"Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт" олон улсын форум өнөөдөр /2023.04.10/ эхэллээ. Тус хэлэлцүүлэг үндсэн хоёр сэдвийн хүрээнд болж байна. Тодруулбал, "Жендерийн тэгш байдлын төлөөх улс төрийн намын манлайлал" болон "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл" сэдвийн хүрээнд болж буй. Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх хүрээнд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэх, ялангуяа улс төрийн намуудын үүрэг, манлайллыг нэмэгдүүлэх талаар голчлон хэлэлцэж байна. Тиймээс өгч буй амлалт, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар ямар байр суурьтай байгаа талаар намуудын төлөөллөөс тодрууллаа.
МОНГОЛЫН УЛС ТӨР ЗАЛУУЧУУД БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХАЛТАЙ ТОГТОЛЦООТОЙ ТОГЛООМЫН ДҮРМЭЭР ЯВЖ БАЙНА
Монгол ардын нам, намын байгуулалтын газрын дарга Б.ПҮРЭВДАГВА:
-Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд өнөөдөр зөвхөн жендерийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ бол Монголын улс төрд нэгэн шинэ үйл явдал. Дээрээс нь тодорхой албан бичигт гарын үсэг зурж, амлалт өгч байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд ахиц гарна гэж харж байна. Одоо байгаа хуульд тусгасан шийдвэр гаргах түвшний тэгш оролцооны квотыг хангаж ажиллахаа намууд мэдэгдсэн. МАН 2022 онд жендерийн тэгш байдлыг хангах талаар олон бодлогын арга хэмжээг явуулсан. Тухайлбал, МАН жендерийн тэгш байдлыг хангах тусгайлсан бодлогын баримт бичигтэй болсон. Мөн улс төрийн намуудыг төлөөлж анх удаа Жендерийн үндэсний хороонд тэгш байдлын тайланг хүргүүлээд байгаа. Үүнээс гадна 21 аймаг, нийслэлийн хэмжээнд улс төрд нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийн манлайллын чуулга уулзалтуудыг зохион байгуулж байна.
Намууд улс төрийн амлалт өгч байгаа учраас хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. МАН нийт намуудыг уриалж шийдвэр гаргах түвшний тэгш оролцоог хангаж ажиллахад мөн онцгой анхаарах болно.
Манай намын 283 мянган гишүүний 53 хувь нь эмэгтэйчүүд. Бидний зүгээс гол тулгамдаж байгаа асуудлыг хэвшмэл ойлголтыг өөрчлөх гэж харж байгаа. Үүний дараагаар хууль эрхзүйн орчин нөхцөлийг бэлдэж өгөх нь зүйтэй. Монголын улс төр залуучууд болон эмэгтэйчүүдэд халтай тогтолцоотой тоглоомын дүрмээр явж байна. Тиймээс тэгш оролцоог ярих цаг болсон. Мөн нөгөө талдаа эмэгтэйчүүд өөрсдөө тэгш оролцооны асуудлыг ярихаас илүүтэй эрчүүд жендерийн тэгш байдлыг хангах талаар ярих нь үр дүнтэй. Энэ бол судалгаагаар батлагдсан. Тодруулбал, эмэгтэйчүүд энэ асуудлыг хөндөхөд үр дүн 65 хувьтай байдаг бол эрчүүд жендерийн тэгш байдлын талаар дуугарахад 95 хувийн үр дүнтэй байдаг.
ЭМЭГТЭЙЧҮҮД УЛС ТӨРД ОЛНООР ОРЖ ИРЭХ НЬ ЦӨӨН ХЭДЭН НАМЫН ЭРХ АШИГ БИШ
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.ЖАРГАЛАН:
-Өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 10 улс төрийн намын дарга, төлөөлөл, удирдах албан тушаалтнууд, удирдах албан тушаалтнууд эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих талаар амлалт өгч байна. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноор оролцох давуу тал их. АН-ын тухайд Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Бид холимог тогтолцоог сонгосон бөгөөд жагсаалтын тухайд 1:1 тогтолцоог оруулж ирсэн. Манай намын хувьд нийт нэр дэвшигчдийн 40 хувьд эмэгтэйчүүдийг оруулж ирэх талаар ярьсан. Квотыг ийн өсгөж байгаа нь онцлог. Юунд итгэж байна вэ? гэхээр улс төрийн шударга тогтолцоог бий болгох, түүнээс гадна тойргийн нягт уялдаатай байдал алдагдахгүй байх нь хэрэгтэй гэж үзэж байгаа. Харин МАН мөн адил 1:1 харьцаатай гэсэн мөртлөө эцсийн дүндээ квотыг 30 хувиар заагласан. Ингэснээр тэгш байдал хангагдаж чадахгүй. Тиймээс АН онцлог хуулийн төсөл оруулж ирсэн гэж харж байгаа.
Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд олон шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоог хангах талаар хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан. Түүнд эрх баригч намын зүгээс эмэгтэйчүүдийн квотыг нэмж 40 хувь хүртэл өсгөнө гэж амлалт өгч байсан сая өргөн барьсан хуулийн төсөл дээр шийдвэрээ өөрчилсөн байсан.
Тэгэхээр МАН шийдвэрээ эргэн харж, АН-ын саналыг мөн харгалзана гэдэгт итгэлтэй байна. Үүнд олон нийтийн дэмжлэг чухал нөлөөтэй. Эмэгтэйчүүд улс төрд олноор орж ирэх нь цөөн хэдэн намын биш нийгмийн нийт асуудалд хамааралтай.
1992 ОНООС ХОЙШ 65 ЭМЭГТЭЙ Л ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД СОНГОГДСОН
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.ЭНХБАЯР:
-Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш найман удаагийн сонгууль зохион байгуулсан. Энэхүү сонгуулиудаар 620 гаруй төлөөлөл сонгогдсон бөгөөд үүний 10 хүрэхгүй хувь буюу 65 нь эмэгтэйчүүд байна. Төлөөллийн зарчмаар бол төрийн эрх барих дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо бага байгааг олон асуудалтай холбож тайлбарладаг. Тухайлбал, мэдлэг, ур чадвар дутмаг, эмэгтэйчүүд өөрсдөө улс төрд дургүй гэхчлэн олон шалтгаан дурддаг. Эдгээр нь үндсэн шалтгаан биш. Сонгуулийн тухай хуульд 20 хувь хүртэл гэж квот тогтоосон хэрнээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хангалтгүй байгаа нь эрхзүйн орчинд өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж байна. Тэгэхээр бүхий л талаар эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, тэгш байдлыг хангахад намын соёлын ойлголт мөн яригдана. Үүний дараагаар төлөөллийн зарчим бэхжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэх, шаардлагатай зарим салбарт хуваарилагдах төсөв санхүү өсөх зэрэг олон эерэг үр дүнтэй. Жендэрийн үндэсний хорооны зүгээс өнөөдөр баримталж байгаа гол санал бол олон улсын сайн туршлагаас суралцах.
Заавал бид 20-30 жилийн дараах хөгжлийг харахаас илүүтэй санй туршлага судалснаар цаг хугацаа, төсөв санхүүгийн хувьд давуу талтай.
Дэлхий 2030 онд төлөөллийн зарчмыг 50:50 болгох зорилготой байхад Монгол Улс ч мөн ялгаагүй байх нь зүйтэй. Гэтэл Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоог 20 хуваарь хязгаарлаж байгаа нь утгагүй. Хэрэв энэ хэвээр байвал тогтолцоонд ямар ч өөрчлөлт гарахгүй. Квотын байдлын хувьд Монгол Улс 10 байр ухарсан. Тиймээс үүнд зохицуулалт, шинэчлэлт бодлогын түвшинд хийх хэрэгтэй.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭГШ ОРОЛЦОО БОЛ ДАРГЫН СУУДАЛ БУЛААЦАЛДАЖ БАЙГАА ЗҮЙЛ БИШ
ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн Б.МӨНХСОЁЛ:
-Тэгш төлөөллийг хангах асуудал бол зөвхөн Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал биш. 2020 оны УИХ-ын сонгуульд нийт 606 хүн нэр дэвшсэний 151 нь эмэгтэй нэр дэвшигч байсан. Үр дүнг харахаар 13 эмэгтэй сонгогдож УИХ-ын гишүүдийн 17 хувийг бүрдүүлж байна. Ардчилал хөгжсөн орнуудтай харьцуулахад хангалтгүй байна. Нөгөө талд нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. 151 эмэгтэй нэр дэвшээд 13 нь сонгогдож байгаа нь тэнд ямар нэгэн юм буруу байгааг харуулдаг. Тиймээс тогтолцоог өөрчлөх шаардлага үүсч байна. Квот бол босго гэдгийг онцолъё, 30 хувь биш цаашид 40,50 хувь болгож ахиулах нь нээлттэй.
МАН-ын хувьд нийт сонгогдсон 62 гишүүд сонгогчдын 42 хувиар гарч ирсэн. Энэ бол эмэгтэйчүүд орсон тоо.
Холбоотой мэдээ