаа сөрөг хүчингүй нэг нам давамгайлсан үед Үндсэн хуулийг өөрчлөх ёстой эсэх дээр нягт, нямбай хандах учиртай.
АРДЧИЛСАН НАМЫН ХАМГИЙН ТОМ АЛДАА НЬ ДАРАНГУЙЛАГЧ ТӨРҮҮЛЭХ ШАХСАН
-Сөрөг хүчин улс төрийн тоглоом болсон гэж та түрүүнд хэлнэ билээ. Гэхдээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Үнэндээ АН-ыг “алсан” хүмүүс нь АН-ынхан өөрсдөө. Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа зөрчил, талцал дундуур туучиж ирсэн шүү дээ?
-Нийгмийн хүнээр төсөөлбөл хоёр нүд нь харж байж холыг харна, хоёр гар нь хөдөлж байж ихийг хийнэ, хоёр хөл нь явж байж холыг туулна, хоёр тархи нь ажиллаж байж зөв чиглүүлнэ. Аль нэг нь буруу ажиллаад байвал ямар нэгэн доголдол, бэрхшээл үүснэ. Эмчлэхгүй, оношоо зөв тогтоохгүй яваад байвал цаашаад саажилттай болох эрсдэлтэй.
АН, МАН хоёр адилхан оролцоотой байж холыг туулна, холыг харна, ихийг бүтээнэ, улсаа зөв чиглүүлнэ. Гэтэл зүүн тархи нь огт ажиллагаагүй, баруун тархи нь байнга ажиллаад байвал ухаалаг шийдвэр гаргах боломжтой юу.
Сөрөг хүчинд асуудал бий. Сөрөг хүчинд буруу бий. Бурууг АН-ынхан өөрсдөөсөө хайх нь зөв. Ардчилсан нам өнгөрсөн 33 жилд гавьяа зөндөө байгуулсан, гай чирж ирсэн. Ялангуяа сөрөг хүчнийг тарамдуулах гадны нөлөөнд автсан. Гадны гар хөлөөр ардчиллын хөлийг тайруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үнэндээ АН-ыг тарамдуулах ажлыг МАН-аас илүү оросууд хийсэн гэж би хувьдаа дүгнэдэг.
Оросын суртал ухуулагч нь АН өөрөө болсон. Оросын эрх ашгийн төлөө ажилладаг “агент”-ыг төрүүлсэн. Энэ нь Ардчилсан намын хамгийн том алдаа. Ардчилсан намаас бараг дарангуйлагч төрчих шахсан шүү дээ. Үүнээс гарах гэж АН хамгийн их зовж, хамгийн хүнд хэцүү үеэ туулж байна. АН өөрөө өөрийгөө засахын тулд хамгийн түрүүнд монгол тархитай байх ёстой. Түүнээс Орос тархитай, Оросын эрх ашгийг гүйцэлдүүлдэг байж болохгүй.
-Орос тархи гэж Х.Баттулгыг хэлэв үү?
-Хэн нэгний тухай ярихаас илүү АН-ын асуудал нь Оросын агент нам байх уу, Монголын эрх ашгийг хамгаалдаг нам байх уу гэдгээ шийдэх ёстой.
-Ингэхэд Х.Баттулга та хоёрын зөрчил их эртнээс эхэлсэн. Бүр нарийн хэлбэл, өргөн, нарийн царигийн асуудлаас болж. Эргээд харахад М.Энхсайханы зөв байжээ гэдгийг их олон зүйлээ алдаж байж нийгэм одоо л ойлгож байх шиг?
-Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёулаа өнгөрсөн хугацаанд төмөр замаа бариагүйгээс 80 их наяд төгрөгийг Монгол Улс алдсан гэсэн байсан. Энэ миний тооцоо биш, өнөөдрийн эрх барьж байгаа хүмүүсийн хийсэн тооцоо шүү. Монголын эдийн засаг 1990 оноос тэлсэн, өссөн. Уул уурхайн олборлолт, экспорт нэмэгдсэн. Гэвч тэр тэлэлт тодорхой цэгт тулаад зогссон. Өнөөдөр тэр тодорхой цэгээсээ цааш хөдөлсөнгүй. Тэр цэг нь юу вэ гэвэл тээвэрлэлтийн гацаа, саад бэрхшээлтэй тулгарсан. Орос, Монголын хамтарсан нийгэмлэг УБТЗ-аар тээвэрлэлт хийгээд юу шалих вэ дээ. Монгол уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай байсан бол сүүлийн арав гаруй жил төмөр замаас хамааралтай эдийн засаг руу шилжсэн. Тиймээс төмөр зам, тээвэрлэлтийнхээ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын зах зээл рүү гарах экспортын төмөр зам хэрэгтэй болсон. Монголын хувьд олон улсын зах зээл рүү баялгаа зарах хамгийн дөт төмөр зам бол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам. Гэтэл Х.Баттулга төмөр замын төсөл, гарц ярьж эхэлсэн цагаас л Монголын эрх ашгийн эсрэг байсан, санаатайгаар эсэргүүцсэн. Оросын эрх ашигт үйлчилсэн. Монгол Улс олон сая ам.долларын алдагдал хүлээж, мухар төмөр зам барьж байхад Орос, Хятад нарийн царигтай төмөр замаар холбогдлоо. Шулуухан хэлэхэд, Монголын эдийн засагт Монгол ялах биш алах бодлого явагдсан. Тэр хорлол олон жил үргэлжилнэ. Наян их наяд цаашаа хохирол яригдана.
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг та хариуцсан. Сүүлдээ терроризм хийсэн гэж буруутгагдсан. Уг нь таны боловсруулсан төслөөр Тавантолгой эргэлтэд орсон бол өнөөдрийн нүүрсний хулгай, оффтейк гэрээний луйвар яригдахгүй байсан байх?
-Хэрвээ тэр үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бол Монголын эдийн засаг хэд дахин тэлэх байсан. Нүүрсээ биржээр зарснаас хойш эдийн засаг өсөлттэй гарлаа л гэж байна. Гэтэл үүнээс илүү өсөлтөө бид овоолсон шороо, төмрийн сэг болгоод дуусгасан шүү дээ. "Тавантолгой"-н төсөлд хөрөнгө оруулагчдын гарын үсгийг зуруулчихсан бол бид биш тэд мөнгөө үрэх ёстой байсан. Гадныхны мөнгөө үрэх ажлыг Монгол өөрийнхөө мөнгөөр хийгээд үр ашиггүй төсөл болголоо. Тэр мухар төмөр замаар нь хэзээ нүүрс тээвэрлэхийг мэдэхгүй. Тээвэрлэлээ гэхэд эдийн засаг, хүн, малын эрүүл мэндэд асар их хохиролтой.
-Яагаад?
-Төмөр замаар нүүрсээ зарахын тулд Хятадын төмөр замтай нийлэх ёстой шүү дээ. Гэтэл өргөн, нарийн, өндөр намаараа зөрчихсөн. Газар зүйн байрлалаараа хүртэл зөрчихсөн. Хооронд нь нийлүүлсэн байгууламж барихад дахиад 300 сая ам.доллар хэрэгтэй гэсэн. Монгол мөнгөөр бол их наяд гаруй төгрөг.
Төслийг буруу хийвэл түүнийг засах нь бүр илүү зардал шаарддаг, дороос нь өндийх хэцүү. Тиймээс мухар төмөр замыг холбоно гэж байхаар бараг шинэ төмөр зам барьчихсан нь илүү амар. Зардал нь бараг ижил тусна. Барьсан төмөр замаа Хятадын төмөр замтай холбох байгууламж барилаа гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй.
Өргөн царигтай төмөр замаар явах вагоныг Оросоос авна. Орос өнөөдөр дайн байлдаантай байна. Нүүрс тоосрох чанараараа гурил, цементтэй адилхан байдаг юм. Тиймээс төсөл боловсруулахдаа энэ асуудлыг тооцоод нарийн царигтай төмөр зам барих нь байгаль экологи, хүний эрүүл мэнд талаасаа зөв юм байна гэж шийдэж байсан юм. Цариг зөрвөл нүүрсээ заавал буулгана, буцааж ачна. Тэр бүхэнд тоос үүснэ. Байгальд маш хортой. Говийн бүс нутагт нүдэнд үл үзэгдэх тоосжилт бий болно. Хүн малын асар том гарз учирна гээд урьдчилан сануулаад байхад зөрүүдэлсэн. Тэр зөрүүдэлсний үр дагаврыг цаашдаа олон жил амсана.
-Тэгээд л та “Би чамаар Монголоо тоглуулахгүй” гэсэн юм уу?
-Тэрнээс өмнө. “Монголын төмөр зам”-ын даргаар ажиллаж байтал нэг өглөө ТӨХ хуралдаад намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргуулсан. Юу болоод байгаа учрыг нь Х.Баттулгаас асуутал “Би чамайг танихгүй” гэсэн мессеж ирүүлсэн. Хариуд нь “Би чамаар Монголоо тоглуулахгүй” гэсэн мессеж бичээд бид хоёрын харилцаа тасарсан. Үнэндээ Х.Баттулга Монголоор хангалттай тоглолоо.
-Таныг өөрөө урьж авчирсан гэдэг биз дээ?
-Тэгсэн, би ирсэн, бодлоготой нь танилцсан. Буруу явж байгааг нь хэлсэн. АНУ-ын “Маккензи”-аар төмөр замын ТЭЗҮ-г хийлгэсэн л гэдэг юм. Үнэндээ “Маккензи” бол алдартай компани, тиймээс гадаад орнуудад хийсэн ажлаа бүгдийг нь вэб сайт дээрээ жагсааж тавьдаг байхгүй юу. Тэр жагсаалтад Монголд ийм юм хийсэн гэж байгаагүй.
НЭГ ЗӨВЛӨГӨӨГ ХЭЛЬЕ, ГҮНЗГИЙ ӨРӨНД ОР
-Гашуунсухайтын төмөр замын төслийн гүйцэтгэгч "Самсунг Си энд Ти" хуурамч нь байсан тухай ярьдаг. Тэрэн шигээ хуурамч “Маккензи”-гаар ТЭЗҮ хийлгэчихсэн гэсэн үг үү?
-“Самсунг Си энд Ти” хуурамч эсэхийг сайн хэлж мэдэхгүй.
Миний хувьд “Маккензи”-гийн ТЭЗҮ гэдэг нь Москвагийн ТЭЗҮ байсан гэж харсан. “УБТЗ”-ын санхүүжилтээр хийсэн, нарийндаа бол УИХ-аас баталсан Төрөөс баримтлах төмөр замын баримт бичиг бол оросуудын боловсруулж өгсөн америк шошготой бодлого байсан. Тэр Оросын төмөр замын бодлого өнөөдрийг хүртэл Монголд хэрэгжиж байна.
Үүнийгээ УИХ, Засгийн газар нь өөрчилдөг ч үгүй. Тэгэхээр яаж Монголын төмөр замын төслүүд амжилттай хэрэгжих юм бэ. Төмөр замын бодлогоо эргэж хараач гэж би сошиалдаа хэлээд байгаа. Анхаарч үзэхгүй яваад байна л даа. Одоо ч мөнгөгүй болсон биз. Гэлээч бодлогоо өөрчлөх хэрэгтэй.
-Тэгээд одоо яах ёстой юм бэ, шинэ төмөр зам дахиад барих шаардлагатай болж байна уу?
-Нэг зөвлөгөөг хэлье, гүнзгий өрөнд ор. Гүнзгий өрөнд орохын тулд Түүхийн зөв талд гарахаас өөр аргагүй. Харин ахиад өр тавихдаа үр ашигтай байх ёстой. Гэхдээ төрд итгэж хөрөнгө оруулагчид зээл өгөхгүй байх. Хувийн хэвшилд магадгүй. Тиймээс төр хувийн хэвшилтэйгээ зөв түншлэх ёстой.
-Төр, хувийн хэвшилтэй түншилнэ гэж нэг амаараа яриад нөгөө амаараа хувийн хэвшлээ дээрэмдэж байна гэсэн шүүмжлэл тасардаггүй. Жишээ нь, “Эрдэнэт”-ийг төр зуун хувь өөрийн мэдэлд авсны цаад шалтгаан нь дарга нар шахаа хийх, ёндоо хуваах байсан юм биш үү?
-Зах зээлийн үл үзэгдэгч гар гэж байна. Эсвэл төрийн хүнд гар гэж байна. Хэрвээ зах зээлийн үл үзэгдэгч гарыг илүү түшвэл төрийн хүнд гар хөнгөн гар болж хувирдаг. Харин төрийн хүнд гарыг илүүд үзвэл зах зээлийн үл үзэгдэгч гар алга болдог. Манайд төрийн оролцоо эдийн засагт 50 хувьтай яваа. Хаана арвич, хямгач байдаг вэ гэвэл хувийн хэвшил дээр байдаг. Төрийн өмч дээр авлига, хулгай, луйвар л яригдаж байгааг энэ олон дуулиант хэргүүдээс харж байгаа биз дээ.
-Ч.Сайханбилэгийн Засгийн газарт та ажиллаж байсан. Танай Засгийн газар “Эрдэнэт”- ийн 49 хувийг Монголд авчирсан, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан. Үүнээс үүдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг интерполоор эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн болсон шүү дээ?
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлах нь зөвөө гэдэг би санал нэгдсэн. Оюутолгойн газар дор байгаа баялгийг хэрхэн мөнгө босгож авах вэ гэдэг компанийн төлөвлөгөө юм шүү дээ, уг нь. Мэдээж, эргэлзсэн хүмүүс байсан. Монгол үр ашгаа өгөх төслийн төлөө буруу зөвөө туулаад явах нь зөв байсныг өнөөдөр бүгдээрээ харж байна шүү дээ. Аливаа асуудалд сайн, муу тал байгаа. Зарим асуудлыг нь сайжруулсан тал бий байх, цаашдаа ч сайжруулаад явах ёстой. Гэрээний сайн, муу гэх асуудал үргэлж яригддаг асуудал. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлаагүй байсан бол Рио Тинто Монголоос гарч явсан байхыг ч үгүйсгэхгүй. Цаашдаа далд уурхайн бүтээн байгуулалтаас Монгол хожно уу гэхээс алдаагүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахад яарлаа гэж тухайн үед харж байсан. Гэхдээ өнөөдрийн дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлээд хэлэхэд яарсан нь зөв байж, Монгол хожсон юм байна. Түүхэн жишээ хэлэхэд Америк Оросоос Аляскийг авахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Сангийн сайдыг тухайн үедээ буруутгаж байсан. Цаг явах тусам л “Эрдэнэт” Монголд ирсэн нь хамгийн зөв шийдвэр байжээ.
БИЗНЕСИЙН НЭГ ХЭЛТЭЙ БОЛООГҮЙ ЦАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ОРЖ ИРЭХГҮЙ
-Та гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа өмч хувьчлалыг эхлүүлсэн гавъяатай. Үүний үр дүнд Монголын эдийн засаг тэлсэн, өссөн, хөгжсөн. Харин өнөөдөр төрийн өмчийн оролцоо улам томорч байна. Үүний сөрөг тал нь юу вэ?
-Авлига, хулгай. Төрийн капитализмын цаана хавтгай хулгай, авлига явагддаг. Тиймээс хувьчлалыг гарцаагүй хийх шаардлагатай. Хувьчлалыг хийх арга нь орчин үед өөрчлөгдсөн. Хувьцаагаа бирж дээр зарахаас эхлээд. Үүнийг дагаад шинэ технологи, шинэ бодлого, хамгийн гол нь хяналт тооцоо орж ирнэ. Монгол том төсөл хийж сураагүй. Оюутолгойгоос өөр. Том төсөл хийхэд бизнесийн хэл хамгийн чухал.
Бизнесийн хэл гэдэг нь нягтлан бодох бүртгэл юм. Нягтлан бодох бүртгэл нь олон улсынхтай ижил болчихоор гадаадын хөрөнгө оруулагчдад тоглоомын дүрэм нь ойлгомжтой, хялбар болно. Татварын маргаан элдэв зарга хэрүүл гарахгүй. Бизнесийн хэл зөрөхөөр татварын маргаан тасардаггүй. Хөрөнгө оруулагчдын ганц дургүй юм энэ.
Оюутолгой дээрх татварын маргаан бол бизнесийн хэл зөрснөөс болсон байх гэж би дотроо таамаглаж байгаа. Нягтлан бодох бүртгэлээ олон улсын стандартад нийцүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.
-Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд нягтлан бодох бүртгэлээ шинэчлэх ёстой юм байна, тийм үү. Х.Нямбаатар сайд бол гадаадын хөрөнгө оруулагчдыг “бурхан мэт хүндэлнэ” гэсэн байсан.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд нягтлан бодох бүртгэлээ шинэчлэх хэрэгтэй. Түүнээс мянга сайхан амлалт өгөөд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа гол зүйл бол бизнесийн нэг хэл.
-Төр хувийн хэвшлийнхэнтэйгээ зөв түншлэх ёстой гэлээ. Жишээ нь, яаж?
-Төр хувийн хэвшлийн түншлэл гэхээр хүмүүст төр давамгайлаад байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Тиймээс хувийн хэвшлийн төрийн түншлэл гэвэл ядаж хөрөнгө оруулагчдад итгэл төрнө. Үнэнийг хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг өнөөдөр төдийлөн сонирхохгүй. Улс төр, эдийн засгийн байдал, гадаад хүчин зүйлс нөлөөлж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө хийгээд үйл тамаа эдлэж байж ашгаа авч чадахгүй бол юу гэж Монгол руу ирэх юм бэ. Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа юм хөрөнгө, мөнгө.
Бусад улс орнууд бизнесийн нэг хэлээр яриад байхад бизнесийн боловсролгүй, улс төрийн соёлгүй улсад хэн хөрөнгө оруулах вэ дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг төр гуйгаад ирэхгүй. Харин хувийн хэвшил-төрийн түншлэл гуйвал бас өөр байж магадгүй. Дээрээс нь Монгол Улсын улс төрийн шийдвэр нь маш бөөрөнхий, ойлгомжгүй, тодорхойгүй байдал ч хөрөнгө оруулалтад нөлөөлнө.
-Төвийг сахих бодлогыг хэлж байна уу. Үнэндээ Монгол Улс газар нутгаа аваад нүүхгүйгээс хойш төвийг сахихаас өөр аргагүй юм биш үү. Орос цоргоо, Хятад хилээ хаавал монголчуудын амьдрал дуусна.
-Олон улсын дэг журмыг дэндүү хялбаршуулж харахаар айдастаа хүлэгдчихдэг. Одоо Оростой муудалцвал шатахуун өгөхөө больчихно, Хятадтай муудвал хилээ хаана гэж ойлгодог. Бие даасан бодлого явуулахаас эмээх нь өөрөө буруу. Нэг зүйлийг сонирхуулахад өмнө нь зах зээл дээр түшиглэсэн даяаршлал явагдаж байсан бол Украины дайны дараа үнэт зүйл дээр түшиглэсэн хөрөнгө оруулалт хийгдэх болно. Тиймээс удаан хугацаанд төвийг сахиад явах боломжгүй. Жаахан муухай амьдаръя гэвэл түүхийн буруу талыг, хөгжиж дэвшье гэвэл түүхийн зөв талыг сонгох хэрэгтэй. Тиймээс гадаад бодлогоо идэвхтэй болгох хэрэгтэй. Би бол гадаад бодлого идэвхтэй байна гэж хэлж чадахгүй.
-Нэг үеэ бодвол олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч болон эрх баригчдын зүгээс нэлээд анхаарч байх шиг байна?
-Удаан хугацаанд төвийг сахиад яваа учраас түүхийн өмнө сонголт хийх шаардлагатай болсон. Би түрүүнд хэлсэн Монгол сайн явах уу, муу явах уу гэдгээ сонгох цаг бидний өмнө ирсэн байна. За ингээд ярилцлагаа дуусгая даа.
-Баярлалаа, танд.
Холбоотой мэдээ