УИХ 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох ажил эрчимжсэн. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч хуулийн үйлчлэх хугацааг нэг жилээр буюу 2023 оны зургадугаар сарын 30 болгож сунгасан бөгөөд Төв банк хугацааг дахин сунгахгүйгээ мэдээлсэн билээ.
- Системийн нөлөө бүхий таван том банкнаас Голомт, Төрийн банк IPO гаргаж, олон нийтэд хувьцаагаа санал болгосон. “Голомт банк” ХК (GLMT) 118 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалж, хөрвөх чадварын харьцаа нь 2022 оны арванхоёрдугаар сард огцом нэмэгдэж, 23.7 хувьд хүрч байв.
- “Төрийн банк” (SBM) ХК IPO гаргаснаас хойш хувьцааных нь 49.63 хувийг Сангийн яам, 45.37 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшиж буй бол үлдсэн 5 хувь буюу 37,475,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон.
- Монголын хамгийн том буюу нийт 2.7 сая харилцагчтай ХААН банк өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хувьцааныхаа 10 хувийг санал болгож, зах зээлээс нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээ мэдэгдсэн. Татан төвлөрүүлэх хөрөнгийн 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15 хувийг олон нийтэд санал болгож буй. Хөрөнгө оруулагчдын тоо 30 мянгаас даваагүй тохиолдолд 500 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100 хувь бүрэн биелүүлэх зорилттой. ХААН Банк 2003 оноос тогтвортой хөгжсөөр нийт хөрөнгө нь 169 дахин өсчээ. Өдгөө тус банкны нийт актив 15 их наяд, зээлийн багц 8.0 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 13.3 их наяд төгрөгт хүрсэн нь банкны системийн хэмжээнд тэргүүлсэн хамгийн дээд үзүүлэлт юм.
Хас банкны хувьд Монголбанкинд IPO гаргах хүсэлтээ өгсөн бол Худалдаа хөгжлийн банкны хувьд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд IPO гаргах хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байгааг эх сурвалж мэдээлэв. Шинжээчдийн таамаглаж буйгаар, Хас банкны хувьд хувьцаа эзэмшигчийн төвлөрөл бага, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн дээд хувь хэмжээ 20 хувь байгаа бөгөөд багахан хувиа л олон нийтэд санал болгох бололтой. Харин Худалдаа Хөгжлийн банк нийт хувьцааныхаа 10 хүртэлх хувийг олон нийтэд санал болгоно гэсэн хүлээлт бий юм.
Хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дэх мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 7,306 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 67,356,571,200 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 3 дахин давсан үзүүлэлт болсон.
Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100 хувь биелүүлж, олон нийтээс ирүүлсэн захиалгын 800 мянган /найман зуун мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 13.6 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар болжээ. Тус үнэт цаасны захиалга санал болгосон дүнгээс давсан тул 5,621,250 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж, энэхүү нэмэлт хувьцааг 100 хувь олон нийтэд хуваарилахаар төлөвлөснөө мэдэгдсэн. СЗХ-ны 2022 оны аравдугаар 10-ны өдрийн 1/3858 тоот албан бичгийн дагуу тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны аравдугаар 11-ний өдрөөс "SBM" үсгэн кодтойгоор эхлүүлж байв. “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 63.68 төгрөг тооцон, ногдол ашиг тараахаар шийдвэрлээд буй юм.
IPO-ГИЙН ДАРААХ ЭРСДЭЛИЙГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ?
Олон улсын валютын сан Монголын банкууд IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болохыг дэмжсэн ч цар тахал болон олон улсын хямралт энэ цаг үед банкны IPO-г түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Эдийн засагч Б.Лагшми банкуудын IPO гаргах хугацааг ойрын хоёр жилдээ мартахыг онцлон анхааруулж байв. Тэрбээр жил гаруйн өмнө эдийн засаг хүнд үед IPO зарласан нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлээд, “…Нэгдсэн хяналтын тогтолцоо байхгүй байна. Хаан банкны ихэнх хувийг хэн нэгэн бизнес эрхлэгч авчихлаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар нэгдсэн ойлголт авах эх үүсвэр байгаагүй. Тиймээс хяналтын тогтолцоогоо сайжруулж байж IPO хийх нь зүйтэй” гэж хэлж байсан юм.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2023 оны хоёрдугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 221.5 (10.9 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 89.7 (4.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.9 хувийг эзэлж буй статистик бий.
Банкуудын чанаргүй зээл ийн нэмэгдэж буй энэ үед хувьцаа нь буцаж өсөх эсэх эргэлзээтэй. Тиймээс банкны хувьцаа авах иргэд илүү няхуур хандаж буй бол эдийн засагчид IPO амжилттай гарч болох ч хожим учрах эрсдэлийг тооцоолоогүй, олон нийтэд нээлттэй болох үйл ажиллагаа “албадлага, шахалт”-аар хийгдэж, ёс төдий бөгөөд цагаа олсонгүй гэж шүүмжилж байна. Хувьцааг нь худалдаж авсан банк дампуурвал хэн хариуцлага хүлээж, иргэдийн хохирлыг барагдуулах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зарим эдийн засагчид “IPO хийсэн бүх банкны хувьцаа унасан” гэж мэдээлж буй бол нэг хэсэг нь “Олон нийтэд 10 хувь гэсэн ч үүний 85 хувийг стратегийн гэх нэрээр хаалттай хүрээнд зарж буй тул нийт хувьцааны 1.5 хувь дээр олон мянган хүн оролцсоноор хувьцааны төвлөрөлд томоохон өөрчлөлт гарахгүй, засаглал нь бахь байдгаараа байх эрсдэлтэй” гэсэн байр суурьтай санал нийлж буйгаа илэрхийлж байна.
Үүнээс гадна Монголын компаниуд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах нэрээр хүүгүй мөнгө татдаг аргатай боллоо гэж шүүмжлэх хүн байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа гаргалаа, мөнгөө татлаа гэж бодоход нэмэлт хувьцааных нь үнэ унах эсэх тэдэнд огт ач холбогдолтой бус, ямар ч хариуцлага хүлээхгүйд иргэд бухимдаж байгаа аж.
Өдгөө банкуудын хувьцааны үнэ анхны зарласан үнээсээ доогуур байна.Тухайлбал, Голомт банк ХК-ийн IPO 1280 төгрөгөөр гарсан бол 1000 төгрөг болжээ.
Хөрөнгийн зах зээлийн мэдээллээр, өнгөрсөн Лхагва гариг (2023.04.05)-т [MSE:GLMT] “Голомт банк” ХК-ийн хувьцааны ханш -1.93 хувийн уналт үзүүлснээр 985.58 төгрөгт хүрч, ханш 1000 төгрөгөөс доош буусан байна. Ингэснээр өнгөрөгч онд IPO гаргаснаас хойш доод ханшдаа хүрч байгаа нь энэ бөгөөд -23.3 хувиар унасан гэсэн үг. Анх 1.04 их наяд төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн зах зээлд гарч байсан тус компани өнөөдрийн байдлаар 796.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, IPO гаргаснаас хойш -242.1 тэрбум төгрөгөөр зах зээлийн үнэлгээгээ алджээ.
"Голомт банк" ХК 2022 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 50 төгрөг буюу нийт 40.4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болсон. Гэвч энэ шийдвэр хувьцааны ханшийн бууралтыг тогтоож чадахгүй байгаа аж.
Иймд шинжээчид гадна, дотнын эрсдэлт олон хүчин зүйлийн улмаас IPO-гоо гаргаад буй банкуудын хувьцааны ханш унаж, алдагдал хүлээх эрсдэл бийг сануулж байна.
Холбоотой мэдээ