Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.04.11/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Тус хуулийг анх 2018 онд Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа анх санаачилж байсан. Үүнээс хойш таван жил өнгөрч байна. Тус ажлын хэсэг Япон, Герман улсын төрийн албаны хууль сахилга хариуцлагын тухай хууль, төрийн албаны ёс зүйн код, олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалж уг хуулийн төслийг боловсруулсан. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачдын дунд олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж хуулийн төслийг нарийвчилсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг боловсруулах хэрэгцээ шаардлагын тухайд нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих үед стандартын хэм хэмжээ өөрчлөгддөг.
Хуучин социализмын үеийн хэм хэмжээ, ойлголт, стандарт хуучирч, орхигдсон, хаягдсан, гээгдсэн. Үүнтэй хамт хуучин ёс уламжлал, зан заншлын хуулиар зохицуулагддаг байсан ёс жудаг, ёс зүйн хэм хэмжээ өөрчлөгдөж алга болсон. Гэтэл шинэ стандарт бий болоогүй удсан.
Шилжилтийн үед ардчиллыг юу дуртайгаа хийж болох эрх, эрх чөлөө гэж ойлгосон ойлголтоос гэр бүл, төр нийгмийн харилцаанд ямар ч хориглолтгүй мэт ойлгож ирсэн. Иймээс орчин үед бага насны хүүхдээс насанд хүрэгч хүртэл ямар хэм хэмжээ баримталж байх хэм хэмжээ алдагдсан. Тийм ч учраас ялангуяа төрийн албанд ёс зүйг хуульчилж байж хуулийн амин сүнс, уг үндэс нь тогтох юм байна. Өөрөөр хэлбэл, ёс зүйг хэм хэмжээ болгож хуульчилж байж хэвшүүлж,мөрдүүлж, институцлагдаж байж хууль хэрэгжих үндэс болно. Хуулийн үндэс нь ёс суртахуун, ёс зүй гэж үздэг. Энэ хууль батлагдсанаар төрийн албаны нэр хүндийг өргөнө. Ганц нэгхэн үл бүтэх нөхрүүдээс болж Монгол төрийн албан хаагчдын нэр хүнд бүхэлдээ унаж таарахгүй. Энэ бол төрийн албан хаагчдаа хамгаалах гэж байгаа хууль. Монгол Улсын хэмжээнд 4232 төрийн байгууллага ажилладаг.Эдгээр байгууллага нэр бүрд Төрийн албаны ёс зүйн зөвлөл ажиллах ёстой. Одоогоор 2691 ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Гэхдээ нэгдсэн стандарт, мэргэжил арга зүйн зөвлөгөө байдаггүй. Дур дураараа, танил талаараа дамжуулж өөр өөр шийдвэр гаргадаг. Тухайлбал, ажлын байран дээр архидан согтуурах 91 зөрчил гарсан байхад өөр өөр хариуцлага хүлээлгэсэн байна. Тиймээс тус хуулиар 4232 ёс зүйн зөвлөлийг стандартчилан байгуулж, Монгол төрийн хэм хэмжээ үлгэр загвар гаргахад тус хуулийн бас нэг зорилго оршиж байна гэв.
УИХ-ын Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.БАТТӨМӨР:
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хөгжил улс төрийн хувьд тогтворгүй, эдийн засаг нь мухардалд орсон байдалтай байна. Үүний шалтгааныг аваад үзэхээр хүний ёс зүйтэй холбоотой байна. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, хөгжлийн бодлого төлөвлөлт оновчгүй ийм л дүнтэй байна.Тиймээс ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна. Германы туршлагыг аваад үзэхэд нэг ажил, албан тушаалд таваас дээш жил ажилладаггүй. Хэрэв ажилласан тохиолдолд хувийн хэрэгт тэмдэглэдэг. Гэтэл манайд 10,20 жил ажиллах тохиолдол ч бий. Нэг хүн нэг ажил албан тушаалд удахаар шинийг санаачилдаггүй. Тиймээс сэлгэж ажиллуулж, хүнтэйгээ сайн ажилладаг. Хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь хүн. Хуулийн хэлэлцүүлгийн явцад 277 санал ирсэн. Ажлын хэсэг дөрвөн удаа, ажлын дэд хэсэг 10 гаруй удаа хуралдсан. Нийт долоон бүлэгтэй. Хамгийн гол нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн бол олон нийтэд тайлагнадаг байх талаар тусгасан. Тус хуулийн гол зорилго бол төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм, хэмжээг чандлан биелүүлэх, үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж төрөө дээдлэх,ард түмний итгэлийг бэхжүүлэх юм.
Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим нь хүнлэг, энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай, манлайлах, хамтач байхаар тодотгосон. Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ямар шалтгаанаас бий болсон гэдгийг тодорхойлж шалтгааныг арилгахад анхаарч ажиллана. Ёс зүйн хариуцлагын тухайд гомдол гаргагчаас олон нийтийн өмнө уучлал гуйхыг үүрэг болгоно.
Ганцаарчилсан байдлаар сануулга өгнө. Мөн албан хаагчийн өмнө нээлттэй сануулах цаашлаад төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авна. Шатыг дээрээс цэвэрлэнэ гэдэг шиг төрийн албан хаагчдад тавигдах шаардлага ёс зүйгээсээ, дээд түвшнээс нь эхлүүлэхийг зорьж, эрх зүйн орчин бий болгоход анхаарч байна.
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-Ёс зүйн зөрчил дутагдал гаргасан бол Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсад төрийн өндөр албан тушаалтнуудаасаа авхуулаад төрийн бүхий л албан хаагчид олон төрлийн хэл, ам асуудлуудад ордог. Асуудал бүр зохих хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Гагцхүү ёс зүйтэй холбоотой асуудалд хариуцлага хүлээхгүй орхигдож ирсэн. Ёс зүйн алдаа гаргасан бол уучлал хүсдэг байдлыг төлөвшүүлэх ёстой. Энэ бол ёс зүйн асар том соёл. Боловсролын зээлийн сангаас төрийн албан тушаалтнууд хүүхдүүдээ сургачихаад зээлээ төлөөгүйнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээж, уучлал хүссэн хүн алга. Нийтийн албан тушаалтнуудын хүүхдийг цаашид төрийн өндөр албан тушаалд томилохыг нь хориглох гэж байна. Мөн тэдний хамаарал бүхий компаниуд тендерт оролцдог, зээл авдаг байдлыг хязгаарлах гэж байна. Энэ бүхэн цаанаа ёс зүйтэй хамааралтай асуудал. Төрийн албыг ураг төрлийн алба болгохоос урьдчилан сэргийлнэ. Иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа төрийн захиргааны албан хаагчид өвдөгнөөсөө дээш богино юпкатай гүйгээд байх юм уу. Үс гэзгээ өнгө будгаар будчихаад, сахал самбаа тавьчихаад, эсвэл хумс хуруугаа гоолж будчихаад төрийн үйлчилгээ үзүүлнэ гэх үү. Ийм хэм хэмжээг тус хуулиар зохицуулж өгнө. Төрийн алба бол татвар төлөгчийн мөнгөн дээр суурилдаг төрийн үйлчилгээг түргэн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэдэг үйлчилгээний хүмүүс. Энэ нь цаанаа ёс зүйтэй холбоотой асуудал юм.
Холбоотой мэдээ