ОБЕГ-аас ой хээрийн түймрийн тархалтын талаар өнөөдөр /2023.04.10/ мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Сүхбаатарт иргэний болгоомжгүй байдлаас гар түймэр гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна. Энэ жилийн өдийд улсын хэмжээнд хуурайшилт ихтэй, салхи шуургатай байдаг. Үүнээс болж санамсаргүйгээр гал алдаж, ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй. Тиймээс иргэд ил задгай гал түлэхгүй байх, ой хээрийн бүсээр аялж зугаалахдаа анхаарах хэрэгтэй. Он гарсаар нийт 25 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдэж, 187.039 га талбай өртсөн. Үүгээр хэд хэдэн айлын хашаа, гэр, саравч шатсан.
Халхгол суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Салхи ихтэй байгаа учраас богино хугацаанд өргөн талбайг хамраад байна. Гал түймрийн голомтод ажиллаж буй албан хаагчдад хангалт үйлчилгээг тарааж байгаа. Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн хойд, Өмнөговийн зүүн хэсгээр өнөө маргаашдаа 16-18 метр секундын хүчтэй шороон болон цасан шуургатай байна.
Гал түймэрт өртсөн талбайг тогтоох боломжгүй, утаажилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Энэ хүрээнд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 160 хүний бүрэлдэхүүнтэй хүн 20 нэгж, техниктэй ажиллаж байна. Эхний ажлын хэсэг нөхцөл байдлаа үнэлж, нэмэлт хүч авах шаардлагатай эсэхээ мэдээлнэ. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгаас нэмэлт хүч гарсан. Голомтод байгаа айл, малыг нүүлгэн шилжүүлж байгаа. Цагдаагийн байгуулагаас санамсаргүй гал түймэр тавьсан иргэнийг тогтоож, хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүхийн шийдвэрээр тогтооно.
Холбоотой мэдээ