БАЙР СУУРЬ: Долларын ханш бага ч гэсэн буурсан нь сайн хэрэг

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Долларын ханш бага ч гэсэн буурсан нь сайн хэрэг

БАЙР СУУРЬ: Долларын ханш бага ч гэсэн буурсан нь сайн хэрэг

Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар 2023 оны гуравдугаар сарын сүүлийн хагаст банкуудын ам.доллар худалдан авах эрэлт эрс буурчээ. Гуравдугаар сарын 16-наас хойших гадаад валютын дуудлага худалдааны статистикийг харвал,

  • 03.16 – 68.3 сая ам.доллар,
  • 03.21 – 54.8 сая ам.доллар,
  • 03.23 – 22.2 сая ам.доллар,
  • 03.28 – 6 сая ам.доллар нийлүүлж, 12 сая ам.доллар банкуудаас худалдан авсан байна.

Банкуудын ам.доллар худалдан авах эрэлт эрс буурсаныг дагаад ам.долларын албан ханш 2023.03.19-нөөс хойших 10 хоногийн хугацаанд бараг 7 төгрөгөөр суларч, төгрөг эсрэгээрээ өнөөдрийг хүртэл чангарсан үзүүлэлттэй байна.

Гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт ийнхүү буурсаар өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрийн дуудлага худалдаагаар банкуудаас ам.доллар худалдан авах санал ирүүлээгүй, эсрэгээрээ Монголбанкинд 36 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Дуудлага худалдаагаар банкууд Монголбанкинд валют худалдах санал ирүүлсэн, Монголбанк банкуудаас валют худалдан авсан тохиолдол хамгийн сүүлд 2021 онд тохиож байсан аж. Энэ утгаараа ам.долларын ханшийн сүүлийн 10 гаруй хоногийн хөдөлгөөн төгрөгийн ханш тогтворжиж эхэлж буйн томоохон шинж тэмдэг, дохиог зах зээлд өгч байгааг шинжээчид өгүүлж буй юм.

Төгрөг ам.долларын эсрэг чангарсан сайн мэдээ эдийн засагт хэр нөлөөлж, эерэг дохио болох талаар эдийн засагчдын байр суурийг сонирхсоноо хүргэе.


"АМ.ДОЛЛАРЫН ГАДНААС ШАЛТГААЛСАН БАГАХАН СУЛРАЛЫГ ГАЙХУУЛЖ ЯРИХ НЬ ОГТ УТГАГҮЙ АСУУДАЛ"

 Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж:

-Ам.доллар 20-50 төгрөгөөр буурсан нь гадаад, дотоод гэсэн хоёр шалтгаантай. Хоёр долоо хоногийн өмнө дэлхийн томоохон зургаан валюттай харьцах ам.долларын ханшийг харуулдаг DXY индекс 0.26 хувиар буурч, долоон долоо хоногийн доод түвшинд ойртсон. Долларын 16 валюттай харьцах динамикийг хянадаг WSJ Dollar индикатор 0.54 хувиар буурсан байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээс шалтгаалан долларын индексийн уналт зогслоо. Өнгөрсөн Баасан гаригт ажил эрхлэлтийн талаарх гуравдугаар сарын албан ёсны мэдээлэл гарсан нь хүлээж байснаас илүү эерэг дүн. Ажилгүйдлийн түвшин өсөөгүй байна. Хоёрдугаар сард 3.6 хувь байсан бол гуравдугаар сард 3.5 хувь болж буурчээ. Цагийн цалин өмнөх сарын 0.2-0.3 хувиар өссөн байна. Дотоод шалтгаан нь нүүрсний борлуулалтаас орж ирж буй валютын хэмжээ нэмэгдсэн гэсэн статистик байсан. Нэмээд нүүрсээ биржээр борлуулж байгаа нь оносон гэж үзэж байна.

Ам.доллар бага ч гэсэн буурсан нь сайн хэрэг. Гэвч юань болон бусад голлох валютуудын ханш төгрөгийн эсрэг сулраагүй шүү. Ам.долларын хувьд ч цаашид сулрах нь юу л бол. Тийм болохоор эдийн засаг ингэж сайжирна, төр засаг зөв бодлого явуулж байна гэж ярих нь дэндүү өрөөсгөл юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний үнэ тэнгэрт хадлаа. Иргэдийн орлого гадаад валютын ханшийн чангарал, өндөр инфляциас шалтгаалан эрс буурч байна. Бодлогын хүү өндөр байгаа тул арилжааны банкууд зээл гаргахгүй, аж ахуй нэгжүүд нэн хүнд үеийг туулж байна. Нийт иргэдийн хоёр хүн тутмын нэг нь ядуу ангилалд гулсан орж, дундаж давхарга эрс буурч буй өнөө цагт ам.долларын гаднаас шалтгаалсан багахан сулралыг гайхуулж ярих нь огт утгагүй асуудал.


"ТӨГРӨГ ДОЛЛАРЫН ЭСРЭГ ЧАНГАРЧ БАЙГАА НЬ ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ ДОХИО БОЛНО"

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Ам.долларын төгрөгтэй харьцах ханш миний хувьд таамаглалаас харьцангуй өмнө тогтворжиж, бас буух үзэгдэл боллоо. Миний хувьд хоёрдугаар улирлаас тогтворжиж эхлэх болов уу гэсэн бодолтой байсан. Өнгөрсөн гурван жилд валютын ханш, цар тахал, инфляцийн дарамт шахалтаас үүдэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт нэлээд саарсан. Иргэдийн худалдан авах чадвар доройтсон гээд бид ерөнхийдөө сөрөг нөхцөл байдлуудыг нэлээн дурдаж байна. Энэ үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч байгаа нь маш сайн зүйл бөгөөд эдийн засагт эерэг дохио болно гэж бодож байна.

Үндсэн шалтгаан нь Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн хоёр, гуравдугаар сард нэлээд эерэг үр дагавартай, макро эдийн засгийн хувьд харьцангуй сэргэлт ажиглагдаж байна. Энэ байдал гадаад худалдаа, экспортын томоохон өсөлтүүд ажиглагдаж байгаатай холбоотой юм болов уу гэсэн байр суурьтай байна. Ингэснээр эдийн засагт нэгдүгээрт, эерэг индикатор буюу дохио болохоос гадна үүнийгээ цаашид бид хадгалж чадвал үнийн өсөлт, импортоос хамаарсан тодорхой эерэг нөлөөллүүд үзүүлэх боломжтой.


"УРТ ХУГАЦААНД ТӨГРӨГИЙН ХАНШ УНАХ ЭРСДЭЛ БИЙ"

Эдийн засагч, шинжээч Г.БАТЗОРИГ:

-Валютын эрэлт нийлүүлэлт багатай саруудад ам.доллар, юанийн ханш төгрөгийн эсрэг суларч байна. Эрэлт гэдэг нь аж ахуйн нэгж, Засгийн газраас тендертэй холбоотойгоор гаднаас бараа, материал татан авах нь бага байгаа үе гэж ойлгож болно. Нүүрсний экспортоор валютын нийлүүлэлт талд богино хугацаанд валютын их хэмжээний нийлүүлэлттэй, нөгөө талдаа бага хэмжээний эрэлттэй болохоор ханш богино хугацаанд суларч байна.

Урт хугацаагаа харвал, сонгуулийн өмнөх жил гэдэг утгаар төсвийн зардал хамгийн өндөр байна. Тийм учраас богино хугацаанд харагдахгүй ч урт хугацаанд төгрөгийн ханш унах эрсдэл бий. Богино хугацааны нөлөө гэдэг утгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд үнэ өсөхгүй, бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхгүй байхад л нөлөөтэй гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж