Сурвалжлага: Нойтон мах байтугай нөөцийн мах үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нойтон мах байтугай нөөцийн мах үнэтэй байна

Сурвалжлага: Нойтон мах байтугай нөөцийн мах үнэтэй байна

Өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнэ тэнгэрт хадаж, нэг кг үхрийн цул мах 19 мянган төгрөгт хүрсэнд иргэд бухимдалтай байна. Тиймээс махны үнэ өссөн шалтгаан, худалдан авалт ямар байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Тус худалдааны төвд жижиглэнгийн хонины ястай махны үнэ 11000 мянган төгрөг байсан бол хонины цул мах 11500-12000 мянган төгрөгийн хооронд байна.Үхрийн ястай мах 18000 төгрөг бол, үхрийн цул мах 19000 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Адууны ястай болон цул мах 12000 мянган төгрөг байна. Ямааны ястай мах 9300 төгрөг, цул мах 10500 мянган төгрөг байлаа.

ЗУДТАЙ БАЙСАН УЧРААС ШИНЭ МАХ ХОВОР БАЙНА

Худалдаачдын хэлснээр арваад хоногийн өмнөөс махны үнэ 2000-3000 мянган төгрөгөөр нэмэгджээ. Махны үнэ нэмэгдсэн шалтгааны талаар худалдагч Б.Мөнгөн “Мах хомсдолтой, шинэ мах ховор байна. Шалтгаан нь өнгөрөгч өвөл олон аймагт зудтай байснаас болоод үнэ өсч байна. Цаашдаа ч өсөх байх. Үүнээс гадна энэ жил нөөцийн махны үнэ үхрийн мах 10 мянган төгрөг байна лээ. Ингэж өндөр тогтоосон учраас гар дээрээс зарж байгаа хүмүүс нөөцийн махнаас хямдаар зарах боломжгүй. Ер нь жил жилийн хавар махны үнэ өсдөг. Гэхдээ энэ жилийнх зудтай холбоотой гэж малчид ярьж байна. Худалдан авалт муу байгаа. Хүмүүс гулууз гэхээсээ илүү мөнгөндөө тааруулж авдаг болсон” гэлээ.

Өөр нэгэн худалдагчийн хэлснээр Хятадууд мах аваад үнэ өсгөж байгаа гэх мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн махны нийлүүлэлт буурч, шинэ мах ховорджээ. Тухайлбал, өдөрт тус захад 50-100 гаруй тонн мах нийлүүлдэг байсан бол нийлүүлэлт буурч өдөртөө 30-40 тонн мах нийлүүлэгдэж байгаа аж. Иргэдийн зүгээс үнэ нэмэгдсэнд бухимдалтай байна. Иргэн С.Дуламсүрэнгийн хэлснээр “Тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхгүй байхад махны үнэ өсөхөөр дагаад бүх юмны үнэ өсчихдөг. Бид ямар Япон, Солонгосчууд биш дээ. Хавартаа шинэ нойтон мах авъя гэхээр үнэ нь өсчих юм” гэв. Иргэн Б.Батдорж “19 мянган төгрөгөөр мах авна гэдэг хүнд шүү дээ. Монголчуудын ганц хэрэглэдэг зүйл чинь мах шүү дээ. Мал аж ахуйн орон байж үнэ яагаад нэмэгдээд байгааг ойлгохгүй байна. Ер нь худалдаж авахад хэцүү л байна. Махны үнэ шинэ, хуучин бүгд л нэмэгдсэн байна” гэв.

Тухайн өдрийн өглөө ченжүүд махаа хэр хэмжээгээр оруулж ирснээс шалтгаалж худалдаалах үнэд өөрчлөлт ордог аж. Гэвч махны үнэ өссөнөөр орлогогүй  иргэдийг бухимдуулж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал хэвээр үргэлжилсээр. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулдаг гэхэд буруудахгүй. Худалдагчид махны үнэ буухгүй байгааг махны нийлүүлэлт бага байгаатай холбон тайлбарлаж байсан юм.

НӨӨЦИЙН МАХ ҮНЭТЭЙ БАЙГАА УЧРААС МАХНЫ ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛСӨН

Мах магнаг болсон энэ цаг үед үнийг барих зорилгоор нөөцийн мах худалдаанд гаргадаг. Гэвч нөөцийн мах авсан иргэд худалдан авах газар хомс, амт, чанарт сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 431 цэгээр худалдаалж буй. Үндсэндээ борлуулж буй дэлгүүрүүдийн зүгээс нөөцийн махны худалдаа муу байгааг тэд хэлж байна. Борлуулагч Х.Сарангэрэл “Нөөцийн махыг хүмүүс үнэтэй, яс ихтэй гээд авахгүй байгаа. Өнгөрсөн Баасан гаригт татан авалт хийхэд одоо болтол дуусаагүй байна. Хүмүүс нөөцийн махыг авахаас илүү нойтон мах авахыг илүүд үзэж байна. Иргэдээс тодруулахад “Энэ жил жаахан үнэтэй байна. Нөөцийн мах, нойтон мах ялгаагүй үнэтэй байна” гэх мэдээллийг өгсөн юм. Хэдийгээр нөөцийн мах худалдаанд гарсан ч үнэд нөлөөлсөнгүй. Учир нь, нөөцийн үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг байна.

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар өнгөрөгч долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 18421 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 16402 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 5.66 хувиар, үхрийн цул махны үнэ 4.5 хувиар өссөн дүн аж.

Мах ховор үед  нөөцийн мах олдоц ихтэй ч үнэ, чанарын хувьд иргэдийн санаанд төдийлөн хүрсэнгүй. Тиймээс нөөцийн махны чанарт анхаарч, үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарахыг иргэд ярьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж