Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг шүүн, цагаатгасан шүүгч нарыг Шүүхийн сахилгын хороонд хандаж, “шүүлгүүлнэ” гэдгээ мэдэгдээд байна.
Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн өнөөдрийн /2023.04.10/ ярилцлагадаа “Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэртэй холбоотой маш тодорхой хэргүүд байдаг. Эцэст нь шүүх дээр жил гаруй хугацаанд барьж байгаад хэрэгсэхгүй болголоо. Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохьдог, Т.Бадамжунайг ирдэг өдөрт тааруулаад хаачихаж байгаа юм. Шүүх засаглал нь цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй ээ гэж зургаа, долоон жилийн өмнөөс ярьж байна. Цаашдаа ч энэ талаар юм хийхгүй бол эздэдээ үйлчилдэг шүүгчид байсаар байна. Үүний тод жишээ нь Хан-Уулын шүүхийн шүүгчид боллоо.
… Хэргүүдийг "Кёкүшюзан"-ы хэрэг шиг шийдээд байвал бүр хэцүү болно. Шүүхийн сахилгын хороонд хандана гэж бодож байгаа. Шийдвэр гаргасан шүүгч нартай холбогдуулж, өөрөө хандана” гэжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 2-6-ний хооронд дөрвөн өдөр хуралдаж, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан юм.
Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлж чадаагүй, буруу тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн юм. Нөхцөл байдал нь хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй гэнэ.
Хуулийн байгууллагаас Д.Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйг тогтоосон байдаг.
Шүүхээс залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ