"Салбарын хууль тогтоомжийг сурталчлах нь цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх чухал алхам юм"

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

"Салбарын хууль тогтоомжийг сурталчлах нь цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх чухал алхам юм"

"Салбарын хууль тогтоомжийг сурталчлах нь цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх чухал алхам юм"

Орон нутагт батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайханаас тодруулга авлаа.


-Энэ жил Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлан таниулах арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ?

-БХЯ-ны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх гэрээний хүрээнд Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлан таниулах арга хэмжээг энэ оны 5, 6, 9 дүгээр сард БХЯ,  ЗХЖШ болон харьяа байгууллагуудтай хамтран Булган, Архангай, Сүхбаатар аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Онцлон хэлэхэд, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, эх оронч үзэл, хүмүүжилтэй ирээдүй хойч үеийг бэлтгэх ажил, арга хэмжээг Батлан хамгаалах салбар цаг үргэлж гүйцэтгэж, хэрэгжүүлсээр ирсэн.

Уг ажил, арга хэмжээ нь энэхүү үйл ажиллагааны нэгээхэн хэсэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын өнцөг булан бүрт эх орноо батлан хамгаалах үйл хэргийг хэрэгжүүлж буй цэргийн алба хаагч бүрийн өдөр тутамдаа гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа нь Батлан хамгаалах хууль тогтоомжийг ард иргэддээ бодит байдлаар сурталчилж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно.

-ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн энэ жил явагдах уу? Ямар онцлогтой байх вэ?

-Өнгөрсөн жил цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сумын хэмжээнд гурван үе шаттайгаар зохион байгуулж, ерөнхий боловсролын бүх сургуулийн 1685 багийн 22 мянга орчим сурагч хамрагдаж шилдгээ тодруулсан. Харин энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн болон аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхнээсээ тэмцээн уралдаан явагдаж эхлээд байна.

-БХЯ-аас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнүүд хэр үр дүнтэй байгаа гэж харж байна?

-Дээр хэлсэнчлэн Батлан хамгаалах салбар ард иргэддээ ойр байх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газраас баталсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас БХЯ, БШУЯ, ЗХЖШ-тай хамтран “Бидний бахархал” төслийг орон даяар өрнүүлж байна.

Энэхүү төсөл нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд эх орон, тусгаар тогтнол, эцэг өвгөд, монгол өв соёл, зан заншил, монгол үндэстний түүхэн уламжлал, дайчин замналаар бахархах үзлийг сурталчлах замаар хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүн бүрийн оролцоог улс орны хөгжилд ямар чухал болохыг ойлгуулах ач холбогдолтой юм.

Өнгөрсөн онд нийслэлийн 9 дүүрэг, Эрдэнэт, Дархан-Уул, Төв аймгуудад  Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцоотойгоор уг арга хэмжээг хэрэгжүүлсэн бол энэ онд “Бидний бахархал” төсөл маань хөдөө, орон нутагт эрчимтэйгээр үргэлжлэн явагдаж байна.

-Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалтыг өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Хангайн бүсийн сумдыг түшиглэн анх удаа зохион байгуулсан. Энэ тухайд тодруулбал?

-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, БХЯ-ны 2022 оны гүйцэтгэлийн  төлөвлөгөө, Батлан хамгаалахын сайдын Өвөрхангай аймгийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээг тус тус удирдлага болгон Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон бүрэлдэхүүн 2022 оны 9 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн “Хээрийн дадлага” сургалтын зохион байгуулалт, томилгоот нэгжийн үүрэг гүйцэтгэх боломж, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжих боломж, нөөцийн бүрдүүлэлт, удирдах бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх боломж, томилгоожилтын байдалд дүн шинжилгээ хийж, сургалтын явцад мэргэжлийн зааварчилгаа өгч ажилласан. Сургалтад Өвөрхангай аймгийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-ний дагуу хангайн бүсийн Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга сумдын иргэдийг хамруулсан.

Өвөрхангай аймгийн сумдын Засаг дарга нарт дээрх сургалтыг бодитоор үзүүлсэн нь Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн удирдлага болон томилгоот нэгжийн бүрэлдэхүүний гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг өгсөн ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон. Мөн сургалтад оролцсон иргэдийн идэвх, оролцоо маш сайн байсан.

-Дээрх сургалт энэ жил ямар агуулгаар явагдах вэ? Мөн онцлогийн тухайд…  

-Энэ жилийн хувьд өмнөх жил зохион байгуулсан сургалтын туршлага, дүгнэлтээ эргэн харж, Монгол Улсын төв болон баруун, зүүн бүсэд хэд хэдэн аймгуудад явуулахаар төлөвлөсөн. Бид Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах арга хэмжээний нэг нь хөдөө орон нутаг дахь иргэдэд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, эрх зүй болон онол, практикийн мэдлэг олгохыг зорьж байна.

Товчхондоо орон нутагт батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах нь Орон нутгийн хамгаалалтын хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэдийн мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх замаар эх оронч үзэл, хүмүүжилтэй, ёс суртахууны өндөр төлөвшилтэй иргэдийг бэлтгэж буй нэг хэлбэр гэж ойлгож болно.

-Орон нутгийн хамгаалалтын энэхүү тогтолцоо гадаадын улс орнууд хэр түгээмэл ашиглагддаг вэ? 

-Орон нутгийн зэвсэгт бүлэглэл, угсаатан, үндэстний ялгаан дээр үүссэн орон нутгийн хамгаалалтын цэргийг 1907 онд Их Британийн арми “The Territorial force” хэмээн албан ёсоор нэрлэж, салбар үүссэнээс улбаалан орчин үеийн Шведийн “Home Guard” болон Украин, Балтын тэнгисийн орнуудын “Territorial Defense Forces” үүсэх эхлэл бүрдсэн. Орон нутгийн цэргийг хамгийн сайн зохион байгуулалттай, чадварлагаар бий болгосон оронд Швейцарын “Territorial Service” тооцогддог.

Үүнээс улбаалан Европын хүн ам цөөтэй жижиг улс орнууд зөвхөн мэргэжлийн Зэвсэгт хүчинд найдалгүйгээр бүх нийтийн дайчилгаа, иргэн бүрийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог батлан хамгаалах нэн тэргүүний бодлого болгон хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог Швейцараас гадна Сингапур, Израйл, Тайвань, Скандинавын орнууд (Швед, Норвег, Финланд) болон Балтын гурван улс (Латви, Литва, Эстони) үндэсний батлан хамгаалах бодлогодоо тусган, өөрийн улсдаа нутагшуулсан нь бий. Үүнээс харахад хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай манай улс  дэлхийд тэргүүлэх байр суурьтай хүчирхэг хоёр гүрний дунд байрлах далайд гарцгүй орны хувьд их гүрнүүдийн хажууд батлан хамгаалах бодлогоо амжилттай хэрэгжүүлж, үндэсний дархлаагаа хадгалж гадаадын зарим улс орнуудын орон нутгийн хамгаалалтын тогтолцоо, зохион байгуулалт, тэргүүн туршлага, сургамжийг дэлгэрүүлэн судлах нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж