Цүнх баригчид хаалгаар биш, хатавчаар орох уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Цүнх баригчид хаалгаар биш, хатавчаар орох уу?

Цүнх баригчид хаалгаар биш, хатавчаар орох уу?

Сүүлийн үед төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлага, томилгоотой холбоотой олон асуудал нийгэмд өрнөж байна.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хүртэл сонссон нь төрийн албыг шинэчлэх нь гэсэн хүлээлт үүсгэсэн. Угтаа төрийн бүхий л шатны алба хаагчдыг ёс зүйтэй, ёс суртахуунтай, авлигаас ангид, нэр төртэй, ур чадвартай, ухаалаг, цомхон болгоно гэж Засгийн газар болгон улиг болсон уриа лоозон дэвшүүлж ирсэн. Харин бодит байдал дээр биеллээ олсон нь ховор.

Нэг: Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, зорилгууд угтаа хоёр үзүүртэй зүү шиг л байна. Нэг талаасаа “Төрийн албыг төрлийн алба болгохгүй. Цахим хөгжил дэвшил, технологийн дэвшлийг ашиглаж цомхон, хүнд сурталгүй, хараат бус, ёс зүйтэй төр бий болгоно хэмээн” цээжээ дэлдэх. Гэтэл бодит байдалд цомхон биш, данхар төр бий болсоор байгааг тоо баримтууд харуулсаар байна. Тухайлбал, 2021 онд 208 мянган хүн төрийн албанд ажиллаж байсан бол 2022 онд 225 мянга болж 18 мянгаар өссөн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл чуулганы танхимаас шүүмжилж байв.

Энэхүү шүүмжлэл оргүй хоосон зүйл биш гэдийг албаныхан тодотгоод, өнгөрсөн 2022 онд улсын хэмжээнд 70 байгууллага шинээр байгуулагдсан. Үүнд 17 цэцэрлэг, 11 сургууль, 4 эмнэлэг, 1 шинжлэх ухааны хүрээлэн, 4 соёлын төв, 2 яам, 2 агентлаг, төрийн захиргааны 31 байгууллага буюу нийт 70 байгууллага шинээр байгуулагдсан нь төрийн албан хаагчдын тоо эрчимтэй өсөхөд нөлөөлснийг Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Г.Билгүүн онцолж байсан юм. Товчхондоо төр улам томорсоор л байна. Цаашид ч улам томрох нь тодорхой болоод байгаа юм.

Хоёр: Тоо нь томорч, чанар нь хумигдсаар байгаа төрийн албаны томилгооны асуудал утгаа алдсан. Ямар сайндаа л Засгийн газраас дэвшүүлсэн 5Ш ажилллагаа, тэр дундаа шүүр ажиллагааны хүрээнд төрийн албанд хууль бусаар томилогдсон алба хаагчдыг эхнээс нь чөлөөлж эхлээд байгаа юм. Тухайлбал, ТАЗ-ийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын үр дүнгээс харахад, нийт 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийж, 1489 зөрчилтэй томилгоог илрүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авсан байна.

Ковидын хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд төрийн албанд томилогдсон нийт 2808 иргэний томилгоонд өнгөрсөн онд хяналт хийж, зөрчлийг арилгуулах талаар анхаарал хандуулан ажиллаж, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй 794 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлж, шаардлага хангасан 823 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулж, төрийн албанд жинхлэн томилуулах арга хэмжээ авчээ.

Ямартай ч хуулийн дагуу томилогдсон нэгэн байхад хэн нэгний нөлөөгөөр "крандуулж", орох ёстой хаалгаар биш, хаяа хатавчаар орж ирсэн хэдтэйгээ төр тэмцэж эхэлсэн нь сайшаалтай, бас магтууштай. Номыг нь үзээгүй, ногоотой шөлийг нь уугаагүй хүмүүсээс ямар нэгэн ёс зүй, сахилга хариуцлага хүлээгээд хэрэггүй л болов уу.

Хууль бусаар томилогдсон төрийн албан хаагчдыг чөлөөлөх асуудал амархан байж болох ч тэдний оронд томилогдож, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх орны хүнийг сэлгэн томилох асуудал тийм ч амархан биш байгаа бололтой. Тухайлбал, Ковидын хуулийн дагуу хууль бусаар томилогдсон гэх яам, агентлагийн дарга нарыг одоо болтол томилоогүй байна. Учир нь ТАЗ-өөс хуулийн дагуу тавьж байгаа шалгуур үзүүлэлтийн шанг татах хүн олдохоо болиод, дээр дооргүй сандарцгааж байна.

Эзэнгүй төрийн эмгэнэл болох уу, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж босго нь намсчихсан шалгуурыг бүр зүлгэж, харуулдсаар шороотой нь тэгшлэх үү ч гэх сонголтын өмнө иржээ. Өнгөрсөн онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Тэргүүн түшмэл буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарт тавих шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн юм. Тухайлбал өмнө нь Төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх заалтыг өөрчилж, төрийн албанд 16 жил ажилласан байх шалгуурыг 12 жил болгож, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллах хугацааг зургаан жил болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн албаны зөвлөлөөс төрд орох босгыг намсгасаар байтал хууль, ном журмынхаа дагуу шалгуур үзүүлэлтэд нь тэнцэх төрийн албан хаагчдын тоо цөөрсөөр буй юм.

Гурав: ЗГХЭГ-ын дарга Г.Амарбаясгалан “Төрийн албаны хуулийн хэрэгжилт анхан болон дунд шатанд амьдралд нийцэхгүй байгаа нь хууль зөрчих үндэслэл болж байна. Төрийн албаны тухай хуулийг анхан болон дунд шатанд нийцүүлэх, хүн ам багатай төв суурин газруудад төрийн албаны шаардлагыг бүрэн хангаж ажиллах төрийн алба хаагчид олдохгүй байна. Хоёрдугаарт, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулахтай холбоотой захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгөх асуудал үүссэн.

Хуулийн зохицуулалтад асар их хүнд суртал байна. Хуулиар Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ харъяа яамд сонгон шалгаруулалт зарлах, захиалга хүргүүлэх гээд бараг гурван сар хүлээгддэг юм байна. Энэ мэт хүнд суртлыг Төрийн албаны хуулиас авч хаях шаардлага байна. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын шаардлагыг хангаж байгаа боловсон хүчин Монгол Улсын хэмжээнд 30-40 хүний дунд яригдах хэмжээнд очлоо.  Мерит зарчмыг хамгаалахаар Төрийн албаны зөвлөлийн хуулийг хийсэн мөртлөө маш цөөхөн хүнд давуу байдал олгосон хуулийн зохицуулалттай байна” гэж мэдэгдсэн юм.

Түүний мэдэгдлээс харахад Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй л бол төрийн шалгуурт тэнцэж ажиллах хүнгүй болсон гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрснийг илтгэнэ.

Дөрөв. Түүнчлэн орон нутагт хоёрдмол засаглалын зөрчлөөс шалтгаалан төрийн албан хаагчдын томилгооны асуудал нутгийн захиргааны эрх мэдлийг хүчгүйдүүлж байгаагаас үүдэн орон нутгийн захиргааг бэхжүүлэхийн тулд босоо удирдлагатай байгууллагуудын томилгоог нутгийн захиргаа зохион байгуулж, харин мэргэжил, арга зүйн зөвлөгөөг төв байгууллагууд нь хариуцах тогтолцоонд шилжих саналыг Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа ажээ.

Монгол Улсын 330 сумын 312 суманд төрийн албаны сул орон тоо бий гэнэ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс ирэх тавдугаар сараас эхлэх сонгон шалгаруулалтыг онцлогтой явуулах боломжийг судалж байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын 60 хувийг ярилцлага хэлбэрээр зохион байгуулахаар судалж буй ажээ. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр төрийн тусгай, үйлчилгээний албан хаагчдыг төрийн захиргааны албан тушаалд адилтгах шийдвэр гарсан.

Төрийн улстөрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаатай дүйцүүлэх, адилтгах гэсэн хоёр байдлаар зохицуулж байна. Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалд  ажиллах боломжийг нээсэн хуулийн зохицуулалт буй болоод байгаа юм. Төрийн албанд шинэчлэл хийж, салхи оруулах Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх гэсэн биш “Сахил хүртээд шал дордохын” үлгэр боллоо. Арга ядахдаа эрх баригчид хууль, журмыг өөрчлөх замаар цүнх баригч нар аа хаалгаар биш хаяа, хатавчаар оруулахыг зорьж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам батлагдлаа.

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВЬД:

Төрийн албаны ерөнхий шалгалтыг улирал тутам буюу жилд 4 удаа авдаг боллоо.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн иргэн харьяалал харгалзахгүй нөөцөд бүртгүүлэх эрхтэй болсон.

Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн захиалгаар ерөнхий шалгалтыг хэсэгчлэн зохион байгуулна. Захиалгат ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийг зөвхөн тухайн орон нутгийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ.

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ХУВЬД:

Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжин ажиллахдаа тусгай шалгалт өгөхгүй.

Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх дараалалд өөрчлөлт орлоо.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч болон нөөцөд байгаа иргэд хамтадаа,.гүйцэтгэх албан тушаалын хувьд төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, нөхөгдөөгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад орно.

Төрийн албаны тусгай шалгалт босго оноотой боллоо.

Төрийн албаны тусгай шалгалтын агуулга мэдлэг шалгахаас илүү ур чадвар шалгахад чиглэгдсэн бөгөөд мэдлэг шалгах шалгалтын оноог багасгаж ур чадварыг шалгах шалгалтын оноог нэмсэн. Төрийн албаны тусгай шалгалтад 60 ба түүнээс дээш, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд 50 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгалтад тэнцсэнд тооцно.

Туслах түшмэлд хамаарах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө зөвхөн ярилцлагын шалгалт авна.

Төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн шалгалт өгч томилогдсон тохиолдолд Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцно.

Нэр дэвшүүлэх, томилоход хугацаа заадаг болсон.

Нэр дэвшүүлсэн албан хаагчийг нэр дэвшүүлсэн тогтоол хүлээн авсан өдрөөс  хойш 30 хоногийн дотор томилно.

Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч өөрийн хүсэлтээр томилогдохоос татгалзсан болон дуудсан хугацаанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоног хэтэрсэн тохиолдолд шалгалтад тэнцсэн оролцогчоос онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж