Кимийн гэр бүлийн виртуал бизнес

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Кимийн гэр бүлийн виртуал бизнес

Кимийн гэр бүлийн виртуал бизнес

Хойд Солонгос энэ оны нэгдүгээр сард баллистик пуужин хөөргөсний дараа Өмнөдийн тагнуулчдын баг болон АНУ-ын хувийн мөрдөгчид нууцаар цуглажээ. Калифорни дахь "Harmony" нэртэй криптовалютын фирмээс хулгайлагдсан 100 сая ам.долларыг тэд хэдэн сар мөрдсөн. Уг мөнгийг Хойд Солонгосын хакерууд ам.доллар юм уу юань руу хөрвүүлэн, хууль бус пуужингийн хөтөлбөртөө зарцуулахыг нь хүлээж байв. Хакерууд мөнгөө өөр валютад хөрвүүллээ гэхэд тагнуулчид хэдхэн минутын дотор л үүнийг ашиглах боломжгүй болгож чадах юм.

Эцэст нь нэгдүгээр сарын сүүлээр хакерууд олзныхоо тодорхой хэсгийг ам.доллартай холбосон критовалютын данс руу шилжүүлснээр тагнуулчид хяналтаа түр зогсоожээ. Тагнуулчид болон мөрдөн байцаагчид АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнуудад гүйлгээний талаар мэдээлэв. Тагнуулын баг тэр өдөр нэг сая гаруй ам.долларыг хураахад тусалжээ.

Хойд Солонгосын хакерууд сүүлийн хэдэн жилийн хугацаанд банкууд болон криптовалютын пүүсүүдээс олон тэрбум ам.доллар хулгайлсныг НҮБ тайлагнасан. Өөр бусад хувийн компани ч үүнийг баталж буй. Тиймээс тэдний криптовалют дамжуулах хоолойг таслах нь АНУ болон Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай зүйл болоод байна. Хулгайлсан дижитал мөнгөө хатуу валют болгох Пёньяны арга улам л нарийсч буйг мэргэжилтнүүд онцолжээ.

"Хойд солонгосчуудад мөнгө хэрэгтэй байна, тэр хэрээрээ тэд бүтээлч болж байна. Олон хориг арга хэмжээнд өртсөн улс учраас тэд хууль бусаар мөнгө цуглуулах арга хайхаа хэзээ ч зогсоохгүй" гэж АНУ-ын албаны хүн хэлэв.

Сөүл хотноо өнгөрсөн долоо хоногт болсон АНУ, Япон, Өмнөд Солонгосын дипломат уулзалтын үеэр Хойд Солонгосын криптовалют хакерын талаар хэлэлцсэн. Тухайн үед Ким Жон Ун хомс нөөцөө үй олноор хөнөөх зэвсэг рүү цутгаж байгаад харамсаж байна гэсэн хамтарсан мэдэгдлийг талууд хийжээ. "БНАСАУ мөнгө хулгайлах, угаах болон хорлонтой кибер үйл ажиллагаагаар мэдээлэл цуглуулах зэргээр пуужин, цөмийн хөтөлбөрөө дэмжиж байгаад маш их санаа зовж байна" гэсэн юм.

Хакерууд криптовалют хулгайлаад зогсохгүй хэд хэдэн орны засгийн газар, компаниудын сүлжээнээс цөмийн хөтөлбөрт нь хэрэг болох техникийн мэдээлэл цуглуулсаныг НҮБ хоёрдугаар сард тайлагнасан.

ГЭР БҮЛИЙН ВИРТУАЛ БИЗНЕС

Хойд Солонгос улс зэвсэг, нүүрс болон бусад үнэт ачааны наймаа хийх замаар хориг арга хэмжээнээс зайлсхийж байгааг АНУ ба түүний холбоотнууд 2000-аад оны сүүл үеэс анхааруулсан. Тиймээс олон улсын усан хилээс сэжигтэй үйлдэл илрүүлэхийг хичээсээр иржээ. Тэгвэл Пёньяны хакерууд болон Вашингтон, Сөүлийн хоорондын өрсөлдөөн маш орчин үеийн шинж чанартай болов.

Умардыг сүүлийн 70 жилийн турш удирдсан Кимийн гэр бүл улсынхаа төрийн өмчит компаниудыг гэр бүлээ баяжуулахад, дэглэмийн оршин тогтнолыг баталгаажуулахад ашигласан гэж шинжээчид үзэж байна. Шинжээч Жон Пак үүнийг "Хойд Солонгос корпораци" гэж нэрийдсэн. Ялангуяа одоогийн удирдагч Ким Жон Ун крипто хулгайг хоёр дахин нэмэгдүүлж, гэр бүлийн дэглэмийнхээ орлогын эх үүсвэр болгосон гэж үзэж байна. Ингэснээр мөнөөх "Хойд Солонгос корпораци" илүү виртуал хэлбэртэй болсон аж.

Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосын орлогын гол эх үүсвэр нь нүүрсний худалдаа байв. Гэтэл криптовалют хулгайлах нь нүүрсний худалдаатай харьцуулбал хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт хавьгүй бага шаардах ажил юм. Ингээд зогсохгүй ашиг орлого нь ч хамаагүй их.

Өнгөрсөн жил дэлхийн өнцөг булан бүрээс 3.8 тэрбум ам.долларын криптовалют хулгайлагдаж түүхэн дээд амжилт тогтоосон. Үүний бараг тал хувь буюу 1.7 тэрбум нь Хойд Солонгосын хакеруудын хийсэн ажил юм. Хойд Солонгос хулгайлсан криптовалютынхаа хэчнээн хувийг бэлэн мөнгө болгож хөрвүүлж чадсан нь тодорхойгүй байна.

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ 

Өмнөд Солонгос болон АНУ нь Пёньяны заналхийллийн эсрэг шийдвэртэй хариу арга хэмжээ авахын тулд "Тагнуулын мэдээллийг шуурхай хуваалцах" схем боловсруулжээ. Сүүлийн үед тэд криптовалютын эх үүсвэрийг далдлахад ашигладаг олон нийтэд нээлттэй хэрэгслүүдтэй тулж ажиллаж байна. Криптовалют угаахад ашигладаг "ChipMixer" нэртэй үйлчилгээ байдаг. АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн сард тус үйлчилгээг хааж байгаагаа зарласан. Хойд Солонгос улс хакеруудын хулгайлсан 700 сая ам.долларыг "ChipMixer" үйлчилгээ ашиглан угаасан гэж таамаглаж байна.

"Tornado Cash" нэртэй криптовалют холих үйлчилгээ ч бас байдаг. Тус үйлчилгээг АНУ-ын Сангийн яам өнгөрсөн оны наймдугаар сард хориглосон нь крипто хулгайн эсрэг томоохон алхам болсон юм. Энэ үйлчилгээ нь бусад үйлчилгээнээс илүү хөрвөх чадвартай бөгөөд Хойд Солонгосын мөнгийг бусад хөрөнгийн эх үүсвэр дунд амархан нуух боломжийг олгодог байсан. Сангийн яамнаас хориг арга хэмжээ авсны дараа "Tornado Cash" цөөн тооны гүйлгээ хийж байна.

Түүнчлэн хулгайлагдсан криптовалют Хойд Солонгосоос гарах мөчийг тодорхойлохын тулд блокчэйн хянах програм хангамжийг ашигладаг. Гэхдээ уг програм хангамжийг ашиглахын тулд хууль сахиулах байгууллага болон крипто фирмүүд хоорондоо найдвартай харилцаа холбоотой байх хэрэгтэй.

Хамгийн сонирхолтой нь Хойд Солонгос мөнгө угаах ажилдаа гадаадын улс орнуудаас тусламж авдаг. АНУ-ын албаныхан аль нэг улсыг цохож хэлэхээс татгалзсан. Гэхдээ 2020 онд АНУ хоёр хятад эрийг Хойд Солонгосын талд ажиллаж, 100 сая ам.доллар угаасан хэрэгт буруутгаж байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж