Сурвалжлага: Гэрээсээ ажилдаа очиход 7 минут л зарцуулдаг

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Гэрээсээ ажилдаа очиход 7 минут л зарцуулдаг

"Анх нэг эмэгтэй хотын төвөөр скүүтэр унаж, ажилдаа явдаг тухай телевизийн мэдээ үзээд, сонирхож эхэлсэн. Тэгээд  дэлгүүрээс скүүтэр худалдан авч, байнга хэрэглэдэг болсон" тухайгаа сонирхуулан ярих түүнийг О.Цолмон гэдэг. Тэрбээр 2019 оноос скүүтэр унаж эхэлжээ. Тэр өвөл, зунгүй скүүтэрээ унадаг аж.

Спорт цамцтай залуу, даашинзтай бүсгүй, костюмтай дарга, орчин үеийн залуус ер нь хэн ч скүүтэр унах боломжтой. Скүүтэрийг зөвхөн хотын төвд амьдардаг хүмүүс, залуус унадаг гэдэг ойлголт өрөөсгөл. Настай хүн сандалтай скүүтэр, залуус зогсдог скүүтэр, эмэгтэй хүмүүс хөнгөн скүүтэр унаж болно. О.Цолмонгийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бараг автобусанд суугаагүй байна. Мэдээж ганц нэг удаагийн шаардлага гарсныг эс тооцвол.

Машин унахаа больсноос хойш цаг зав, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, стресс багатай болсон гэнэ. Тэрбээр "Анх жижиг скүүтэр унадаг байхад замын нүхийг их мэдэрдэг, шантармаар байсан. Тиймээс скүүтэр маань амархан эвдэрсэн. Тэгээд арай том скүүтэр хэрэгтэй юм байна гээд, хүчийг нь илүү сайжруулсан. Одоо гурав дахь скүүтэрээ унаж байна. Скүүтэр унах нь эдийн засаг, цаг хугацааг маш их хэмнэдэг.

Жишээлбэл, жолооч долоо хоногт 40 мянган төгрөгөөр бензин машиндаа зарцуулдаг гэж тооцвол нэг жил бараг хоёр сая төгрөг хэмнэнэ.

Гэтэл энэ скүүтэрийн үнэ хоёр сая жаахан гарантай. Нэг жилийн дараа скүүтэрийн зардлаа нөхөөд авчихна" гэв.

Скүүтэрээ 8-9 цаг цэнэглэдэг аж. Нэг цэнэгээрээ 120-150 км зам туулдаг. Нэмэлт тоноглолтой учраас жин нь 40 килограмм хүрсэн, гэхдээ 150 килограммын даацтай болохыг сонирхууллаа. О.Цолмон 70 кг жинтэй.

"Скүүтэр хурдны гурван горимтой. Явган зам дээр 15 км/цагийн хурдтай явдаг. Газрын түвшнээс 20 см өндөр учраас хэр баргийн бордюрт тулахгүй. Скүүтэрээсээ буухгүйгээр хөдөлгөөнд оролцож болно. Би гэрлэн дохион дээр зогсч, хөлөө газар тавьдаг. Бараг л газар гишгэхгүй. Гутал цэвэрхэн явна. Унадаг дугуй шиг заавал биеийн хөдөлгөөн шаардахгүй болохоор ямар ч төрлийн хувцастай унах боломжтой. Хувцас цэвэрхэн байдаг" тухайгаа ярив.

Түүний ажил Баруун дөрвөн замд байрладаг. Сансрын туннельд байрлах гэрээс нь ажил хүртэл 3.5 км зайтай. Төв замын нэгдүгээр эгнээгээр явбал зуны улиралд хамгийн хурдан нь долоон минутад ажилдаа очиж байжээ. Ойролцоогоор ажил, гэр хоёрын хооронд 10-15 минут зарцуулдаг гэнэ. Заримдаа зуслан руугаа 20 гаруй километр замыг 30-40 минутад туулчихна.

Аюулгүй байдлаа хангахын тулд скүүтэрээ нэмэлт гэрэл, спикер, гэрэл асдаг цүнх, гэрэлтэй тавцангаар тоногложээ.

О.Цолмон "Миний скүүтэр хотод явахад тохиромжтой. Учир нь моторын багтаамж нь 1 квт учраас жолооны үнэмлэх шаардахгүй. Мөн оройн цагаар явахад нэмэлт гэрэл хэрэгтэй байдаг учраас гэрэл, спикер, гэрэл асдаг цүнх, гэрэлтэй тавцангаар тоноглосон. Замын хөдөлгөөнд оролцохдоо скүүтэр дээр суурилуулсан удирдлагаа дарж, ард яваа тээврийн хэрэгсэлд баруун болон зүүн эргэх дохио өгдөг" гээд, удирдлагаа дарж харуулав.

Тэрбээр "Оройн цагаар авто зам дээр гэрэлтүүлэг сайтай явах хэрэгтэй. Спикер нь сигналын үүрэг гүйцэтгэдэг. Явган хүний зам дээр явахдаа сигнал дарахаар хүмүүс их цочдог. Үүний оронд хөгжим дугарахаар эргэж харж, зам тавьж өгдөг давуу талтай" гэсэн юм.

Хотын гудамж, замаар скүүтэр унах тийм амар биш. Авто замын нэгдүгээр эгнээний хөвөөгөөр явах дүрэмтэй ч эвдрэл гэмтэл, тоос шороо ихтэй.

Тэрнээс гадна жолооч нар нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулж, зам хаадаг байна. Зарим жолооч толиндоо хараад зам тавьж өгдөг бол зарим нь төвөгшөөж, бухимдлаа илэрхийлдэг талаар О.Цолмон хэлж байв.

 "Скүүтэр унадаг хүмүүс замын хөдөлгөөний дүрмээ уншсан байхад гэмгүй. Дугуйн замтай газраар заавал дугуйн замаараа явах ёстой. Дугуйн замгүй бол авто замын нэгдүгээр эгнээний хөвөөгөөр явна. Хэрэв боломжгүй бол хамгийн эцсийн сонголт нь явган хүний зам. Явган хүний зам дээр 10 км/цагаас илүү хурд хэтрүүлж болохгүй. Мэдээж зам дээр хүн бага, хүрэх газар руугаа яарч байгаа бол хурдаа тохируулаад явчихна. Зам дээр явахад жолооч нар нэгдүгээр эгнээ рүү маш их шахдаг. Дохио өгөхгүйгээр эргэх тохиолдол маш их байдаг. Тэр эрсдэлээс сэргийлж, нэмэлт гэрэл, хөгжмөө асааж явдаг. Аль болох жолооч нарын хөдөлгөөнд саад учруулахгүй явахыг хичээдэг" гэв.

Мөн дэлхийн түгжрэл ихтэй хотуудад дугуй, скүүтэр түрээсийн үйлчилгээ нэвтрүүлсэн байдаг. Гэхдээ хүмүүс скүүтэр унаж сураагүй байж шууд замын хөдөлгөөнд оролцож, осол аваарт өртөх эрсдэлтэй. Тийм учраас ойр зуур унаж туршлагажсаны дараа замын хөдөлгөөнд оролцох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг О.Цолмон өгөв.

Тэрбээр "Өвлийн улиралд анх туршлагагүй байхдаа даардаг байсан. Одоо туршлагатай болоод ирэх тусам цасны өмд, зузаан гутал, халдаг бээлий өмсдөг учраас гар даарахаа больсон. Малгайгаа өмсөөд, амны хаалтаа зүүнэ. Ер нь даарч амжихгүй ажил руугаа орчихдог" гэлээ.

Ойр тойрныхон  нь скүүтэрийг нь их сонирхож, унаж үзнэ. Хүмүүс ихэвчлэн скүүтэр лизингээр авч болох уу гэж асуудаг аж. Одоо скүүтэр зарж, борлуулдаг дэлгүүр харьцангуй олширч, зарим нь лизингээр зардаг болжээ. "Анх скүүтэр засварын газар ч олддоггүй байсан бол одоо байдаг болсон. Гадуур явахад их гайхаж хардаг байсан бол одоо тоохоо больсон байна" гэж О.Цолмон хэлэв.

Тэрбээр хотын түгжрэлд стресстэж, цаг алдахыг хүсдэггүй бөгөөд замын хөдөлгөөнд бие биенээ хүндэтгэж, соёлтой оролцохыг уриалсан юм.

Гэрэл зургийг: Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж