Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг өчигдөр /2023.04.10/олон нийтэд нээлттэй болгосон. Тус сангаас 6091 хуулийн этгээд, 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 137 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй аж. Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ. Одоогоор "Арованна" компани хамгийн их буюу 4 тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй бол төрийн байгууллагаас Хил хамгаалах ерөнхий газар 666 сая 600 мянган төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна. Зээлийн эх үүсвэрийг нь харвал 32.38 тэрбум төгрөг нь улсын төсвийнх, 16.97 тэрбум төгрөг нь БНХАУ-ын засгийн газрын зээл, 2.88 тэрбум нь Японы засгийн газрын буцалтгүй тусламж байна. Ингээд томоохон аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг тоймлон хүргэе.
"АРОВАННА" ХХК 6 ЖИЛИЙН ХУГАЦААНД НЭГ Ч ТӨГРӨГ ТӨЛӨӨГҮЙ
Улсын бүртгэлд "Арованна" ХХК нь 2009 онд байгуулагдсан гэх мэдээлэл байна. Өнгөрсөн 2014 оноос Дүгэржавын Ганзориг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Тус компани нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, бизнесийн зөвлөгөө, гадаад худалдаа, аялал жуулчлал, бууз баншны үйлдвэрлэл, малын нэмэлт тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэнэ.
"Арованна" ХХК нь 2017 онд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 4 тэрбум 551 сая 165 мянга 500 төгрөгийн зээл авсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байна. Улс төрийн хүрээнээс сонсогдож буй мэдээллээр Д.Ганзориг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ойрын хамаатан аж.
"ШУНХЛАЙ АГРО" ХХК ЯПОНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ЗЭЭЛ АВСАН
"Шунхлай агро" компани Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд зориулсан сангаас 2008 онд 47.900.000 төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ Япон улсын буцалтгүй тусламжаар зээл авсан бөгөөд одоог хүртэл төлөөгүй байна. Монголын хамгийн баян компани зээлээ төлөөгүй өдийг хүрсэнд иргэд ч бухимдаж байна.
"БАТДЭЛГЭР ТРЕЙД" ХХК 375 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад, зээлээ төлөөгүй компанийн нэг нь "Батдэлгэр трейд" ХХК. Энэ компанийн захирал А.Баттөгс нь Улсын аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү гэдгээр нь хүмүүс таньдаг. Тэрбээр 2015 онд компаниа байгуулсан бөгөөд хувьцаа эзэмшигчээр нь А.Баттөгс, Г.Буяндэлгэр гэсэн хоёр хүн бүртгэлтэй байна.
Харин компанийн гүйцэтгэх захирлаар М.Гантөмөр бүртгэлтэй бөгөөд газар тариалан, хүнсний үйлдвэр, худалдаа болон фермер, гадаад худалдааны чиглэлээр Дархан-Уул хотод байршилтай аж. Түүний компани 2017 онд Мал хамгаалах сангаас 375 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй байна.
"ЧАНСАА ХАН ХӨХИЙ ХОЛДИНГ" ХХК 2.195 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН
"Чансаа хан хөхий холдинг" ХХК нь Мал хамгаалах сангаас 2017 онд 2.195 тэрбум төгрөгийн зээл авч, одоог хүртэл төлөөгүй байна. Тус компанийн захирлаар Нацагдоржийн Болорчулуун гэж хүн бүртгэлтэй бөгөөд 2011 онд үүсгэн байгуулжээ.
Гадаад худалдаа, аялал жуулчлал, гутлын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүмүүс "Чансаа" гутлын дэлгүүрээр нь сайн мэдэх биз.
Холбоотой мэдээ