Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.11/ хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. Уг асуудлаар хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас тодрууллаа.
-Байнгын хорооны хурлаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. Хойшлуулсан шалтгааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Аялал жуулчлалын хуулиар хэрхэн аялал жуулчлалыг дэмжих үү, Монгол Улсын өрсөлдөх чадварыг яаж дээшлэх үү гэдэг асуудал яригдана. Үндсэндээ нислэгийн авиа компанийн билетийг хэрхэн яаж хөнгөлөх үү гэх асуудал орж ирсэн. Хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд дотоодын нислэгийн НӨАТ-ыг цуцалмаар байна гэх саналыг оруулж ирсэн. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар руу НӨАТ-тай холбоотойгоор бичиг явуулсан. Засгийн газар хэлэлцэж амжаагүй гэдэг үндэслэлээр анхны хэлэлцүүлгийг долоо хоног хойшлуулах санал орж ирлээ. Хоёр сая жуулчин авчирлаа гэж бодоход бүгдийг нь фургонд суулгаад явуулах боломжгүй. Жишээ нь Баян-Өлгий рүү онгоцоор нисэхэд 1.8 сая төгрөг байна. Үүнийг яаж бууруулж хэрхэн идэвхжил бий болгох уу гэдэг асуудал яригдах ёстой.
-Хуулийн төсөлд Аялал жуулчлалыг дэмжих сан байгуулах тухай орж ирсэн ч ажлын хэсэг энэ саналыг хасчихсан уу?
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх санг энэ удаад байгуулахгүй. Яагаад гэхээр уг сангийн бүрдүүлбэр нь Казиногийн болон морин тойруулгын орлого, навигацийн орлогын 20 хувиас бүрдэх байхгүй юу. Казиногийн хууль, Морин тойруулгын хууль батлагдаагүй. Навигацийн орлого энэ жилийн төсөвт суугаагүй болохоор хоосон сан болох гээд байгаа юм. Сая хэлэлцэх асуудалд горимын санал гаргасан. Засгийн газрын тусгай зориулалтын 23 сан байдаг. Эхлээд шалгаж, санал дүгнэлт бэлдэх ёстой. Ер нь сан байгуулбал зорилго зорилттой, зорилтот хүрч байгаагаа эсэхийг тайлагнадаг байх ёстой. Гаднын бүх оронд сангийн зохицуулалт дээрх байдлаар явдаг.
Манайд гоё зорилго тавиад байгуулчхаад зорилтдоо хүрдэггүй, хугацаагүй байдаг. Зүгээр л уг сан сайдын түрийвч болчхоод байгаа юм.
Та бүхэн мэдэж байгаачлан Боловсролын зээлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэх мэт асуудал гарч ирлээ. Тиймээс сантай холбоотой асуудалд болгоомжтой хандах ёстой.
Холбоотой мэдээ