Загварын акулууд К-поп оддыг онилж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.12-нд нийтлэгдсэн

Загварын акулууд К-поп оддыг онилж байна

Загварын акулууд К-поп оддыг онилж байна

Өмнөд Солонгосын "NewJeans" хамтлаг байгуулагдаад нэг жил ч болоогүй. Гэсэн хэдий ч "Attention", "Hype Boy" зэрэг хит дуутай тус хамтлагийг загварын хүрээллийнхэн сайн мэднэ. Тодруулбал, өнгөрсөн сард хамтлагийн гишүүд болох Минжи, Ханни, Даниел, Хэйн нар "Levi’s" брэндийн элч төлөөлөгч болжээ. Тэд бүгдээрээ өсвөр насны охид. "Levi’s" брэндийн элч төлөөлөгч болсны дараа охид "Vogue" сэтгүүлийн нүүрнээ заларч, Сөүлийн загварын долоо хоногийн төлөөлөгчөөр томилогджээ.

Дээр дурдсан үйл явдал бол хамтлагийн бүх гишүүнд хамаарах юм. Охид бүгдээрээ хувь хувьдаа том брэндүүдтэй гэрээтэй байдаг. Хамтлагийн гишүүн Ханни "Gucci" болон "Armani Beauty" брэндтэй хамтардаг бол Хэйн нь "Louis Vuitton"-тэй, Даниел нь "Burberry", "YSL Beauty"-тэй, Минжи нь "Chanel"-тэй тус тус гэрээтэй. Минжи "Chanel" брэндийн хувцас загвар, гоо сайхан, бугуйн цаг, үнэт эдлэл гээд бүх бүтээгдэхүүнийг нь сурталчилдаг.

Өмнөд Солонгосын дуу хөгжим, кино урлаг, тв шоунууд дэлхий дахинд хүчээ авч буй тул тус улсын хамтлагуудтай гэрээлэх нь эргээд асар их хэмжээний ашиг авчирна гэж тансаг зэрэглэлийн брэндүүд тооцоолж байна. БНСУ-ын Гадаад хэргийн яамны харъяа Солонгос сангийн тооцоолсноор 2022 онд солонгос урлагийг шүтэн бишрэгчдийн тоо 178 сая хүрчээ. Энэ нь 11 жилийн өмнөхөөс 20 дахин өссөн үзүүлэлт бол 2021 онд 156 сая байжээ.

Азийн шүтэн бишрэгчид өөрсдийн шүтээнээ дэмжихийн тулд мөнгө үрэхэд бэлэн байдаг аж.

Цахим сүлжээнд үнэлэлт дүгнэлт хийдэг "Launch Metrics" агентлагийн тайлангаас харахад К-поп хамтлагуудын оролцоо нь орлогын гол хөшүүрэг болдог байна. Тухайлбал, "Black pink" хамтлагийн Жисүү "Cartier" брэндийн төлөөлөгчөөр сонгогдсоны дараа түүний цахим хуудастаа нийтэлсэн мэдээлэл гурван сая ам.долларын ашиг авчирчээ. Мөн "BTS" хамтлагийнхан 2022 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохдоо "Louis Vuitton" брэндээр гангарснаар 6.4 сая ам.долларын ашиг авчирсан байна.

"NewJeans"-ээр тогтохгүй өөр хэд хэдэн хамтлаг өнгөрсөн жил К-поп урлагт цахиур хагалан гарч ирсэн. Цэргийн алба хаахаар болж, урлагаас түр завсарлага авсан "BTS"-ын хоосон орон зайг нөхөхөөр тэд хичээж байна.

Гэхдээ тэдний дундаас загварын салбарынхан "NewJeans"-ийг яагаад онцолсон юм бол? Мэдээж хамтлагийн нэрэнд жинс гэсэн үг орсон нь тодорхой хэмжээгээр брэндүүдийн сонголтод нөлөөлсөн. Жинс бол бүх цагийн үеийн мөнхийн загвар билээ. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн залуусын төлөөлөл гэж тэднийг үзэж байна. Яагаад гэвэл хамтлагийн хамгийн ахмад гишүүн Минжи л гэхэд дөнгөж 18 настай. Харин хамгийн залуу гишүүн Хэйн 14-тэй.

Хамтлагийн охид гадаад төрхийн хувьд ч гэмгүй, хиймэл бус дүр төрхтэй. Клипний зураг авалтууд харьцангуй энгийн орчинд хийгдсэн байдаг. Энэ нь сүүлийн үеийн охидын хамтлагийн бүжиг дэглэлт, эффекттэй хоолой бүхий хэт сүржин дүр төрхийг эвдэж чаджээ.

Өмнөд Солонгосын брэндүүдийн хувцсыг гадаадын зах зээлд борлуулдаг "Musinsa" нэртэй платформ бий. Тус платформ "Thisisneverthat", "Mardi Mercredi" гэх мэт 300 гаруй брэндийн хувцсыг борлуулж байна. "Musinsa" платформ "NewJeans" хамтлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Кампанит ажлын хүрээнд Солонгосын брэндүүдийг Япон, Зүүн өмнөд Ази, АНУ, Австрали гэх мэт олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж