Азарган тахиа хочит Белотти

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Азарган тахиа хочит Белотти

Азарган тахиа хочит Белотти

Италийн шигшээ баг сүүлийн хэдэн жилийн турш довтлогчийн асуудалтай байгаа билээ. Гэхдээ дотоодын лигтээ тогтвортой, сайн амжилт үзүүлж буй довтлогч гэвэл Андреа Белоттиг нэрлэж болно. Анх 2015 онд Торино багт элсэн орсноосоо хойш 2022 он хүртэл энэ багтаа хүчин зүтгэж, багийн ахлагчийн хэмжээнд хүртэл очиж байсан тэрбээр Сери-А лигийн 2016-2017 оны улиралд 26 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтад гуравдугаар байрт бичигдэж байсан түүхтэй.

Тоглолтын хэв маягаас нь гадна түүний бусдаас ялгардаг нэг онцлог бол гоолын баяр бөгөөд горл оруулсныхаа дараа тахианы хөдөлгөөн хийдгээрээ алдартай. Италийн "Cronache di Spogliatoio"-д яагаад ийм гоолын баяр хийх болсон, хөлбөмбөгийн замналынхаа хамгийн олон гоолтой улирлын дараа Милан руу очих гэсэн боловч наймаа нь яагаад бүтээгүй талаар өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та гоолын баярынхаа талаар яриач?

-Би та бүхэнд яагаад намайг Галло буюу Азарган тахиа гэж нэрлэдэг хочынхоо нууцыг хэлье. Энэ бол утгагүй түүх. 2012 оны есдүгээр сарын 3-нд санагдаж байна. Миний төрсөн тосгоны минь найз Юуригийн гэрийнхан уушийн газар ажлуулдаг байв. Бид ч тэр уушийн газрын байнгын үйлчлүүлэгчид байсан. Тухайн үед би 18 настай Сери-С лигийн Альбинолеффе багт тоглодог байлаа. Харин Юури багаасаа хөлбөмбөг маш сайн тоглодог байсан. Түүний хочийг Галло буюу Азарга тахиа гэдэг байлаа. Гоол оруулахаараа яг азарган тахиа шигээ гоолын баяраа тэмдэглэдэг байсан. Тэр бүхий л аргаар гоол оруулдаг, мундаг гоолтай тоглогч байв. Гоол оруулахаараа яг л тахиа шиг хөдөлгөөн хийж гоолын баяр хийдэг. Би ингэхийг ёстой солиотой явдал гэж боддог байсан.

Тэр ажлын цаг заваасаа болоод миний тоглолтыг ирж үзэж чаддаггүй байлаа. Харин нэг тоглолттой өдрийн өмнөх орой нь "Андреа, маргааш би завтай болсон шүү. Аавтайгаа ээлжээ сольчихлоо. Чиний тоглолтон дээр нь очиж чамайг дэмжинэ" гэсэн. Тэр надаас хэрэв гоол оруулах юм бол надад зориулаад тахианы хөдөлгөөн хийгээрэй гэж хүссэн. Би ч зөвшөөрсөн. Тэр тоглолт эхлээд би ердөө хоёрхон минутын дотор гоол оруулсан. Би дотроо олон зүйл бодолгүй шууд фанатуудын хэсэг руу очиж яг л галзуу хүн шиг тахианы хөдөлгөөнтэй гоолын баяр хийсэн.Бүгд л над дээр ирж баяр хүргэсэн. Тэр тоглолтод Юури гурван минут хоцорч ирсэн. Машинаа байрлуулж байхдаа цэнгэлдэхийн гадаанаас хүмүүс гоолын баяр тэмдэглэн орилж байхыг сонссон тухайгаа надад хэлж “Чи тоглолт эхлээд хоёрхон минутын дотор гоол оруулчихаж байгаа юмуу”  гэж гайхсан байдалтай байлаа. Тэр өдрөөс хойш азарган тахианы гоалын баяр надаас салаагүй ээ.

Италийн шигшээн довтлогчийн хувьд Миланы фанат бөгөөд үүнийгээ ч нуулгүй олон удаа хэвлэлд ярилцлага өгч байсан билээ. Торино багт амжилттай тоглож байхдаа хөлбөмбөгийн замналынхаа дараагийн хуудсаа "Улаан харууд"-ын эгнээнд үргэлжүүлэх болов уу гэсэн таамаг ч байсан. Энэ таамаг нь ч биелэлээ олоход ойрхон байсан ч түүний наймаа бүтэлгүйтэж, Торино багтай байгуулсан гэрээ нь дуусаж чөлөөт агентийн хувиар өнгөрсөн зуны наймааны цонхоор Рома багт үнэгүй нэгдсэн юм.

-Милан руу явах наймаа нь яагаад бүтэлгүйтсэн юм бэ?

-Намайг өөр багт зарахаар бол үнэлгээ нь 100 сая евро байх нөхцөлтэйгээр би Торино багтай гэрээгээ сунгасны дараагаар намайг авах гэж багууд холбогдсон. Тэр үед та бүхэн Белоттигийн талаар хаанаас ч олж уншиж болох байсан. Магадгүй би тухайн үед эхэндээ буруу зөвлөгөө авч буруу үйлдэл хийсэн байх. Хүмүүс "Милан клуб миний төлөө 58 сая еврог л төлнө. Намайг энэ үнээр тэнд очиж Аваргуудын лигт тоглоно" гэж ярьж байсан. Миний наймааны үнэлгээний талаарх яриа хаа сайгүй яригдаж байсан. Белотти ямар үнэтэй вэ? Белотти юу хийх хэрэгтэй вэ? Юу Белотти хувьд хамгийн зөв шийдэр вэ? гэх мэт.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж