Харвардаас Засгийн газрын тэргүүн

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

76:1

Харвардаас Засгийн газрын тэргүүн

Харвардаас Засгийн газрын тэргүүн

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшиж, сонгогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг танилцуулж байна.


Бэрх тосгоны галчаас Гүйцэтгэх засаглалын тэргүүн болж, богино хугацаанд тодорсон улстөрч бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Ардын намд түүнээс илүү их ачаа үүрч, төрийн ажлаас нугалалцсан залуус бий ч улс удирдах хүртэл өндөрт гарсан нь ховор. Харин тэрбээр 2015 онд АНУ-д Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд  магистр хамгаалж ирээд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсон түүхтэй.

Эдүгээ нүүрсний хэргээр Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, Хөгжлийн банкны хэргээр шалгуулж буй УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Бельги улсад суух Элчин сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын хамтаар 2018 оны сүүл үеэс М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах ажиллагаа эхлүүлж, Сүхбаатарын талбайд гэр барин тэмцэл өрнүүлж байв.

Тэмцэл ч амжилт олж, М.Энхболдыг албан тушаалаас нь буулгасны зэрэгцээ  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсон юм.

“Албан тушаал горилж, тэмцсэнгүй. МАНАН бүлэглэлтэй тэмцэх шаардлага үүссэн юм” гэх тайлбар хийж зогссон Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тогоог барингуутаа “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоож, удирдлагуудыг нь халж, хувийн мэдэлд шилжсэн байсан 49 хувийг төрд шилжүүлэн авч буйгаа зарласан.  Одоо Засгийн газрын тэргүүн болсон ч зэс бүлэглэлийнхэнтэй хийж буй тэмцэл нь дуусаагүй, “Шувуу” ажиллагаагаар дамжуулан Т.Бадамжунайг Филиппин улсаас албадан авч ирсэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шоронд суулгах баримтыг хэлүүлэх зорилготой. Харин Т.Бадамжунай зорилгыг нь биелүүлэх эсэхээс хамаарч Засгийн газрын зэс бүлэглэлийнхэнтэй хийж буй тэмцэл амжилт олох уу, утаа май тавиад унтрах уу гэдэг шийдэгдэнэ гэсэн үг.

Засгийн газрын тэргүүний хийж байгаа хоёр дахь том тэмцэл бол нүүрсний хулгай юм. Нэгэн зорилгын төлөө хамтдаа тэмцэж явсан журмын нөхөр нь нүүрсний хэргээр туслах, зөвлөх нарынхаа хамтаар шалгуулж байгааг өдгөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй яваа. Буруу харж уйлж, зөв харж шүд зуусаар Т.Аюурсайханыг сайдын албанаас, цаашлаад УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Хохирол нь 40 их наядаар яригдаж буй нүүрсний хулгайг илрүүлэх ажиллагааг нэгэнт эхлүүлсэн тул эцсийг нь үзэх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бас нэг том амлалт.

Түүний хувьд нүүрсний хулгайгаар Ардчилсан намаас овоо олон акулууд баригдана гэж тооцоолсон ч үнэндээ Ардын намын гишүүд илүү олноор нэр холбогдон шалгуулах болсон нь нам харгалзахгүй тэмцэхээс аргагүй сонголттой тулгаад буй. Нэг ёсны буцах аргагүй тэмцэл эхлүүлсэн гэсэн үг. Гол нь энэхүү тэмцэл байгаа зөв онилж, хамгийн том хулгайчаас жижгүүдэд ч хариуцлага хүлээлгэх нь Засгийн газрын авлигатай тэмцэх хүрээнд эхлүүлсэн “Шувуу”, “Шүгэл”, “Шилэн” ажиллагааны нэг зорилго биелэнэ.

Хөгжлийн банк, нүүрсний хулгай, зэсийн хулгай зэрэг олон хулгайтай тэмцэж байгаагаас Засгийн газрын танхимыг унагаах оролдлого гарч ирж болзошгүйг тооцож тэрбээр давхар дээлтэй сайд нараар танхимаа бүрдүүлсэн нь нэг талдаа шүүмжлэлийн бай болгож буй.

Үнэндээ ч өнгөрсөн хугацаанд байгуулагдсан Засгийн газраас хамгийн нүсэр бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа Ерөнхий сайд гэж тодотгож болно. Учир нь Л.Оюун-Эрдэнэийн танхим 16 яам, 19  сайдтайгаар /Ерөнхий сайдаас гадна/ ажиллаж байна.

Нүсэр бүтцээр ажиллаж байгаа ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зурсан Оюутолгой төслийн далд уурхайн олборлолтоос өөр шинэ төсөл эхлээгүй нь зөвхөн хулгайтай тэмцсээр бүрэн эрх нь дуусах вий гэдэг болгоомжлол төрүүлэх болсон. Гэхдээ нүүрсний олборлолтоос борлуулалт хүртэлх үе шатыг нээлттэй болгож, арилжааг биржээр явуулдаг болсноор Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум, 438 тэрбум ам.доллар болж өсөөд буй. Зургаан сарын өмнө 2.5 тэрбум ам.доллар болтлоо буурч байсан валютын нөөц 1 тэрбум ам.доллараар өссөн нь нүүрсний хулгайгаар ямар их хөрөнгө хил даван гадаад руу урсдаг байсныг илэрхийлж буй.

Гол нь жин банг нь тааруулахгүй бол онц байдал тогтоох нэрээр хувийн хэвшлийнхээ хөрөнгийг ч битүүмжлэн, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилоод байвал Монголыг зүглэх хөрөнгө оруулагчид хэр олон байх бол гэдгийг бодолцох шаардлага үүсч буй.

Мөн төгрөгийн ханш унаж, долларын ханш өсч буйгаас иргэдийн амьжиргаа доройтож, улны айлууд олширч байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улс дотор Хэнтий гэдэг вант улс бий болсныг сануулах учиртай. Улсын төсөв хэлэлцэх бүрийд тус аймагт хуваарилагддаг мөнгө бусдаасаа илүү, албан тушаалын суудал онгойх бүрийд мөн л Хэнтийн угшилтай сайд, хууль хүчний салбарт мөн л тус аймгийн гаралтай албан тушаалтнууд томилогддог жишиг тогтсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхаас эхэлсэн энэ жим эдүгээ зам болж, хэдэн тийшээ салбарлан, төрийн том бүтцийг хэрээд байгаа гэж хэлж болно.

Ер нь бол Филиппинээс саатуулагдаж ирсэн Т.Бадамжунайгаас дутахгүй төрийн томилгоонд нутгийнхнаа шургуулдаг эрх мэдэлтэн болов уу гэх хардлага оргүй биш юм.

МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээр гишүүд нь Монголдоо амьдрах сонирхолгүй болж, гадаадыг зорьцгооход Л.Оюун-Эрдэнэ ч мөн сурахаар АНУ-руу явсан. Энэ үед нь М.Энхболд түүнийг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөс буулгаж, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нарын “хунтайж” нарт тал зассан нь хожмоо УИХ-ын даргаас нь буулгах өс зангидаж, тэмцэлд хөтөлсөн гэх нь бий. Гэхдээ энэ өс нь М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгаснаар тайлагдсан уу, Т.Бадамжунайгаар дамжуулж хуулийн шийтгэл хүлээлгэх давхар мэх бодсон байгаа юу гэдэг нь 2024 онд зарлагдах УИХ-ын сонгуулийн сунгаа дээрээс л харагдана.

Хэнд  сонгуульд нэр дэвших квот өгөх вэ гэдэг эрх МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бий.

Хэнтий аймгийн Бэрх тосгоны галч хийж байсан залууг Монгол Улсын Ерөнхий сайд болно чинээ хэний ч санаанд буугаагүй ч тэрбээр хамгийн их хулгайтай тэмцсэн, гүйцэтгэх засаглалын тэргүүн болж үлдэх нь тодорхой болоод буй. Хамгийн гол нь төрд бугшсан авлига хээл хахууль, шударга бус бүхэн түүний үед амь тавьж чадах уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Хууль эрх зүйн хүрээнд авлигачдад оноох ялыг хүндрүүлж өгсөн ч байгаа онохгүй бол хоосон сум тавьсантай л адил зүйл болж хувирна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнөөдрийн энэ том албан тушаалд хүрэх нөмөр нөөлөг болсон хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Нөгөө нь эцэг нэгт "Херо"-гийн найруулагч Б.Баатар юм. Ахынхаа тухай тэрбээр "Хамгийн хүнд үед ах маань л байдаг. Учир битүүлэг өвдөж, хөл нь гэнэт гишгэж болохоо байчихаад хүмүүст шоолуулан шоглуулан явж байхад ах маань л намайг үүрээд эмнэлэг рүү явж байлаа. Намайг чинь Баатар ахаас өөр хүн өргөж дийлэх ч үгүй шүү дээ. Ахынхаа нуруун дээр нь үүрүүлчихээд, аахилж уухилаад явж байгааг нь харах тэр мэдрэмж бол зүгээр юугаар ч илэрхийлж болохгүй тийм дотоод ертөнцөд болдог зүйл юм билээ. Ахдаа би хайртай. Авьяасаа уртын юманд л зориулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч, залбирч явдаг даа" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Гэвч найруулагч Б.Баатар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамгийн ойр ажиллаж ирсэн хүмүүсийн нэг юм.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
  • 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
  • 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
  • 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд

ШАГНАЛ

  • 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж