“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг 2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна. Үүнийг өөрчлөх ямар боломж байна гэж та бодож байна вэ?
-Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийг 2016 оноос Засгийн газрын тогтоолоор батлаад, Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс экспортод гаргасан бүтээгдэхүүний тухайн сарын АМНАТ ногдох үнийг тогтоодог. Энэ үнэ манай компаниудын экспортолсон бүтээгдэхүүний гэрээний үнээс 40-100 хувь орчим өндөр байдаг. Харин 2021 оны 174 дүгээр тогтоолоор төмрийн хүдэр, нүүрсэнд гэрээний үнээр АМНАТ ногдуулдаг байсныг болиулж, олон улсын жишиг үнээр тооцдог болсон. Эрчим хүчний нүүрсийг 14 ам.доллар амны үнээр зараад, 15 ам.долларын АМНАТ ногдуулдаг боллоо гээд “ЭТТ” ХК-иас Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд хүртэл өгч байсан. Нэг жилийн дараа нүүрсний стандарт ангиллыг өөрчилж, асуудал намжсан.
-Та АМНАТ-ийг өөрчлөх асуудлаар олон жил тууштай ярьж байна. Таны “тэмцэл” хэр үр дүнтэй байна вэ?
-Үр дүн маш бага. УИХ 2019 оны 3 сард Ашигт малтмалын тухай хуулинд алтны роялтиг нэмэх заалт оруулах гэж байхад Сангийн яамнаас гэнэт баяжуулах үйлдвэрүүдийг АМНАТ төлөгч болгох өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн өөрчлөлтөөр АМНАТ шингэсэн үнээр, НӨАТ-тай үнээр агуулга багатай хүдэр, нүүрс худалдаж аваад, баяжуулаад, угаагаад, экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг болсон. Үр дүнд нь өөрийн ордгүй 20 гаруй баяжуулах үйлдвэр АМНАТ-ийн өрөнд орж, 1500 гаруй хүнээ ажилгүй болгож, үйл ажиллагаагаа зогсоосон. Ийм бодит хүндрэл тулгараад байхад Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үйлдвэрүүдээ дэмжихгүй, бодлогоо өөрчлөхгүй байгаа нь маш харамсалтай. Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 мөрийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилт”-ийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлох үйлдвэргүй болж эхэллээ. Шинээр байгуулагдсан үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэнгүй.
-Сангийн яам сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэсэн шүүмжлэл гарсаар ирсэн. Энэ талаар та ямар бодолтой явна вэ?
-Нүүрсний жишиг үнэ одоо ч хүндрэлтэй хэвээр байгааг экспортлогчид хэлж байна. АМНАТ-ийн маш их өр үүссэн гэдэг. Харин биржээр арилжаалагдсан нүүрсний үнээр АМНАТ-ийг тооцож авдаг эрх зүйн тогтолцоог яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Төмрийн баяжмалыг 80 ам.доллараар экспортлоход олон улсын жишиг үнэ 120 ам.доллараар борлуулсанд тооцож, АМНАТ ногдуулдаг. Жонш, нүүрсэн дээр ялгаагүй ийм жишигтэй. Мөн баяжмалд ногдох өчүүхэн хувийг эзэлдэг дагалдах металлыг /хорт хольц/ мөн олон улсын жишиг үнээр борлуулсан гэж АМНАТ ногдуулдаг.
-Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. АМНАТ-тэй холбоотой ямар зүйл заалт орсон байна вэ?
-Товчхон хэлэхэд, ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлохыг дэмжсэн хуулийн төсөл болсон. АМНАТ-ийг олон улсын жишиг үнээр тооцдог, давхардуулж ногдуулдаг, дагалдах металлуудад ногдуулдаг заалтууд хэвээрээ. Баяжуулах үйлдвэрүүдийг тусгай зөвшөөрөлтэй болгож, улсын комисс хүлээж авдаг, санхүүгийн баталгаа гаргадаг, АМНАТ-өө хугацаандаа төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг шууд цуцлах төслийг боловсруулсан байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг татах ямар ч заалт байхгүй, харин эсрэгээрээ “айлгасан” төсөл болсныг салбарын ахмадууд, мэргэжилтнүүд шүүмжилж байна.
-Энэ хуулийн төсөлд АМНАТ-тэй холбоотой ямар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай вэ?
-Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд АМНАТ-ийг давхардуулахгүйгээр ногдуулдаг байсан хуучин зарчмаа оруулах хэрэгтэй. Бусад улс оронд байдаг зарчмаас өөр зарчимтай байвал ямар ч хөрөнгө оруулагч энэ салбарт орж ирэхгүй шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд олон хүний амьдралд сөргөөр нөлөөлж, аж ахуйн нэгжүүдийг үүд хаалгаа барихад хүргэсэн АМНАТ-ийн зарчмыг өөрчилж болоогүйн шалтгаан юунд байна вэ?
-Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, дарга нараас асуумаар асуулт байна. Энэ хоёр яамыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эсрэг ажиллаж байгаа гэж шүүмжлэхэд буруудахгүй. Австрали-Монголын хамтарсан AMEP төсөл, Адам Смит олон улсын байгууллагын судалгаагаар АМНАТ-ийг давхардуулж ногдуулдаг улс манай улсаас өөр байхгүй гэсэн судалгаа гаргаж өгсөн. Европын сэргээн босголтын банкнаас АМНАТ ногдох суурь үнэлгээг зөв тооцох, АМНАТ-ийг давхардуулж ногдуулахгүй байх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн гэдэг.
-Олон улсад АМНАТ-ийн зарчмыг халсан гэж ярьдаг. Монгол Улсаас бусад улс оронд өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Австралид эдийн засгаа хурдан сэргээх, экспортоо дэмжих зорилгоор зарим бүтээгдэхүүнүүдэд түр хугацаагаар роялти буюу АМНАТ-ийг түр цуцалсан. Чилид АМНАТ байхгүй. Зарим улс орон цэвэр ашгаас нь АМНАТ авдаг, зарим улс орон нэгж бүтээгдэхүүнээс АМНАТ авдаг тогтолцоотой. Манайх шиг борлуулалтын орлогод АМНАТ ногдуулдаг улс орнууд тээврийн зардал, татварын зардал зэргийг хасч АМНАТ ногдуулдаг.
-Салбарын мэргэжилтнүүд АМНАТ-ийг давхардуулж ногдуулахгүй байх нь чухлыг хэлдэг. Яавал дотоодын аж ахуйн нэгжүүдэд өгөөжтэй, хөрөнгө оруулагчдад таатай шийдвэр болох бол?
-Ашигт малтмалын хуульд маш чухал заалтууд анхнаасаа явж ирсэн байдаг. Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд АМНАТ-ийг давхардуулахгүй ногдуулах заалт байсан. 2019 оны 11 сард хүчээр өөрчилсөн. Маш харамсалтай.
-Хоёр жилийн өмнө "Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг болж, Сангийн яаманд шаардлага хүргүүлсэн. Тэр шаардлагуудыг хүлээн авч, нааштай хариу өгсөн үү?
-Сангийн яам шаардлагын болон бичгийн хариу өгдөггүй болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхаа саналыг ч хүлээж авдаггүй. Төсвийн орлогоо яаж хялбар аргаар бүрдүүлэх, хэнээс хялбар аргаар татвараа авах вэ гэдэг ахархан бодлоготой яам болсон. Татварын суурийг өргөжүүлэх, татварын хувь хэмжээг оновчтой болгох талаарх бодлого алдагдсан.
-Сангийн сайд, Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны аравдугаар сарын 22-ны 196/А-226 хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий” ажлын хэсэг бодитой шийдвэр гаргаж чадаж байна уу?
-Чадахгүй байгаагийн нотолгоо нь АМНАТ-ийн нийт өр түүхэнд байгаагүй өндөр буюу 800 орчим тэрбум төгрөгт хүрсэн.
-АМНАТ-ийг өөрчлөхгүй бол Монгол Улсын эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Баяжуулах, боловсруулах үйлдвэргүй болж, нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалаа түүхийгээр нь экспортолдог улс болно. Маш их ажлын байр бий болгох, асар их валютын орлого олох боломжоо алдана. Үйлдвэр байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын компаниуд маш их хохирол хүлээгээд эхэлсэн.
-Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэр байнга өөрчлөгддөг, Татварын болон Ашигт малтмалын тухай хуулиуд тогтворгүй байдаг нь хөрөнгө оруулагчид дайжих гол шалтгаан болж байна. Хөрөнгө оруулалт татахын тулд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Яг тийм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай төрийн гэнэтийн шийдвэрүүдээс айдаг. Эрх зүйн хувьд байнга дордуулж, улам их хүндрэл учруулж, эрсдэл бий болгодог. Ашигт малтмалын хуулийг эрс шинэчилж, хүнд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж чадвал нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг нэмэгдүүлэх, улсынхаа эдийн засаг, экспортыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хотын төвлөрлийг бууруулах боломж маш их байна.
Холбоотой мэдээ