Монголын төр хувийн хэвшилтэй хамтрахгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Монголын төр хувийн хэвшилтэй хамтрахгүй

Монголын төр хувийн хэвшилтэй хамтрахгүй

Төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд гэх сүржин нэртэй үйл ажиллагааг захиргааны байгууллагууд олноор зохион байгуулдаг. Гэвч бодит хэрэгтээ олон нийтийг талцуулж, мэтгэлзүүлж байж хийсэн худалдан авалтын өнөөх ажлаа хуулийн байгууллагад шалгуулах хүртлээ ухардаг болжээ. Энэ мэт жишээ олон давтагдвал төр хувийн хэвшилтэй хамтрахгүй байх загвар тогтох нь.

Хэрэв төр бүхий л зүйлд эрх ашгаа нэгдүгээрт тавьж, олон нийтийн эрх, аж ахуйн нэгжийн ашгийг үл ойшоовол ажил үйлчилгээ явуулахад хүндрэл чирэгдэл улам нэмэгдэнэ гэсэн үг. Үүний нэг жишээ бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах ажиллагаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өчигдөр /2023.04.11/ энэ оны нэгдүгээр сард нийслэлд хүлээлгэн өгсөн зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 28 машин нийлүүлсэн компанийг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахаар болсон талаар мэдээлсэн.

Өнгөрсөн онд хот тохижилтод шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд нийт дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Улмаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар тендер шалгаруулалтыг 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан. Уг тендерт “Батсээр” ХХК шалгарч, нийлүүлэлт хийхээр болсон юм. Тус компани энэ оны нэгдүгээр сард 3.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг зам талбай цэвэрлэх машин оруулж ирснээ нийслэлд хүлээлгэн өгсөн. Анх оруулж ирсэн 20 машин нэг бүрийн үнэ 147.5 сая төгрөг байсан бол үлдсэн машинуудыг тус бүр 125.7 сая төгрөгөөр худалдаж авсан талаар тухайн үед мэдээлж байв.

Дээрх мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж унших боломжтой. Гэтэл тэдгээр цэвэрлэгээний машинууд гадны цахим худалдааны сайтууд дээр нэг тус бүрийн үнэ 46-56 мянган юань буюу монгол мөнгөөр 20-29 сая төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан юм. Тусгай зориулалттай машины үнийн зөрүүтэй байдлыг шинжээч томилж шалгуулна гэсэн ч өнөөг хэр нь шийдэгдээгүй хэвээр байгаа. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор НЗДТГ-аас дараах мэдээллийг өчигдөр өгсөн.

Онцолбол, "Нийслэлээс аливаа тендерийн гүйцэтгэлийг хүлээж авахдаа ажлын хэсэг байгуулдаг. Тус ажлын хэсэг тендерт тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад “Батсээр” ХХК-ийн нийлүүлсэн 28 цэвэрлэгээний машин нийт техникийн тодорхойлолтын таван зүйл заалтуудыг огт хангаагүй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тус компанид хугацаат үүрэг өгч тоноглол нэмж хий гэсэн шаардлагыг хүргүүлсэн.

Мөн нийслэлээс “Батсээр” ХХК-ийг АТГ шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Тухайн компанийн тендерт шалгарсан үйл явц хуулийн дагуу явагдсан эсэх, гадны хамаарал нөлөөлөл байсан эсэхийг тодруулахаар АТГ-т “Батсээр” ХХК-ийг шалгуулахаар өгсөн. Одоогоор цэвэрлэгээний машинуудыг ашиглалтад гаргаагүй байгаа” гэсэн юм.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД АСУУДАЛ ҮҮСЭЭГҮЙ ГЭЖ ӨМӨӨРЧ БАЙСНЫ УЧИР ЮУ БАЙВ?

Угтаа худалдан авах ажиллагаанд асуудал үүссэн байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн сайт анхлан мэдээлж байсан. Мөн техник үзүүлэлт, шаардлагатай нөхцөл байдлыг харгалзаж үзвэл яагаад ч техник үзүүлэлт нь хятадын худалдааны сайт дээрх үнэ дүйцэхүйц тусгай зориулалтын машинтай ижил бус байв. Энэ бүхнийг мэдээлж, хүлээж авах эсэх дээрээ анхаарах хэрэгтэйг сануулж, тодруулга мэдээлэл авахад Нийслэлээс "худалдан авах ажиллагаа асуудалгүй. Тээврийн зардлын үнэ хөлс өссөн. Машины техник үзүүлэлт өндөр" зэрэг тайлбарыг хэлсэн. Харин өдгөө энэ хариултаасаа буцаж олон нийтийн эсэргүүцлийн дараагаар тендерийн гүйцэтгэлийг хүлээж авахдаа ажлын хэсэг байгуулсан нь сонирхол татаж байгаа юм. Мөн тус ажлын хэсэг тендерт тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж хоёр сар гаруйн дараа тайлбар хийж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргэж байна. Иргэдээс гадна аж ахуй нэгжийн хувьд төрийн худалдан авах ажиллагаанд оролцох нь дарамт, хүндрэл, чирэгдэл учруулж байгаагийн хамгийн том жишээ энэ тохиолдол боллоо.

Өндөр дүнтэй тендерт шалгарсан аж ахуй нэгжийн татан авч, нийлүүлж буй техник хэрэгслийг хил гаалиас эхлээд шалгаад явж байлтай. Гэтэл ийнхүү хүлээлгэн өгсний дараа техник үзүүлэлт нь зөрсөн гэх шалтгаан хэлж байгаа нь харамсалтай.

Ямартай ч энэ асуудлыг АТГ-аар шалгуулах болсон нь төр хувийн хэвшилтэй хамтрахгүй гэдгийн тод илрэл болж байгааг мөн иргэд цахим хуудастаа шүүмжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж