Мань турав, МАН таргалав   

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Мань турав, МАН таргалав   

Мань турав, МАН таргалав   

Улс төрийн хүрээлэлд үе үеийн тодрон гарагч нь өрсөлдөгчөө үгүйсгэдэг бичигдээгүй хуультай. Дайн, байлдаантай киногоор хүмүүжсэн монголчууд өнөөдөр ч манайх, дайсных, МАН-ын, АН-ыхаараа талцах ажээ. Улстөрчид ч сурамгай сандайлна. Сонгогчид ч тэдний хуурамч амлалтад автан сонгуулиас сонгуулийн хооронд нэгээс нөгөө рүү савлана. Яг энэ сюжет дээр өнөөгийн эрх баригчид дөрөөлөн дордуулсан долоон жилийг ардаа үдэв. Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбатын “Тус намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт ороогүй байна” гэх дүгнэлттэй эрх баригчдын амлалт өнөөдөр үнсэнд хаясан шалз шиг болжээ.

Хөтөлбөр эхэлсэн эхний хуудаснаас эхлээд өнгөрснийг үгүйсгэж, өөрсдийгөө өргөмжилж, ирээдүйн шударга ёсны хувьсгал хийх тухай хийрхсэн нь цагаан дээр хараар үлдсэн байх юм. Мөрийн хөтөлбөртөө муучилсан Оюутолгойн далд уурхайн нээлтээ өнөөдөр амаа олохгүй магтаж байна. Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан ачаар юу болсныг бид цар тахлын жилүүдэд хангалттай харлаа. Одоо харин зургадугаар хуудсыг хамтдаа сөхье.

ОРЛОГОТОЙ ИРГЭН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ? 

МАН-ын хурган даргыг “гэрэл цохиулахад” л долоон тэрбум төгрөгтэйгөөр баривчлагдав. Харин Монголын хувийн хэвшлийн орлого байнга буурч, хаалгаа барьдаг болсон төдийгүй орлогоо, хөрөнгөө төрд дээрэмдүүлдэг борлов. “Цалингийн бодит хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална” гэж заажээ. Инфляци талийсаар.

Иргэдийн худалдан авах чадвар дор хаяж 30-45 хувиар буурсан талаар эдийн засагчид хэлж байна. Валютын ханшийн өсөлтийн талаар яриад ч хэрэггүй. Энэ талаар ам нээвэл “МАН байгаагүй бол үүнээс ч долоон дор байх байсан” гэж товшиход бэлэн бүхэл бүтэн армийг тэд санхүүлжүүлдэг болсон.

Иргэний бодит эргэцүүллийг ингэж л тэд баллуурдахыг хичээдэг. “Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна” гэсэн амлалт нь яг эсэргээрээ хэрэгжсэн. МАН-ын гишүүдийн орлого хоёр дахин байтугай нэмэгдсэн нь үнэн бол Монголын ядуурал хоёр дахин буурах байтугай дундаж давхаргынхан нь нэмэгдээд ядуусынхаа эгнээнд орчихлоо.

ХЭН БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХҮРТЭВ

Хөгжлийн банк, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮ, Боловсролын зээлийн сан зэргээр харвал “Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно” гэдэг нь намынхаа гишүүдийг хэлсэн бололтой. “Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ” гэж бас нэгэн гоё заалт бий. Үүнээс ч илүү “Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно” гэж бас л буржээ. Өнөөдөр өөрсдөө гурван хувийн зээл аваад банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 30 хувийн хүүтэйгээр хүүлдэг болсон.

ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЛ ҮҮ?

Олонх болсон тэд “Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна” гэсэн. Үүнийг та өөрөө нэг бодоод үзэхийг зөвлөх байна. Татвар бууруулах нь байтугай орлого олвол илүү татвар авах хуулийг оны эхнээс хэрэгжүүлсэн. Монгол Улсын 2023 оны төсөвт Хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан. “Торгууль гээч гэм хийсний төлөөх татвар бол татвар гэдэг зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль” гэдэг л болж байна. Монголд торгууль эсвэл татвараар л төрийн дээрэм хийж байна.

“ХОЙД ЭЦГИЙН” ЗУУЛТ  

Хоноцын сэтгэлгээтэй эрх баригчид “Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж байсан ч 2023 оны нэгдүгээр сараас нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор төсөв батлав. Гэвч монголчуудын 91 хувь шахуу нь хүүхдийн мөнгөнөөс хасагджээ.

         МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙГ ЗОГСООСОН УУ, ЗОГООСОН УУ?

Мөрийн хөтөлбөрийн “Орлоготой иргэн” цааш үргэлжилнэ. “Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ” гэх юм уу “Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэсэн анхаарал татсан хоёр заалт бий. Мөнгө хүүлэлт зогсох байтугай бодит хохирол нь тэрбумаар яригдах болов. Өнөөдөр цагдаагийнхан байс гээд энэ тухай мэдээлж байгаа болохоор адилхан байж уншигчдаа стресстүүлэлгүй энэ тухай баримтыг оруулахаас татгалзав.

Харин арилжааны банкуудын үйл ажиллагаанд зээлдэгчдийн эрхийг хамгаалсан хууль батлаагүй ч хууль бусаар хамгаалсан нэгэн үйл болсон нь Хөгжлийн банкны зээл. Түүнээс хэн яаж хүү багатай зээлийг ямар ч барьцаагүйгээр цөлмөснийг бид хоёр удаагийн сонсголоор хангалттай сонссон. МАН бусад руу буруугаа чихэж байгаа ч үнэндээ өөрсдийнх нь идээ бээр энэ банкны хэргээр илүү их гарах нь мэдээж.

МАН ЦЭВЭР ҮЛДЭЖ, МАНГАСААР ЖУНАЙ ТОДРОВ

Сонгуульт хугацааныхаа 3/4-ийг өнгөрөөсөн хэр нь хэлсэн, хийсэн хоёр нь тэнгэр, газар шиг ялгаатай тэд өнөөдөр авлигачдыг агшааж, шударга ёсыг тогтоогчид, намаа, нийгмээ цэвэрлэгч мэтээр өөрсдийгөө магтуулж байна. Ингэж хэтэрхий дүрдээ итгэснээс бодит байдлаас алсарчээ. Байгуулагдсан цагаасаа л нэгнээ намнасан, тэд энэ удаад ч хүчтэй нь хүчгүйгээ золигт гаргаад өөрсдөө баатрын дүрд тоглохоор улайрч байна. МАН нэр цэвэр үлдэж, мангасаар Жунай тодров. “Мангас Жунай”-г /”Уул усны үр сад” киноны дүр бас байх/ мөрдөн байцаагчид бус улстөрч нөхөр өөрийн биеэр барьж авчирсан гээд хээв нэг зарлав. Улстөрчид оролцсон хэрэг үнэн мөнөөр шийдэгдэж байсан ганц ч тохиол байдаггүйг өнгөрсөн түүх харуулна. Санал нийлэх эс аваас нулимах сонголтыг орлогогүй иргэн танд үлдээе. Товчхондоо  иргэд турж, МАН таргалав. Яаж ч хичээгээд үгүйсгэж болохгүй үнэн гэвэл энэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж