Эрх баригчид царцаагаа “хуульчилна”

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх баригчид царцаагаа “хуульчилна”

Эрх баригчид царцаагаа “хуульчилна”

Улстөрчид нэр дэвших тойрог руугаа хамаарал бүхий хүмүүсээ  нүүлгэн шилжүүлдэг улс төрийн бохир технологи ашиглах нь элбэг. Үүний нотолгоо нь сонгууль болгоны дараа  царцааны нүүдэл ашиглаж ялалт байгуулсан гэх гомлол, зарга ч хэвлэлээр тасардаггүй.  Энгийнээр тайлбарлавал, мөнгөтэй, томоохон компани удирдаж байгаа хүмүүс нь өөрсдийн компанийн ажилчид, гэр бүлээ тухайн тойрогтоо шилжүүлэх, өөртөө санал өгүүлэх ажиллагааг “царцаа” гэж нэрлэдэг. Сонгууль бүрийн дараа Ардчилсан нам, Монгол ардын нам бусад намууд "ялсан" нэр дэвшигчид, намынхан царцаа нүүлгэж, тойрогтоо санал өгсөн талаар мэдээлэл хийж, гомдол гаргадаг энэ асуудал хэрхсэн нь тодорхойгүй тэгсгээд намждаг уламжлал тогтоод удаж байна. Сонгууль болохоор айл, өрхөд танихгүй танилууд нь нэмэгдэж,  санал өгдөг ажиллагааг гардаж хийдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар гэдэг. Хуулиараа сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, царцаа ажиллагаа бий болгохгүй гэдэг ч санал авах өдөр олноор нь нэг тойрогт, нэг хүний төлөө санал өгдөг гэх шүүмжлэлийг ч намууд өөрсдөө мэдэгдэж, мэдээлэл хийж байсан баримтууд олон бий.

Тэгвэл эрх баригчид энэ удаад царцаа ажиллагааг албан ёсоор хуульчилж байна уу гэх хардлага төрүүлэхээр заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулжээ. Ардчилсан нам, МАН хоёулаа зэрэг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхсэн бөгөөд энэ хуулиудыг хамтатган хэлэлцэх ёстой гэдэг зарчмыг эрх баригчид баримталж буй.

АН, МАН-ын өргөн барьсан Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй ЭНД дарж танилцана уу.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга хойшлуулж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хойшлууллаа. УИХ-ын дарга асуудлыг нухацтай авч үзэх ёстойг анхааруулаад “Хуулийг өглөө нь өргөн бариад, өдөр нь Байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. Мөн гишүүд төсөлтэй танилцах боломж олгох үүднээс хойшлуулж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт хэлэлцүүлж эхэлнэ” гэв. Тиймээс энэ долоо хоногт УИХ-аар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх юм. Ирэх 2024 онд сонгуулиа хэрхэн зохион байгуулах, хэн нь илүү олон суудал авч, эрх барих вэ гээд олон асуултын хариу сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бий. Түүний нэг нь эрх баригчдын өргөн барьсан хуульд “царцаа”-аа албан ёсоор хуульчлах боломжтой гэж ойлгогдох заалт орсон байна. Тодруулбал, оюутнууд, ээлжийн ажилтнуудыг өөрийн хаягийн дагуу байнгын оршин суугаа хаягийн хороондоо очиж санал өгөх бус байгаа газраа санал өгөх боломжоор хангах, Ардчилсан намаас өргөн барьсан хуульд сонгуулийн өмнөх жил эрх барьж байгаа нам оюутан сурагчдад тэтгэлэг өгөх, тэтгэвэр, тэтгэмж, төсвийн байгууллагын цалин нэмэхгүй байх, тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр эхлүүлэх, хэрэгжүүлэхийг хориглосон сонирхолтой заалтыг төсөлд тусгажээ.

Тайлбар: МАН-аас өргөн барьсан төсөлд тусгасан хувилбар

МАН-аас өргөн барьсан сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд санал өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн санал авах ажиллагааг зохион байгуулна” гэжээ. Өөрөөр хэлбэл, санал авах өдөр өөрийн санал өгөх хороондоо байхгүй санал өгөх боломжоор хангагдаж чаддаггүй оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн санал авах ажиллагааг зохион байгуулахаар хуульчилжээ. Өнгөрсөн хугацаанд оюутан, ээлжийн ажлаар, эсвэл тодорхой шалтгааны улмаар санал өгөх хороондоо санал өгөх боломжгүй иргэд өөрийн байгаа газраа санал өгөх эрхийг нээж байна гэсэн үг. Мэдээж нийт сонгогчдын эрхийг хангахын тулд ийм заалт оруулж байгаа боловч үүнийг ашиглаад албан бус “царцаа” ажиллагаагаа явуулах боломж нээгдэж байна гэсэн үг. Ингэхдээ бүр хуулийн дагуу болно гэж ойлгож болохоор байгаа тул сонгогчид сонгуулийн  тухай хуульд ямар өөрчлөлт ороход хяналтаа тавихад илүүдэхгүй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж