Улсын төсвийн зардал 2023 онд 2.3 их наяд төгрөг буюу 13 хувиар тэлэхээр байна. Үүнээс хөрөнгө оруулалтын зардал 1.5 их наяд, хүүний зардал 364 тэрбум, цалингийн зардал 311 тэрбум, урсгал шилжүүлэг 216 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй бол эргэж төлөгдөх зээл 284 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа талаар Төв банк инфляцийн гуравдугаар сарын тайландаа дурджээ.
Сангийн яамны мэдээллээр, энэ онд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хуримтлалтай хүүхэд”, чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн ажлууд үргэлжилнэ. Иймээс татаас, шилжүүлгийн зардал өмнөх оны адил нийт зардлын тал орчим хувийг бүрдүүлэх нь.
Эхний хоёр сарын байдлаар татаас, шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өссөн бөгөөд хүүхдийн тэтгэмж болон ахмад настны тэтгэврийн зардал төлөвлөгөөний дагуу өссөн нь нөлөөлжээ. “Хуримтлалтай хүүхэд”, эрүүл мэнд, боловсролын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо хэрэгжүүлж буйгаас төсвийн татаас, шилжүүлэг нийт зардлын талаас илүүг бүрдүүлсэн хэвээр байх ажээ.
Холбоотой мэдээ